Showing posts with label зар үйл явдал. Show all posts
Showing posts with label зар үйл явдал. Show all posts

Wednesday, April 24, 2013

"Улзамнай” хөөрөлдөөн хоёр дахь удаагаа болов.


Хавтгай цагаан Улзынхаа тухай халуун хууч дэлгэлээ
Г.Сонинбаяр

Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн Баян-Уул сумын нутгийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулж буй “Улзамнай” хөөрөлдөөн, цуврал уулзалт ярилцлагын хоёр дахь дугаар өнгөрсөн бямба гаригт боллоо. Энэ удаагийн хөөрөлдөөний зочноор Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны орлогч сайд асан Д.Ренчинханд, “Цэ энд Пү” эмнэлгийн захирал, олонд “бөөрний” хэмээн алдаршсан нэрт эмч Ч.Цэдэн-Иш, хөнгөн, хүнсний үйлдвэрийн салбарын удирдах ажилтнуудын нэг асан, “Монгол Мироку Айко” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Өлзийдэлгэр нар уригдан оролцов. 
1940-өөд оны эхээр Улз нутагт төрж, өсөн, 1960-аад онд Баян-Уул сумын 10 жилийн дунд сургуулийг дүүргэцгээн эрдмийн моринд дөрөөлсөн хөвгүүд эдүгээ 70 насны даваа давсан буурлууд болж, нутгийнхаа зон олон, залуучуудын хүндэтгэлийг хүлээн ярилцлагын хойморт уригдсан нь энэ. Тэд дунд сургуулийн хөгжөөнтэй он жилүүд, эрдэмт багш нарынхаа тухай дурсамж хууч дэлгэн хөөрөлдсөн юм.  Тэднийг сурагч байхад тухайн цаг үедээ боксын спортоор хичээллэн, аймаг, улстаа шилдэг тамирчдын тоонд багтаж явсан Мөнхөө гуай анх боксын бээлий гээч юмыг Баян-Уулдаа авчирч, түүгээр нь үе тэнгийн хөвүүд дал дотор нүдэлдэж явжээ. Хожим оюутан болоод хотод ирж боксын дугуйланд ороход хөдөөнөөс ирсэн залуучуудыг бодвол боксын бээлий углаад үзчихсэн догь амьтан байсан тухайгаа Ч.Цэдэн-Иш баавай хуучилсан юм. Тэрээр залуудаа боксын спортоор хичээллэн улсын 3 удаагийн аварга, бүх ард түмний спартакиадын аварга, нийгэмлэг, дээд сургуулиудын 5 удаагийн аварга болж байсан тамирчин хүн билээ. Мөн Ч.Цэдэн-Иш баавай 1988 оны Сөүлийн олимпод Монголын боксчдын эмчээр ажиллаж байсан тухай сонирхолтой хууч дэлгэсэн юм.

1950-1960-аад оны үед Баян-Уулын дунд сургуулийн төгсөгчид бараг бүгдээрээ гадаад, дотоодын их, дээд сургуулийн хуваарь авдаг байжээ. Энэ нь олноо Оев багш хэмээн алдаршсан О.Дамдинсүрэн багшийн маань ач хэмээн 70 гарсан буурлууд эдүгээ дурсаж байна. Тэр үед Баян-Уулын 10 жилийн төгсөгчдийг хаана  ч очсон “Өө, О.Дамдинсүрэн багшийн шавь нар юм бол ярих юмгүй” гэдэг байжээ. Багшийн эрдэм шавьд гэдэг үг ийнхүү Баян-Уулын сургуулийн төгсөгчдөөс жинхэнэ утгаараа мэдрэгддэг байжээ. Дашрамд өгүүлэхэд Оев багш буюу О.Дамдинсүрэн багш бол УИХ-ын гишүүн асан, эдүгээгийн генерал Д.Энхбаатарын аав билээ.

Д.Ренчинханд баавай XX зууны их бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийг байгуулагдах тухай ярьж эхлэхээс нь эхлээд эхний таван ээлжийг ашиглалтад хүлээж авах хүртэл Монголын талын асуудлыг хариуцаж, бүх гэрээнд гарын үсгээ зурж явсан, мөн Бор-Өндөрын жоншны үйлдвэрийг ашиглалтад оруулахад гол үүрэг гүйцэтгэсэн уул уурхайн салбарын удирдах ажилтны нэг. Тэрээр энэ тухайгаа хуучилсан нь залуучуудад сонирхолтой, бас бахархалтай байсан билээ.

Б.Өлзийдэлгэр баавай Баян-Уулын артелийн тухай, тэр үеийн баавай нар ажлынхаа дараа Улзынхаа ширэг зүлгэн дээр сур харван хэрхэн бар татан  уухайлдаг байсан тухай, тэр уянгат дуун өнөө болтол чихэнд сонсогдох шиг болдог талаар хууч дэлгэв. Тэрээр хоёр жилийн өмнө Баян-Уулдаа буриад сур харваачийн сүрлэг сайхан хөшөөг босгон, буриад сурын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан төдийгүй төрөлх нутгаа хөгжүүлэх талаар чамгүй ажил сэдэж хийж яваа нэгэн билээ.     

