Thursday, May 16, 2013

"Баян-Уул бидний нутаг" баримтат кино

С.Баасанжаргалын бүтээсэн "Баян-Уул бидний нутаг" баримтат киног оруулав.

1-р хэсэг
2-р хэсэг
3-р хэсэг
4-р хэсэг
5-р хэсэг
6-р хэсэг
7-р хэсэг



Friday, May 10, 2013

Манай нутгийн мэргэн харваач

Улсын мэргэн П.Гарамдорж: Сур харваанд орсон хүн хэзээ ч гарч чаддаггүй
-Таны аавыг буриад сурын харвааны хөгжилд их хувь нэмэр оруулсан хүн гэдэг байх аа?
-Намайг сурын харваанд сургасан хүн яалт ч үгүй бол миний аав л даа. Намайг 10-аад настайгаас буриад сурын харвааг зааж сургасан. Ер нь манай Дорнод аймгийн Баян-Уул суманд буриад сур маш өргөн тархсан, овог айл хотлоороо баг болж цэц булаацалдан харвадаг байлаа. Сүүлдээ явсаар байгаад сум хоорондоо харвадаг болсон. Буриад сурыг анх харваж сурч байгаа хүүхдүүдэд сум буцаалгаж харвуулдаг.
-Буриад сурыг жилийн аль үед харвадаг вэ? Овог нутгаараа харвахдаа хугацаагаа урьдчилан товлоно биз?-5-9 сарын хооронд харвадаг ч хамгийн оргил үе нь долоодугаар сар байдаг. Мэдээж овгийн харвааны өмнө урьдчилан ярьж тохиролгүй яахав. Дээр үед Дорнод аймгийн Баян-Уул,Эрээн, Баян-Дун зэрэг дөрвөн сум хоорондоо харвадаг байсан. Харваачид нь голдуу Эрээний тэрэгний үйлдвэрийн  ажилчид байдаг тэр захиргаадалтын үед улсын ажил цалгардуулж төлөвлөгөө тасалж болохгүй гээд өглөө таван цагт ирээд өдөр цайны цагаар, орой 5 цагт тарж харанхуй болтол харвадаг байлаа. Тэгж их бэлтгэл хийдэг байсан. Тэгэхдээ дан буриад сур харвана 1959 онд “Оюутан залуусын анхдугаар наадам”-д халх харваанд манай сумаас анхны харваачид орж байсны тоонд Өлзийдэлгэр бид хоёр 16 настай есдүгээр ангийн сурагчид байснаараа олны анхаарлыг татаж байсан.
-Анх удаа халх харваагаар харваж байгаа нь тэр үү?
-Тийм. Түүний дараагаар 1960 онд манай аавын дүү спотын мастер Гүржав аймгийн наадамд халх сурын харваагаар түрүүлсэн. Дараа нь аав 1961 онд бүх ард түмний анхдугаар наадам түрүүлж, буриадууд халх сурд идэвхтэй орсон үе болж өгсөн дөө.
-Буриад сурын харваагаар харваж байгаад халх сурын харваа уруу ороход хүндрэлтэй юу?
-Буриад, халх сур хоёр арга техник, нум сум нь ойролцоо боловч харвах зай нь өөр байдаг. Халх сур 70-75 метрт харвадаг бол Буриадууд 20-30 сум буюу 60-45 метрт харвадаг. Зай нь ойр учир харваж байгаа сур нь өөр. Халх сур 96 см өндөр хасаа харвадаг бол буриадууд ганц нударга шиг сур харвадаг. Халх суранд нэг хүн дөрвөн сумтай байна. Буриад харваанд нэг хүн хоёр сумтай, найман сум тавина. Миний бодлоор буриад сур халх сурыг бодвол техник шаардана. Хэдийгээр зай нь ойр ч гэсэн их мэрийж харвадаг учраас буриад сураар хичээллэсэн хүний гар хөдөлгөөнгүй болдог. Буриад сурын зураахай хоёр метр, халх сурынх