Showing posts with label түүх соёл. Show all posts
Showing posts with label түүх соёл. Show all posts

Thursday, October 27, 2011

Баян-Уул сумын харваачид сумандаа 1950 он


Арын эгнээ зүүн гар талаас 1. Дондогийн Цэвээн 2. Пактийн Балдан 3. Базарын Чимэдцэрэн 4. Дугаржавын /Мухардааны/ Дондог 5. Дашийн Сэрээтэр 6. Мухардааны Гүржав /Гүрэндэй/ 7. Мухардааны Пүрэв 8. Намсрайн Итгэл 9. Юндэний Даш 10. Аюурын Мажиг 11. Цэдэвийн Ожинсүрэн /Ожиндой/12. Чимэдийн Жамсран/шляптай/ 13. Жигмэдийн Мөнхочир 14. Ренчины Бадам 15. Дамдины Мэдэгмаа 16.. 17..

Өвөр эгнээ зүүн гар талаас 18. Цэрэний Дугаржав 19.. 20. Жигмэд 21. Мухын Радна 22. Гончигийн Дугар 23.. 24. Мятав 25. Холцын Лхасүрэн


Мухардаан Пүрэвийн Гарамдоржийн хувийн архиваас.

Monday, August 1, 2011

Домгийн өлгий Дорнын хоймор-Миний Баян-Уул

Г.Сонинбаяр

Энэхүү буландаа Баян-Уул нутгийнхаа үүх түүх, газар усны домог сэлтийг нийтэлж байхаар боллоо. Их эрдэмтэн зохиолч Б.Ринчен гуай “Баян-Уул бол Монголын хамгийн үзэсгэлэнтэй байгальтай сум” хэмээн хэлсэнчлэн Баян-Уул нутаг маань байгалийн үзэсгэлэнгээрээ төдийгүй эрт эдүгээгийн домог түүх, авьяас билэгтнүүдээрээ алдартай билээ.

Олхунуудын нутаг Ульхан майхан уул
Есүхэй баатар Тэмүжинийг есөн настай байхад Өэлүн эхийн төрхөм Олхунууд иргэд, нагац нараас охин гуйхаар явах замдаа Хонгирадын Дэй сэцэнтэй уулзсан тухай “Монголын нууц товчоо”-нд өгүүлдэг. Олхунууд овгийн уугуул суугуул нутаг нь эдүгээгийн Баян-Уул сумын умард хэсэгт орших Ульхан майхан уул орчмын үзэсгэлэнт сайхан хангай мөн гэж зарим эрдэмтэд үздэг. Олхунууд гэдэг нэр сунжирсаар Ульхан болсон гэсэн таамаг ч бий. Нутгийн зон олон Ульхан майхан уулаа ихэд сүслэн дээдэлдэг нь ийм учиртай. Олхунууд бол V-VII зууны үед манай улсын дорнод хэсэгт нутаглаж байсан монголчуудтай гарал нэг Шивэй нарын хойчис. XII зууны үеийн жуулчдын тэмдэглэлд Олхунууд аймгийнхныг Буйр нуур хавиар нутаглаж тариалан эрхэлж байсан гэж дурдсан нь ч бий.
Есүхэй баатар Тэмүжин хүүдээ охин гуйхаар явсан дээрх түүхэн үйл явдалтай холбоотой өөр нэгэн газар бол Дорнод аймгийн Сэргэлэн, Гурванзагал, Чойбалсан сумдын заагт орших Ураг цөл хэмээх газар. “Монголын нууц товчоо”-нд гүүлснээр Есүхэй баатар эцгээ амьд ахуйд Бөртэтэй сүй тавьснаас хойш олон жилийн дараа Тэмүжин Хонгирадад очиж Бөртэ үжинг авч буцахад Дай сэцэн үдэж өгөөд Ураг цөл хэмээх газар хүрч Хэрлэн рүү гэдрэг буцав гэдэг. Тэрхүү Ураг цөл нь өнөөгийн Яахь нуурын өмнөд этгээдэд орших тал аж.
Энэ мэтээр эзэн Чингис хааны түүхтэй холбоотой газар нутаг Дорнод аймагт олон. Баян-Уул сумын нутагт орших Нарстын давааг Татаарын Мэгүжин сүүлтийг даран сөнөөсөн Улзын Нарату шүтээн, Хусуту шүтээн мөн гэж үздэг. Чингис хаан, Ван хан Тоорил нар Алтан улсын Вангин чинсантай хүч хавсран эцэг өвгөдийг хорлосон эртний өст Татаарыг дарах үед Нарату шүтээн буюу эдүгээгийн Нарстын даваа орчмоос гээгдэж орхигдсон хүүг цэргүүд олж Өэлүн эхэд бэлэг гэж өгсөн тухай “Монголын нууц товчоо”-нд бий. Тэр хөвгүүн бол хожмоо Их Монгол Улсын хууль цаазын их түшмэл болсон улсын заргач Шихихутуг байжээ.
Онон мөрөн
Онон их мөрөн урссаар
Он он жилүүд болсон байнам
Он он жилүүд улирсаар
Онон их мөрөн болсон байнам
Данзангийн Нямсүрэн