Ийм л намтар баян үүх түүхтэй, хийж бүтээсэн зүйл арвинтай ахмад буурлууд “Улзамнай” хөөрөлдөөний хойморт тухлан нутгийн зон олонтойгоо хууч дэлгэлээ. Хөөрөлдөөнд хүндэт зочдын маань “нэг ангийн хүүхдүүд” болох буурлууд цөөнгүй хүрэлцэн ирсэн байв. Залуу халуун насандаа улс орондоо хөдөлмөрлөж, эргэн дурсах, бахархан ярих олон зүйл бүтээсэн гурван баавай нутгийн залуучууд, ахмад үеийнхний холбоо харилцааг үүсгэх, настан буурлуудынхаа үг сургаалыг сонсч байхын чухлыг онцолж, мөн хүн бүр ажил, хөдөлмөрийн дээдэлж, уйгагүй хичээн зүтгэж байж сум, орон нутгаа хөгжүүлнэ гэдгийг залуучууддаа захиж байв. 




Saturday, April 20, 2013

Нутгийн багш нар нийслэл хотноо

Энэ сарын буюу 04 сарын 08-12-ны өдрүүдэд бидний төрөлх сургуулийн маань арван багш мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдахаар нийслэл Улаанбаатар хотноо иржээ. Дээрх багш нарыг 11-ны өдөр нутгийн зөвлөлийн дарга С.Баттөр тэргүүтэй гишүүд хүлээн авч "Гурван гал" худалдааны төвийн 7 давхарт байрлах "Steppe Learning" гадаад хэлний төвийн гүйцэтгэх захирал Майкл Морроутай уулзуулан тус төвийн үйл ажиллагаатай танилцуулахын хамт манай сумын сургуулийн англи хэлний багш нарыг мэргэжил дээшлүүлэх чиглэлээр цаашид хэрхэн хамтран ажиллаж болох талаар санал солилцов.





Үүнийхээ дараа "Brau Haus" ресторанд бүгдээрээ хамтдаа очиж шар айраг уух зуураа тус рестораны эзэн, "Дорнод нутаг" клубын тэргүүн С.Отгонбаатартай танилцлаа.  Тэрээр бидэнд үйлдвэрээ танилцуулж хүн тус бүрийн авсан эхний шар айрагны үнийг хувиасаа дааж дайлж буйгаа дуулгав. 


Маргааш өдөр нь буюу 12-ны өдөр Төрийн ордонд парламентийн үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөсөн байсан боловч Туркийн ерөнхий сайд Ердоганы айлчлал давхцсан тул боломжгүй болсон байв. 
Гэлээ ч гэсэн Багшийн дээд сургуулийн урд орших "Шинэ Монгол" ФМ 104.5 радиогийн үйл ажиллагааг үзэж сонирхов. Тус радиогийн дэд захирлаар манай сумын яруу найрагч, сэтгүүлч Г.Сонинбаяр ажилладаг билээ.
Мөн орой багш нарын зарим төлөөлөл "Оросын Соёл Шинжлэх Ухааны Төв" дээр Улаан-Үд хотын Буриадын Их Сургуулийн оюутнуудын тоглосон урлагийн тоглолтыг тухлан сууж таалан үзлээ.


Friday, March 22, 2013

Дугуй ширээний ярилцлага

24 МЯНГАН ЖИЛИЙН ТЭРТЭЭХ БУРИАДЫН ТҮҮХИЙН АЖИГ СУРАГ

Баян-Уул сумын уугуул, ахмад дипломатч Д.Мархаажий баавай "Буриадын түүхийн ажиг сураг" ярилцлагадаа эрдэмтэн мэргэд, буриадын түүх сонирхогч зонуудыг урьж байна. Энэхүү дугуй ширээний ярилцлага ирэх бямба гариг буюу 2013 оны 3 дугаар сарын 23-ны 10 цагаас зүүн дөрвөн зам, МҮЭСТО-ы урд талын "Рокмон" төвд эхэлнэ. Д.Мархаажий баавай дипломат алба хашиж гадаадын улс орнуудад эх орноо төлөөлөн олон жил суусан нэгэн билээ. Тэрээр төрийн ажлын зав чөлөөгөөр буриадын түүхийг судалсаар ирсэн бөгөөд гавьяаны амралтад гарснаасаа хойш энэ судалгаагаа улам гүнзгийрүүлэн, буриадуудын уг гарвалыг 24 мянган жилийн тэртээг хүртэл цаашлуулан тодотгосон юм байна. Зарим эрдэмтэн буриадуудыг 28 мянган жилийн тэртээгээс төв Азийн өндөрлөгт нэрээ дуурсгаж, түүхэнд ул мөрөө үлдээж эхэлсэн гэдэг бол зарим эрдэмтэн 20 мянган жилийн өмнөөс буриад гэх угсаатан,ястан бүрэлдсэн гэж нотолдог байна. Харин Д.Мархаажий баавай яагаад 24 мянган жил гэж үзэв. Энэ тухай өөрөөс нь лавлаж тодруулъя гэвэл, буриад зоны угсаа гарваль, үүх түүхийн сонин сайхны сонсъё гэвэл 23-ны өглөө "Рокмон" төвийг зориорой.