гурван метр. Урианхайн хувьд бас өөр. Халх сур бол уухайлна, буриад суранд уухайлах ч гэсэн үүнийг нь барлах гэж ярьдаг. Буриад уухай нь их гоё уянгалаг. Барлах гэдэг харваачийг сум ононгуут мэргэн харвасныг нь урамшуулан магтаж, зурхайн дэргэд байгаа бүх харваачид уянгалуулан дуулдаг болохыг хэлж байгаа хэрэг. /тэрээр дуулж үзүүлэв сурв/. “Гоё доо бар өө, бар өө даа зээ их сайн мэргэн Хүйхэрэй мэргэн” гэж барладаг. Буриад харвааны нум нь зөөлөн, сум нь хөнгөн, халх харвааны нум нь том хатуу, сум нь арай хүнд. Гэхдээ одоо бүх буриадууд халх нумаар харвадаг болжээ. Зураахайн хувьд бас ялгаатай. Сурыг өрж харвадаг талбайг зураахай гэнэ. Зураахай нь 4м*4м хэмжээтэй байдаг. Сур өрөх шугамаас хоёр тийш 2м-ийн зайтай, зураахай талдаа эгц ирмэгтэй, зураахайн гадна талаас налуугаар дөрвөн метрт, 15см орчим гүн нүх ухах бөгөөд энэ ухсан газрын харвах талынхыг “Урл ганга” нөгөө талынхыг “Ардын ганга” гэдэг. Буриад сурын тэмцээнийг ганцаарчилсан /Цуваа харваа/ ба муж /бас харваа/ гэж хоёр хуваадаг. Буриад сурын багийн харваанд /муж харваа/ зураахайн хоёр талаас “Урд эхин” “Хойд эхин” гарч харвадаг учраас нэг зураахайд 80м*4м-ээс багагүй тэгш гадаргуутай, хайрга чулуугүй талбай шаардлагатай байдаг. Гангын хоёр талаас харвах бөгөөд сум нь сураа оноод, сур нь гангын нөгөө талд гарснаар оноонд тооцдог онцлогтой. Одоо үед жаахан товлоод нэг талаасаа харвадаг болчихоод алдагдаад байна гэж бодогддог.
-Буриад харвааны нумыг юугаар хийдэг вэ?-Миний мэдэхийн буриад суманд хээ гэж огт байгаагүй. Аав ммань нум хийдэг байсан. Голдуу шөрмөсөөр ороогоод гадуур нь үйсээр бүрж хийдэг.
-Таныг залуучуудыг харваанд сургахын зэрэгцээ ном бичдэг гэж сонссон үнэн байх нь ээ?-Би Багануурт 1990 онд ирсэн. Намайг ирэхэд улсын мэргэн Нямсүрэн нарын дөрөв, тавхан харваачтай байсан бол одоо 15-16 хүнтэй болжээ. Урьд нь манай дүүгийн хэдэн харваачид Сүхбаатар дүүргийн багт орж харвадаг байсан бол одоо Багануур гэсэн тусдаа баг бий болсон. Өнгөрсөн онд манайхан их амжилттай харваж хоёр хүн мастер, хоёр хүн дэд мастер боллоо. Улсын мэргэн Нямсүрэн маань ажилтай, би тэтгэвэрт гарсан болохоор би л дүүргийнхээ сурчдыг зохион байгуулж сургана шүү дээ. Дөрөвдүгээр сарын 20-ноос есдүгээр сарын 20-нд хүртэл залуучууддаа зааж сургаад өдөржин гадаа л өнждөг амжилтай гэх үү дээ. Би “Дорнод амйгийн Баян-Уул сумын, мөн Мухардааны удмын мэргэн харваачид” гэсэн хоёр ном бичсэн. Одоо “Багануурын харваачид” гэсэн гурав дахь номоо бичиж байна. 2005 онд Багануурын сур харвааны 20 жилийн ой болно. Тиймээс  манай залуучууд надад энэ саналыг тавьж би ч дуртай хүлээж аваад байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Энхтуяа 