Монголын түүхийн гурван их мөрний хоёр нь Дорнод аймгийн нутгаар урсана. Эзэн Чингисийн угааж ундаалсан ус Онон мөрөн Баян-Уул сумын нутгаар урсан ОХУ-ын хил давж Амар мөрөнд цутгана. Онон мөрөн Хан Хэнтийн нурууны зүүн хойд хажуугаас эх авч ой мод ихтэй, сүрлэг сайхан уул хад, хясаа цохион дундуур 808 километр урсдаг. Онон мөрний тухай “Монголын нууц товчоо” болон бусад түүхэн эх сурвалжид олонтаа дурддаг. Онон мөрөнд дэлхийд ховордсон зэвэг, булуу цагаан, гутаар, Амарын сугас, хилэм зэрэг загас бий. Онон мөрний сав дагуу ан амьтан, араатан жигүүртэн, ургамал, жимс жимсгэнэ баялаг. Үүний дотор нэн ховордсон цэн тогоруу Ононгийн хөндийд нутагладаг.
Онон голын тухай олон дуу, шүлэг бий. Баян-Уул сумын унаган хүү, яруу найрагч Ц.Бадамдоржийн шүлэг
“Аралтай тохойдоо умбаhан
Алтан Ононмнай hанаам соо
Ариун hургаалаа хайралhан
Аав эжиймнэй hанаам соо…”
гэсэн үгтэй “Нютаг уhанай дуун” хэмээх дуу Онон мөрний дагуух зон олны дунд ардын дуу мэт дуулагдсаар байна.
Социализмын үед Баян-Уул суманд энэ их мөрнөөрөө овоглосон Ононгийн сангийн аж ахуй 1950 онд байгуулагдан улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байсан юм.
Сансрын нисгэгчийн нутаг

Сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн төрсөн нутаг нь Булган аймгийн Гурванбулаг сум гэдгийг мэдэхгүй Монгол хүн үгүй. Гэхдээ Дорнод аймгийн Баян-Уул сум мөн сансрын нисгэгчийн нутаг гэдэгтэй хэн ч маргахгүй. Үүнийг гэрчлэх бяцхан хөшөө Баян-Уул сумын дунд сургуулийн хашаанд бий. Цементэн суурин дээр төмрөөр гагнаж хийсэн цойлж яваа сансрын хөлгийг дүрсэлсэн тэр хөшөөг харж Баян-Уулын багачууд огторгуйн уудамд Ж.Гүррагчаа шиг дүүлэх сэн хэмээн мөрөөдөж өссөн. Мөрөөдөлд дуудсан тэр хөшөөний эзэн нь Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан С.Сайнцог. Тэрээр Баян-Уул сумын уугуул. 1977-1978 онд ЗХУ-д Монголын сансрын нисгэгчийг бэлтгэх сонгон шалгаруулалтад оролцон бэлтгэл хийж сансрын сүүлчийн багийн бүрэлдэхүүнд багтаж байсан юм. Олон сорил, шалгуурыг даван гарч тэнцсэн Ж.Гүррагчаа, М.Ганзориг болон С.Сайнцог, Д.Сүрэнхорлоо нарын дөрвөн залуугийн хэн азтай нь Монгол хүний мөрийг сансрын уудамд анх гарган “Союз-39” хөлгөөр дүүлэх байлаа. Тэднээс сүүлчийн шалгаруулалтад Ж.Гүррагчаа, М.Ганзориг нар үлдсэн юм.
Хэдийгээр сансарт нисээгүй ч сансрын сүүлчийн багийнхан сансарт ниссэнээс ялгаагүй олон сорилтыг давж, биеийн болон сэтгэлийн хат суусан гэдэг. Баян-Уул нутгийнхан сансрын анхны нислэгийн багийн гишүүн болж эх орныхоо өмнө хүндтэй үүрэг хүлээж, нутаг ус, элгэн саднаа баярлуулж явсан С.Сайнцог хурандаагаа сансрын нисгэгч хэмээн хүндэлдэг.
Хавтгай цагаан Улзын хавтай мэргэн харваачид
Эрхий мэргэн харваачдаараа Дорнодчууд улсдаа цуутай. Харин Дорнод аймагтаа Баян-Уулынхан хавтай мэргэн харваачдаараа тэргүүлнэ. Монгол Улсын гавьяат тамирчин, гарамгай мэргэн А.Цэвээн, түүний хүү улсын хошой мэргэн харваач Ц.Хүдэрчулуун, улсын даяар мэргэн Х.Даваажаргал нар Баян-Уулынх. Улсын наадмын сур харваанд Дорнодынхон, тэр тусмаа Баян-Уулын харваачид өнгөлж байгаа.
Дорнодын хавтай мэргэн харваачдын жагсаалт даян мэргэн Д.Бор-Охин, улсын мэргэн Д.Цэцэг, Т.Балдан, А.Санжмятав гэх мэтээр цааш хөвөрнө.
Даншигийн аварга Жамъян
Монгол бөхийн түүхнээ мөнхөрсөн хоёр Жамъян бий. Тэд хоёул аварга цолтой. Олны дунд “Буур” хэмээн алдаршсан Нацагийн Жамъян аварга Ардын засгийн үед төрөн гарсан хоёр дахь их аварга билээ. Харин энд өгүүлэх гэж буй Даншигийн аварга Жамъян аварга бол Дорнод нутгийнхны бахархал болсон эгнэшгүй хүчтэн билээ. Жамъян аварга эдүгээгийн Баян-Уул сумын нутаг буюу тэр үеийн Сэцэн хан аймгийн Мин засгийн харьяа Ульхан харуул орчмоор нутаглаж байжээ. Тэрээр даншигт нэг түрүүлж, хоёр үзүүрлэн дөрвөн удаа 5-9 давсан бөгөөд арьан засгийн наадамд таван удаа түрүүлсэн алдарт бөх байсан гэдэг. Цэрвүү барьцнаас бол суйлдаг дархан мэхтэй, мөрөндөө тун хажиг бөх байсан гэж нутгийн олон хуучилдаг.
Жамъян аварга хүч бяр ихтэй бөх хүний энгүй сайхан шинж цогцолсон нэгэн байв. Түүний тухай домог хууч олон.
Аваргын нэг гол усны мужаан Лувсан гэгч өвгөн мод ачсан үхэр тэргээ хоёр том ургаа модны завсарт тээглүүлж хаашаа ч гарах аргагүй болгочихоод аргаа барж суухад нь Жамъян аварга тааралдаж гэнэ. Тэрээр хоёр модыг ганхуулан үзэж байгаад юу юугүй нэгийг нь үндсээр нь булга татан унагажээ. Лувсан мужаан үүнд сандарч энэ сайхан залуу модыг үндэсгүй болголоо, эв дүйгээр гаргахгүй гэж зэмлэх, бахдахын завсарт хэлэхэд Жамъян аварга ийм амархан булгарна гэж бодсонгүй хэмээн буруугаа хүлээсэн гэдэг. Энэ хууч ярианаас түүний ямархан хүчтэй бөх байсан нь тодорхой харагддаг.
Эдүгээ Баян-Уул сумын зон олон долоон хошуу даншиг, арван засгийн наадамд хүч бяраа гайхуулж газар газрын хүчтэнүүдийг өвдөг шороодуулж явсан алдарт Жамъян аваргынхаа нэрэмжит хүчит бөхийн барилдааныг зохион байгуулдаг уламжлалтай болжээ.
Байрны хүүхэд барилдаанч
“Сумын заан” хэмээн алдаршсан яруу найрагч Ч.Мягмарсүрэнгийн нэгэн шүлэгт
“Байрны хүүхэд барилдаанч
Бас дээр нь уралдаанч”
хэмээн эхэлдэг сэн. Үнэхээр л байрны хүүхдүүд барилдаанч, уралдаанч байдаг. Баян-Уулын дунд сургуулийн дотуур байр БАМ¬-ын гэгдэх угсармал ногоон байшинд байрлана. Хаврын урт шар өдрүүдэд хөдөө гэрээ санан холын зам ширтэн санааширч, сурагч бэх, нус хоёрыг хацартаа наачихаад Баян-Уулынхаа сургуулийн БАМ-ын байруудын хооронд бакиалаа чирэн гүйж явдаг асан сурагч нас аа гэж. Дүрэмт хувцасныхаа сугыг ханзартал барилдацгаана, хоолны цаг болонгуут гал тогоо руу уралдана. Шөнө дүл өнгөртөл лааны гэрэлд сууж хичээлээ хийнэ. Өглөө нь нүдээ нухалсаар хичээлдээ яаран гүйх. Байрны хүүхдүүд ийм л байдаг.