Friday, April 26, 2013

Нутгийн бахархал

"Дэлхийн шинжлэх ухааны ертөнцөд шуугиан тарьсан энэ эрдэмтэн залуу 
миний хүү юм шүү. Нутгийнхандаа энэ тухай заавал хэлж дуулгаарай" гэж 
манай сумын уугуул Ж.Хоролханд буурал "Улзамнай" хөөрөлдөөн-2 дээр 
аминчлан хэлж захисны дагуу энэ мэдээг орууллаа. Монголын ард түмэн, 
тэрэн дундаа нутгийн зон олон бүгд түүнээр бахархаж буй бөгөөд эрдэм 
судлалын ажилд нь улам их амжилтыг хүсэн ерөөе!

МУИС-ийн ФЭС-ийн төгсөгч Л.Баяржаргал 
очир эрдэнийн чулуу үйлдвэрлэх нээлт хийлээ.
2013 оны 4-р сарын 15, Даваа гариг, 15:42













Франкфуртын их сургуулийн эрдэмтэд очир эрдэнэ болон маргад эрдэнийн чулуу үйлдвэрлэх
аргыг нээжээ. Байгалийн энэ үнэт чулууг шохойн чулуунаас хиймлээр гарган авч болно
гэж хэн санах билээ. Тэгвэл энэхүү нээлтийг хийсэн эрдэмтдийн багийг МУИС-ийн ФЭС-ийн
төгсөгч доктор Лхамсүрэнгийн Баяржаргал ахалж ажиллажээ. 38 настай Л.Баяржаргал Германыг
бүхэлд нь шуугиулж байгаа энэ нээлтээ олон жилийн хөдөлмөрийн үр шим хэмээн даруухан
тайлбарлаж байгаа аж.
Очир эрдэнэ бол хамгийн хатуу шинж чанартай чулуу бөгөөд түүнийг зохиомлоор гаргаж
авах аргыг орон орны эрдэмтэд 60 жилийн турш хайж, идэвхтэй ажиллаж байсан гэнэ.
Харин одоо хосгүй ховор энэ чулууг хүссэн хэмжээгээрээ үйлдвэрлэж болохоор боллоо.
Энэ суут санаа ирэх жилийн Нобелийн шагналыг авах нь тодорхой гэсэн агуулгатай мэдээ
Германы сонин хэвлэлүүдийг байлдан дагуулж байна. Мэдээж бусад орны эрдэмтэд ч бас
тэдний шинэхэн нээлтийг сонирхож, олон асуултаар булж байгаа аж.

VergrößernDr. Lkhamsuren Byarjargal
In der Diamantstempelzelle wird enormer Druck erzeugt, ähnlich wie im Erdinnern

Foto: Helmut Moeller
Эх сурвалж: http://spe.num.edu.mn/

Wednesday, April 24, 2013

"Улзамнай” хөөрөлдөөн хоёр дахь удаагаа болов.


Хавтгай цагаан Улзынхаа тухай халуун хууч дэлгэлээ
Г.Сонинбаяр

Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн Баян-Уул сумын нутгийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулж буй “Улзамнай” хөөрөлдөөн, цуврал уулзалт ярилцлагын хоёр дахь дугаар өнгөрсөн бямба гаригт боллоо. Энэ удаагийн хөөрөлдөөний зочноор Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны орлогч сайд асан Д.Ренчинханд, “Цэ энд Пү” эмнэлгийн захирал, олонд “бөөрний” хэмээн алдаршсан нэрт эмч Ч.Цэдэн-Иш, хөнгөн, хүнсний үйлдвэрийн салбарын удирдах ажилтнуудын нэг асан, “Монгол Мироку Айко” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Өлзийдэлгэр нар уригдан оролцов. 
1940-өөд оны эхээр Улз нутагт төрж, өсөн, 1960-аад онд Баян-Уул сумын 10 жилийн дунд сургуулийг дүүргэцгээн эрдмийн моринд дөрөөлсөн хөвгүүд эдүгээ 70 насны даваа давсан буурлууд болж, нутгийнхаа зон олон, залуучуудын хүндэтгэлийг хүлээн ярилцлагын хойморт уригдсан нь энэ. Тэд дунд сургуулийн хөгжөөнтэй он жилүүд, эрдэмт багш нарынхаа тухай дурсамж хууч дэлгэн хөөрөлдсөн юм.  Тэднийг сурагч байхад тухайн цаг үедээ боксын спортоор хичээллэн, аймаг, улстаа шилдэг тамирчдын тоонд багтаж явсан Мөнхөө гуай анх боксын бээлий гээч юмыг Баян-Уулдаа авчирч, түүгээр нь үе тэнгийн хөвүүд дал дотор нүдэлдэж явжээ. Хожим оюутан болоод хотод ирж боксын дугуйланд ороход хөдөөнөөс ирсэн залуучуудыг бодвол боксын бээлий углаад үзчихсэн догь амьтан байсан тухайгаа Ч.Цэдэн-Иш баавай хуучилсан юм. Тэрээр залуудаа боксын спортоор хичээллэн улсын 3 удаагийн аварга, бүх ард түмний спартакиадын аварга, нийгэмлэг, дээд сургуулиудын 5 удаагийн аварга болж байсан тамирчин хүн билээ. Мөн Ч.Цэдэн-Иш баавай 1988 оны Сөүлийн олимпод Монголын боксчдын эмчээр ажиллаж байсан тухай сонирхолтой хууч дэлгэсэн юм.