Холбоо нуураас Иван баавай, Бадам ахайтан, эсвэл энүүхэн хойд Дархинтаас Бүүвэйн Ханд өмбөө сумын төв орж ирэхдээ хэн нэгнийх нь хөдөө гэрээс мойлтой тос, зөөхий, барьсан талх авчрах юм бол хэдэн өдөртөө ходоод цатгалан явдаг сан. Байрны хүүхдүүдийн өглөөний цайн дээр өгдөг хоёр хуруу зузаан талхыг бодвол гэрийн талх цаанаа л өөр санагддаг байв. Байрны хүүхдийн амьдрал гэдэг хагас цэрэгжил, хатуужил тэвчээр дунд өнгөрдөг байж дээ.
Ерээд оны эхээр сургуулийн уурын зуух ажиллахаа байж бидний “Давхар” хэмээн нэрлэдэг хичээлийн төв байр, багын корпус, БАМ-ын ногоонууд буюу дотуур байр цөм халаалтгүй болсон. Ингээд бүх байрууд зуух тавьж галласаар өвлийг барсан даа. Ангидаа зуух тавиад цонхоороо янданг нь цухуйлгачихаад л халуу дүүгтэл гал өрдөөд хичээлээ хийж суух ч урамтай даа. Байрны хүүхдүүд барилдаанч, уралдаанч, бас ажилсаг. Хичээлээ тарж очоод хөвгүүд байрныхаа модыг хагалж, тогооч нарт тусалж ус, түлээг нь ойртуулж өгнө. Охид хоол бэлдэхэд тусална. Хоолны дараа аяга таваг угаана. Зав гаргаад айл хэсээд ч амжина. Гэрийн хоол, гарын талхаа хааяа санахаар хэн нэгэн хамаатныхаа хоолыг буудахаар гарч өгдөг сөн. Дотуур байрны хүүхэд ийм л догь байдаг сан.
Мянган жил дуулсан Заян Наваа нутаг
Буриад зоны дунд өргөн тархсан “Заян Наваа” хэмээх дуу мянга гаруй жилийн түүхтэй. Энэ дууг VIII зууны үед зохиогдсон гэж үздэг. Төв Азид Түрэгүүд хүчирхэгжин мандаж байх тэр цаг үед Монгол, Уйгур угсааны аймгууд тэдэнтэй тэмцэлдэн дайтсаар байв. Эцэстээ Монгол, Уйгур аймгууд Түрэгүүдэд дийлдэн дарагдаж ихээхэн хохирол амсчээ. Удам угсаагаа Түргүүдэд хүйс тэмтрүүлэхгүйн эрхэнд Нүкүз, Хиан хоёр аймгийн цөөн хүмүүс умард зүг зугтан Эргүнэ Хун хэмээх газар очиж суурьшсан гэдэг. Тэрхүү Эргүнэ Хун нь эргэн тойрон битүү модтой, төмрийн хүдэртэй уул байж. Тэнд очсон Монгол угсааны овог аймгийнхан үржиж олшрон багталцахгүй болсон тул Эргүнэ Хунгийн битүү хавцлын нэгээхэн хэсэгт их түлээ овоолон шатааж төмрийн хүдрийг хайлуулан онь гарган түүгээрээ гадагш гарч нүүдэллэн одсон гэх домогтой. Тэр Монгол угсаатан аймгууд дунд буриадуудын өвөг дээдэс байжээ. Тэдний уугуул нутаг Заян Наваа гэж уултай, Бада Ёго гэдэг голтой үзэсгэлэнт сайхан нутаг байсан гэнэ. Тиймээс Эргүнэ Хунд очсон буриадууд тэр сайхан нутгаа санагалзан дуулсан нь “Заян Наваа” хэмээх дуу аж.
1200 гаруй жилийн өмнө зохиогдсон энэ дууны эртний зургаан шад нь
“Заян заян заяалай
Заян Наваа миний гүү
Наян наян наваалай
Наян Наваа миний гүү
Байдан байдан байдалаа
Бада Ёго миний гүү”