1950-1960-аад оны үед Баян-Уулын дунд сургуулийн төгсөгчид бараг бүгдээрээ гадаад, дотоодын их, дээд сургуулийн хуваарь авдаг байжээ. Энэ нь олноо Оев багш хэмээн алдаршсан О.Дамдинсүрэн багшийн маань ач хэмээн 70 гарсан буурлууд эдүгээ дурсаж байна. Тэр үед Баян-Уулын 10 жилийн төгсөгчдийг хаана  ч очсон “Өө, О.Дамдинсүрэн багшийн шавь нар юм бол ярих юмгүй” гэдэг байжээ. Багшийн эрдэм шавьд гэдэг үг ийнхүү Баян-Уулын сургуулийн төгсөгчдөөс жинхэнэ утгаараа мэдрэгддэг байжээ. Дашрамд өгүүлэхэд Оев багш буюу О.Дамдинсүрэн багш бол УИХ-ын гишүүн асан, эдүгээгийн генерал Д.Энхбаатарын аав билээ.

Д.Ренчинханд баавай XX зууны их бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийг байгуулагдах тухай ярьж эхлэхээс нь эхлээд эхний таван ээлжийг ашиглалтад хүлээж авах хүртэл Монголын талын асуудлыг хариуцаж, бүх гэрээнд гарын үсгээ зурж явсан, мөн Бор-Өндөрын жоншны үйлдвэрийг ашиглалтад оруулахад гол үүрэг гүйцэтгэсэн уул уурхайн салбарын удирдах ажилтны нэг. Тэрээр энэ тухайгаа хуучилсан нь залуучуудад сонирхолтой, бас бахархалтай байсан билээ.

Б.Өлзийдэлгэр баавай Баян-Уулын артелийн тухай, тэр үеийн баавай нар ажлынхаа дараа Улзынхаа ширэг зүлгэн дээр сур харван хэрхэн бар татан  уухайлдаг байсан тухай, тэр уянгат дуун өнөө болтол чихэнд сонсогдох шиг болдог талаар хууч дэлгэв. Тэрээр хоёр жилийн өмнө Баян-Уулдаа буриад сур харваачийн сүрлэг сайхан хөшөөг босгон, буриад сурын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан төдийгүй төрөлх нутгаа хөгжүүлэх талаар чамгүй ажил сэдэж хийж яваа нэгэн билээ.     

Ийм л намтар баян үүх түүхтэй, хийж бүтээсэн зүйл арвинтай ахмад буурлууд “Улзамнай” хөөрөлдөөний хойморт тухлан нутгийн зон олонтойгоо хууч дэлгэлээ. Хөөрөлдөөнд хүндэт зочдын маань “нэг ангийн хүүхдүүд” болох буурлууд цөөнгүй хүрэлцэн ирсэн байв. Залуу халуун насандаа улс орондоо хөдөлмөрлөж, эргэн дурсах, бахархан ярих олон зүйл бүтээсэн гурван баавай нутгийн залуучууд, ахмад үеийнхний холбоо харилцааг үүсгэх, настан буурлуудынхаа үг сургаалыг сонсч байхын чухлыг онцолж, мөн хүн бүр ажил, хөдөлмөрийн дээдэлж, уйгагүй хичээн зүтгэж байж сум, орон нутгаа хөгжүүлнэ гэдгийг залуучууддаа захиж байв. 




Saturday, April 20, 2013

Нутгийн багш нар нийслэл хотноо

Энэ сарын буюу 04 сарын 08-12-ны өдрүүдэд бидний төрөлх сургуулийн маань арван багш мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдахаар нийслэл Улаанбаатар хотноо иржээ. Дээрх багш нарыг 11-ны өдөр нутгийн зөвлөлийн дарга С.Баттөр тэргүүтэй гишүүд хүлээн авч "Гурван гал" худалдааны төвийн 7 давхарт байрлах "Steppe Learning" гадаад хэлний төвийн гүйцэтгэх захирал Майкл Морроутай уулзуулан тус төвийн үйл ажиллагаатай танилцуулахын хамт манай сумын сургуулийн англи хэлний багш нарыг мэргэжил дээшлүүлэх чиглэлээр цаашид хэрхэн хамтран ажиллаж болох талаар санал солилцов.