гэсэн үгтэй. Он жилийн уртад эдгээр шадууд дээр олон мөр бадаг нэмж, янз бүрийн хувилбараар дуулах болжээ.
Дээрх зургаан шадын утгыг ч эрдэмтэд янз бүрээр тайлбарласан байдаг. Юутай ч Згаян Наваа, Бада Ёго нутгаа санагалзсан сэтгэлийн уярал, гуниг шингэсэн дуу гэдэг нь илт. Тиймээс “Заян Наваа” дууг тэнгэр сансрын дуудлага, маань мэгзэм шиг хүчтэй, ер бусын үг аялгуутай, гүн ухааны агуулгатай дуу гэдэг. Эргүнэ Хунд дүрвэж очсон буриадууд эмээлийнхээ бүүргийг нутаг руугаа харуулж тавьж, буцаж харихыг бэлгэддэг байсан гэнэм. Ийн эртний буриад зоны сэтгэл зүрхийг нь соронздон татсан Заян Наваа, Бада Ёго хэмээх тэр гайхамшигт сайхан нутаг хаана байв гэдгийг олон эрдэмтэн мөшгөжээ. ӨМӨЗО-ы Хөх хотын их сургуулийн багш Б.Даваадагва гэгч эрдэмтэн “Заян Наваа” дууны түүхийг мөшгөн судлаад Заян Наваа гэдэг нутаг Хөх хотоос буруун зүгт, Амдогоос 7-8 өдөрчийн зайтай буюу 400-600 километр газарт байдаг гэжээ. Мөн зарим эрдэмтэд Тигр, Евфрат хоёр мөрний хооронд Заян Наваа гэдэг газар буйг тогтоосон нь нэн сонирхолтой. Монгол угсаатан буриад зоны уугуул нутаг яагаад алс хол Месопотамид байгаа билээ гэж сонирхох хүн олон гарна.
Үүнийг Чингис хааны бага Азид хийсэн аян дайнтай холбон үзэх үндэстэй. Чингисийн цэрэгт багтаж явсан буриадууд харь холын газарт очоод уугуул нутгаа санахдаа “Заян Наваа”-гаа дуулж явсан байж таарна. Түүгээр зогсохгүй очсон газар усандаа Заян Наваа гэдэг нэр өгсөн байхыг үгүйсгэхгүй гэж үзэх хүмүүс бий.
Ийм л арвин баялаг, гайхам сонин домог түүхтэй Заян Наваа дуунд зориулсан гэрэлт хөшөөг Баяндун сумын нутаг Адуун чулуун гэдэг газарт босгожээ. Уг хөшөөг Баяндун сумын уугуул “Удмын тэнгэр” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Цэрэнханд санаачлан өөрийн хөрөнгөөр бүтээлгэжээ.