Үүнийхээ дараа "Brau Haus" ресторанд бүгдээрээ хамтдаа очиж шар айраг уух зуураа тус рестораны эзэн, "Дорнод нутаг" клубын тэргүүн С.Отгонбаатартай танилцлаа.  Тэрээр бидэнд үйлдвэрээ танилцуулж хүн тус бүрийн авсан эхний шар айрагны үнийг хувиасаа дааж дайлж буйгаа дуулгав. 


Маргааш өдөр нь буюу 12-ны өдөр Төрийн ордонд парламентийн үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөсөн байсан боловч Туркийн ерөнхий сайд Ердоганы айлчлал давхцсан тул боломжгүй болсон байв. 
Гэлээ ч гэсэн Багшийн дээд сургуулийн урд орших "Шинэ Монгол" ФМ 104.5 радиогийн үйл ажиллагааг үзэж сонирхов. Тус радиогийн дэд захирлаар манай сумын яруу найрагч, сэтгүүлч Г.Сонинбаяр ажилладаг билээ.
Мөн орой багш нарын зарим төлөөлөл "Оросын Соёл Шинжлэх Ухааны Төв" дээр Улаан-Үд хотын Буриадын Их Сургуулийн оюутнуудын тоглосон урлагийн тоглолтыг тухлан сууж таалан үзлээ.


Friday, March 22, 2013

Дугуй ширээний ярилцлага

24 МЯНГАН ЖИЛИЙН ТЭРТЭЭХ БУРИАДЫН ТҮҮХИЙН АЖИГ СУРАГ

Баян-Уул сумын уугуул, ахмад дипломатч Д.Мархаажий баавай "Буриадын түүхийн ажиг сураг" ярилцлагадаа эрдэмтэн мэргэд, буриадын түүх сонирхогч зонуудыг урьж байна. Энэхүү дугуй ширээний ярилцлага ирэх бямба гариг буюу 2013 оны 3 дугаар сарын 23-ны 10 цагаас зүүн дөрвөн зам, МҮЭСТО-ы урд талын "Рокмон" төвд эхэлнэ. Д.Мархаажий баавай дипломат алба хашиж гадаадын улс орнуудад эх орноо төлөөлөн олон жил суусан нэгэн билээ. Тэрээр төрийн ажлын зав чөлөөгөөр буриадын түүхийг судалсаар ирсэн бөгөөд гавьяаны амралтад гарснаасаа хойш энэ судалгаагаа улам гүнзгийрүүлэн, буриадуудын уг гарвалыг 24 мянган жилийн тэртээг хүртэл цаашлуулан тодотгосон юм байна. Зарим эрдэмтэн буриадуудыг 28 мянган жилийн тэртээгээс төв Азийн өндөрлөгт нэрээ дуурсгаж, түүхэнд ул мөрөө үлдээж эхэлсэн гэдэг бол зарим эрдэмтэн 20 мянган жилийн өмнөөс буриад гэх угсаатан,ястан бүрэлдсэн гэж нотолдог байна. Харин Д.Мархаажий баавай яагаад 24 мянган жил гэж үзэв. Энэ тухай өөрөөс нь лавлаж тодруулъя гэвэл, буриад зоны угсаа гарваль, үүх түүхийн сонин сайхны сонсъё гэвэл 23-ны өглөө "Рокмон" төвийг зориорой.


Д.Мархаажий баавай






Tuesday, February 26, 2013

Буурлуудаа алдаршуулах "Улзамнай" хөөрөлдөөн амжилттай боллоо

Баян-Уул сумын нутгийн зөвлөлөөс санаачлан Улаанбаатар хотод аж суугаа нутгийн ахмад буурлуудтай хийх уулзалт ярилцлага "Улзамнай" хөөрөлдөөнийг цувралаар зохион байгуулахаар болсон билээ. Анхны хөөрөлдөөн энэ сарын 23-ны бямба гаригт Монгол Мироку Айко өргөөнд боллоо. "Улзамнай" хөөрөлдөөний анхны дугаарт Улаанбаатар хотноо суугаа Баян-Уулчуудын хамгийн ахмад болох 89 настай буурал, ХААЯ-ны орлогч сайд асан Д.Бадамжав, ахмад дипломатч Д.Мархаажий, уулийн спортыг үндэслэгчдийн нэг, уулын спортын ууган мастер Л.Раднаа нар оролцсон юм. Эдгээр баавай нар эдүгээгээс 70 жилийн тэртээ буюу 1943 онд 13-19 насны хөвүүд байхдаа Баян-Уул нутгаасаа гарч эрдэм номын мөр хөөсөн ажээ. 1930-аад оны үед тэд Улзынгаа хөвөөгөөр жаахан хөвүүд гүйж явжээ. Баян-Уул сумын төв Сандаахын нарсны архантай байсан үе, сумын бага сургуулийн гурван дүнзэн байшинд үймэлдэж явсан тухайгаа баавай нар хуучилллаа. 


Мархаажий баавайд тахианы өндөг гээшийг анх Раднаа найз нь амсуулж байсныг, Раднаа баавайн аав нь хэрхэн баривчлагдсан, хэрхэн эргэж ирээд хоёр хөвүүгээ сураглан сумын сургуульд давхиж очин уулзалдаж баяр хөөр болж байсан тухай, Мархаажий баавай Улаанбаатарт хөл тавиад хотын томыг гайхан биширч байсан тухайгаа, тэр үеийн Улаанбаатарын хамгийн өндөр барилга нь нэгдүгээр сургуулийн 4 давхар байсан тухай, Дандар баатрыг анх харсан сэтгэгдэл, алаг морьт баатар маань төв талбайн урдхантай нанчилдаан хийж бужигнуулж явсан тухай гээд сонирхолтой, хөгжилтэй түүхийг баавай нар хөөрөлдсөн билээ. 
Д.Бадамжав баавай Баян-Уул сумын маань нутаг баруун талаасаа 10-20 км дотогшилж тэр хэрээр нэлээд өргөн зурвас нутаг Хэнтий аймгийн Норовлин, Дадал сумдын нутаг болсныг хэлж байв. Д.Бадамжав баавайн өвөг дээдэс Энх өндөр, Эмгэнт, Мэхээршээр нутаглаж байсан тул тэрээр тэр хавийн газар нутгийн маш сайн мэддэг ажээ. 1974 оны үед сумдын нутгийн хилийг дахин шинэчлэхдээ Баян-Уулын хэсэг газрыг ийнхүү Норовлин, Дадалд шилжүүлж орхисон бололтой. Д.Бадамжав баавай төр засгийн өндөр алба хашиж явсны хувьд энэ талаар нэлээд сурвалжлан, Баян-Уулынхаа газар нутгийг өөр смынх болсныг залруулах сан гэж санаж явдагаа ярьсан юм. 


Уулын Раднаа хэмээн алдаршсан Раднаа баавай бага сургуулийн 3-р анги хүртлээ муу сурч байсан гэнэ. Гэтэл 4-5 дугаар ангиасаа сурлага сайжирч улмаар сургуулиа онц төгсөн МУИС-ийн физик математикийн факультетэд элсэн оржээ. Тэгсэн ангид нь Увсаас ирсэн баяд, дөрвөд ч юм уу нэгэн хөвүүн байна гэнэ. Раднаа хөвүүн болохоор буриад. Ингээд буриад баяр хоёр хөвүүн тохой нийлүүлэн сууж, хааяа бас нанчилдана. Раднаа нь арай илүүрхэн нөгөөхөө цохиж орхидог байсан гэнэ. Ингээд Раднаа их сургуулиа онц, өнөө Увсын хөвүүн Батмөнх сайн дүнтэй төгсөцгөөжээ. Хэдэн жилийн дараа уулзалдсан чинь сургуулиа сайн төгссөн Батмөнх төр засгийн өндөр албан тушаалтан болж, онц сурлагатан Раднаа дунд сургуулийн багш хийгээд тууж явах юм гэнэ. Дахиад хэдэн жилийн дараа уулзахад Ж.Батмөнх төрийн тэргүүн болчихсон их сургуулийн оюутан цагийн анд Раднаагаа элэгсэгээр хүлээн авч, энэ намайг сургуульд байхад зоддог байсан юм гээд зөөлнөөр нурууг нь алгадаж байсан гэдэг. Төр нйигмийн нэр зүтгэлтэн Ж.Батмөнхтэй уулын Раднаа баавай ийнхүү нэг ангид сурч байсан түүхтэй бөгөөд Ж.Батмөнх дарга манай Баян-Уулын басган А.Дариймаатай ханилан суусан нь бас л нэгэн хувь тохиол байсан болов уу хэмээн Раднаа баавай хуучилав. 


Энэ мэт өргөн дэлгэр сайхан хуучийг бууралхан баавай нар "Улзамнай" хөөрөлдөөний үеэр ярьсан юм. "Улзамнай" хөөрөлдөөний бүрэн бичлэг нутгийн зөвлөлд хадгалагдах бөгөөд цаашид баримтат кино, нэвтрүүлэг зэргийг бэлтгэхэд ашиглана.