Thursday, July 28, 2011

Дорнодын харваачид улсын наадмын 39 түрүүг авчээ

Баян-Уул сумын уугуул,
сурын спортын мастер
П.Гарамдорж



Ардын засаг ялсан анхны жилээс эхлэн эрийн гурван наадам нь ард олныг баясган цэнгүүлэх төрийн наадам болон хөгжиж Монгол орныг дэлхийд таниулах нэгэн бахархал болсоор байна. Ардын засагялсан анхны жил цэргийн наадам зохиосон бөгөөд 1922 онд анхдугаар наадам нэртэй зохион байгуулагдсанаас хойш 90 дэх жилтэйгээ золгож байна. Тухайн үеийн хувьсгалын удирдагчид, алдарт партизанууд улсын баяр наадмын сур харваанд идэвхтэй оролцдог байсны нэг түүхэн баримт бол 1921-1922 онуудын наадмын харваанд бүх цэргийн жанжин, цэргийн яамны тэргүүн сайд Д.Сүхбаатар түрүүлэн Өсөх идэр мэргэн цол хүртсэн явдал юм. Мөн Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсан, Улсын бага хурлын дарга Г.Бумцэнд нар насан туршдаа улсын баяр наадмын харваанд тогтмол оролцдог мэргэн цолтой харваачид байсан төдийгүй хичээнгүй сайд Б.Цэрэндорж, маршал Г.Дэмид нар ч наадамд харвадаг байсан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. "Бөгтөр" хэмээх Дамдинсүрэн, П.Дэмчиг, Б.Дамдин, М.Цэдэв, Ханд нарын олон партизан нэрд гарсан мэргэчүүл байв. Одоогоор улсын баяр наадмын сур харвааны 1923-1933, 1939 онуудын харвааны дүнгийн баримт мэдээ материал бүрэн тодорхой биш байгаа юм.
1921-1922, 1934 оноос хойш /1923-1933,1939 оныг оролцуулахгүйгээр/ болсон 78 удаагийн баяр наадмын сур харваанд ардын хувьсгалын удирдагч Д.Сүхбаатар, Улсын бага хурлын дарга Г.Бумцэнд, партизан Г.Дэмчиг, Б.Дамдин, М.Цэдэв, Тээврийн яамны анхны сайд, шатрын ууган мастерын нэг Д.Намсрай, Монголын анхны фото зурагчны нэг Ц.Дагдандорж, Сүхбаатар жанжны хүү С.Галсан, Гэгээрүүлэх яамны С.Зундуй, МХЗЭ-ийн Төв Хорооны А.Амгаабазар, Аж үйлдвэрийн комбинатын "монхор" Лувсанцэрэн, дөрөвдүгээр хорооны Баянжаргал, Өмнөговийн Дорж мээрэн, Б.Баярхүү, Ж.Баттөмөр, Хэнтийн Содномдаржаа, Санжаа, Тожил, Төв аймгийн Мишигдоной, Ш.Ишчогдов, М.Дашцэрэн, Улаанбаатар хотын Гомбожав /солгой/, Чойндон, Сэлэнгийн Дэлгэржав, Р.Чойжсүрэн, Д.Баттулга, Хөвсгөлийн Ламжав, Д.Жүгдэрхүү, Ш.Гансүх, Дундговийн Ш.Жамбасамбуу, Баян-Өлгийн Ц.Лонжид, М.Батгэрэл, Ц.Баасанхүү, А.Хонгор, Х.Болдбаатар, Б.Баярсайхан, Завханы Ш.Даваахүү, З.Сүлдболд, Л.Отгонбаяр, Дорнодын А.Цэвээн, Д.Базаргүр, Ж.Гүнбадрал, Ц.Гэнин, Ж.Ганболд, Л.Рэнчиндорж, Ц.Хүдэрчулуун, Д.Дагвасүрэн, Д.Нямсүрэн, Х.Мөнхжаргал, А.Санжмятав нарын 50 харваач наадмын түрүү магнай болон улсын мэргэн цол хүртжээ. Наадмын түрүү магнай болсон харваачдаас Сүхбаатар аймгийн Д.Сүхбаатар /1921,1922 он/, Төвийн Мишигдоной /1945,1948 он/, Ш.Ишчогдов /1956,1960 он/, Сэлэнгийн Дэлгэржав /1967,1969 он/, Р.Чойжсүрэн /1972,1980он/, Дорнодын Ж.Гүнбадрал /1975,1985 он/, Баян-Өлгийн Ц.Баасанхүү /2000,2004 он/ нар хоёр удаа , Баян-Өлгийн Ц.Лонжид /1965,1968,1971 он/ Дорнодын Ц.Гэнин /1978,1979,1982 он/, Ц.Хүдэрчулуун /1987,1994,2002 он/ нар гурван удаа, Сэлэнгийн О.Адилбиш /1952,1955,1961,1963 он/, Төвийн М.Дашцэрэн /1962,1964,1966,1970 он/, Дорнодын А.Цэвээн /1973,1977,1984,1988 он/, Завханы Ш.Даваахүү /1990,1993,1995,1999 он/ нар дөрвөн удаа түрүүлжээ.
Эртнээс уламжлалтай сур харваа нь олон зууны турш зөвхөн эрчүүдийн баяр, чадал цэц мэргэний наадам болсоор ирсэн түүхтэй. Харин 1950-иад оны сүүлчээр сурын харваа спортын зэрэг цолны ангилалд орсноор эмэгтэйчүүд, уянгалаг сайхан уухайн түрлэг, өнгө хосолсон дээл малгайгаараа сурын талбайн өнгө төрх болон хурц хараа, ухаалаг намба төрх, онч мэргэн харваагаараа улсын баяр наадамд алдар нэрээ дуурсгаж эхэлжээ. 1958 оноос хойш /1963,1966 онуудын үндсэн баримт одоогоор тодорхойгүй байгаа/ болсон улсын баяр наадмын 51 удаагийн харваанд Улаанбаатар хотын Оюунханд, Цэрэнбадам, Норжмоо, Ханджамц, Хөвсгөлийн Ц.Цэрэндулам, Ш.Лхагвасүрэн, Сэлэнгийн Ч.Мөнхцэцэг, С.Энхтунгалаг, Говь-Алтайн Ж.Магнай, С.Гажид, Дорноговийн Л.Цэнгэл, Ховдын Д.Түвшин, Төвийн Д.Одням, Б.Батжаргал, Ж.Сэмбээ, Г.Батзаяа, Архангайн Д.Оюунханд, Завханы Д.Эрдэнэтуяа, Өмнөговийн С.Баярмаа, Увсын Д.Норжмоо, Дорнодын Хоролгарав, С.Долгормаа, Г.Дуламханд, Д.Бор-Охин, Ж.Гүнтогтох, Т.Төмөрсүх, С.Насангэрэл, Х.Даваажаргал, Д.Цэцэг, Б.Бутваан нарын 30 харваач эмэгтэйчүүд манлайлан мэргэн цолоор энгэрээ мялаажээ. Эдгээр эмэгтэй харваачдаас Дорнодын С.Долгормаа /1975,1985 он/, Дорноговийн Л.Цэнгэл /1988,1992 он/, Ховдын Д.Түвшин /1987,1995 он/, Завханы Д.Эрдэнэтуяа /2008, 2010 он/ нар хоёр удаа, Хөвсгөлийн Ц.Цэрэндулам /1968,1971,1976 он/, Дорнодын Д.Бор-Охин /1975,1979,1987 он/ нар гурван удаа, Говь-Алтайн Ж.Магнай /1965,1970,1973,1976,1984 он/, Дорнодын Х.Даваажаргал /1996, 2001, 2002, 2004,2005 он/ нар таван удаа, Сэлэнгийн Ч.Мөнхцэцэг /1982,1985,1993,1994,1997,1999 он/ зургаан удаа улсын баяр наадамдаа түрүүлсэн байдаг.
Улсын баяр наадмын түрүү магнай харваачдаас Ч.Мөнхцэцэг, А.Цэвээн, Ш.Даваахүү нар Монгол Улсын гавьяат тамирчин гэдэг хүндтэй алдар цол хүртэж, төр засгаас хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн байна. Баяр наадмын түрүү магнай харваачдын үзүүлсэн амжилтыг судлан үзвэл сонирхолтой баримтууд цөөнгүй байдаг билээ. Тухайлбал, жанжин Д.Сүхбаатар хүү С.Галсантайгаа гурав, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын мэргэн А.Цэвээн хүү Ц.Хүдэрчулуунтайгаа долоо, улсын мэргэн Р.Чойжсүрэн Монгол Улсын гавьяат тамирчин, охин Ч.Мөнхцэцэгтэйгээ найм, улсын мэргэн С.Долгормаа охин Эрдэнэтуяатайгаа дөрвөн удаа улсын наадамд түрүүлж, ээж охин хоёр хоёулаа хошой мэргэн цол хүртсэн байхад улсын мэргэн Д.Дагвасүрэн ах Мөнхжаргал, эхнэр Насангэрэлтэйгээ, улсын мэргэн С.Гажид хүү Баттулгатайгаа, төрсөн ax дүү Г.Бумцэнд, Б.Дамдин, Ж.Гүнбадрал, Ж.Гүнтогтох, Ш.Лхагвасүрэн, Ж.Гансүх нар наадмын түрүү магнай болсон байх жишээтэй. Мөн улсын баяр наадмын 90-ээд жилийн түүхэнд Дорнод аймгийн эрэгтэй харваачид 21, Сэлэнгэ 15, Төв, Баян-Өлгий тус бүр 9, Завхан 6, Өмнөговь 5, Хэнтий, Хөвсгөл, Сүхбаатар 3, Улаанбаатар, Дундговь 2, Увс нэг удаа наадмын түрүү авсан байхад эмэгтэй харваачдаас Дорнод 17, Сэлэнгэ 7, Говь-Аптай 6, Улаанбаатар, Хөвсгөл, Төв тус бүр 4, Завхан, Ховд, Дорноговь 2, Архангай, Өмнөговь, Увс нэг удаа манлайлсан түүхэн баримт байна.