Д.Мархаажий баавай






Thursday, February 21, 2013

“УЛЗАМНАЙ” ХӨӨРӨЛДӨӨН


“УЛЗАМНАЙ” ХӨӨРӨЛДӨӨН

Улаанбаатар хотноо аж төрж буй Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул ахмад буурлуудад хүндэтгэл үзүүлэх уулзалт ярилцлага

Энэ долоо хоногийн бямба гариг буюу 2013 оны хоёрдугаар сарын 23-нд болох “УЛЗАМНАЙ” хөөрөлдөөний манай анхны дугаарт уригдсан хүндэт буурлуудаа танилцуулж байна.

ДАМБЫН БАДАМЖАВ

Хөөлэй хуйсай овогт Дамбын Бадамжав баавай Улаанбаатар хотноо аж  төрж буй Баян-Уулчуудын хамгийн ахмад настан, төр засгийн өндөр хариуцлагатай албыг хашиж явсан хүндтэй буурал билээ. Ирэх жил Баян-Уул сум байгуулагдсаны 90 жилийн ой тохиох төдийгүй төрөлх сумтайгаа нас чацуу ахмад буурал Бадамжав баавай маань мөн 90 насны өлзийт босгыг алхах юм.
Д.Бадамжав баавай Цэрэнжав, Дуламжав, Дуламханд гэсэн гурван хүүхэдтэй. Д.Бадамжавынх гэдэг энэ өнөр өтгөн гэр бүлээс хүүхдүүд болон ач, гуч, зээ нар, хүргэд, бэрээд нь 100 гаруй хүнтэй олон арван өрх айл болон гал голомтоо бадраацгаан, бууралхан баавай насны ханийнхаа хамтаар “Үрээ танихгүй өнөр, үрээгээ танихгүй баян” жаргаж суугаа ажээ.  

Товч намтар      

- 1924 онд Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг Хайлантын өвөрт төрсөн.
-1943 онд Улаанбаатар хотноо Санхүүгийн техникум
-1947 онд Санхүүгийн техникумыг төгсөөд Дорнод аймгийн гаалийн хороонд ажил амьдралын гараагаа эхэлсэн.
-1949 онд Сангийн яаманд томилогдон ирж, гааль хариуцсан байцаагч, зааварлагч
-1950-1955 онд Намын дээд сургуульд элсэн суралцсан.
-1955 оноос Хэнтий аймгийн төлөвлөгөөний комиссын дарга бөгөөд аймгийн нэгдүгээр орлогч дарга.
-1957 оноос Улсын төлөвлөгөөний комиссын орон нутаг хариуцсан хэлтэс
-1964 оноос Сайд нарын зөвлөлд төлөвлөгөө, тоо бүртгэл хариуцсан референт
-Дамбын Бадамжав баавай 1972 оноос Хөдөө аж ахуйн яамны төлөвлөгөө, санхүү хариуцсан орлогч сайд
-1975 оноос Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Захидал харилцааны хэлтсийн дарга
- 1989 оноос гавьяаны амралтандаа суужээ.

ДАМБЫН МАРХААЖИЙ

Баян-Уул сумаас төрөн гарсан дипломатчдын нэг бол Дамбын Мархаажий баавай юм. Тэрээр эх орон, төр засгийнхаа үүрэг даалгавраар Монгол төрийн алтан аргамжийг атган хилийн чанадад олон жил ажилласан ахмад дипломатч билээ. Д.Мархаажий баавай Чингис, Чойдорж, Чойдулам гэдэг гурван хүүхэдтэй. Дунд хүү Чойдорж нь 2008 оны УИХ-ын сонгуульд Иргэний Зориг ногоон намаас Дорнод аймагт нэр дэвшин өрсөлдөж байсныг нутгийн зон олон сайн мэдэх билээ.

Товч намтар

- 1927 онд тухайн үеийн Зөвлөлт холбоот улсын Агын округын Дульдаргын районы Тавтаанайд эхээс мэндэлжээ.
-1943 онд Баян-Уул сумын бага сургуулийг дүүргэн Улаанбаатар хотноо ирж Санхүүгийн техникумд суралцжээ.
-1946 онд Эрхүүгийн Санхүү, эдийн засгийн сургуульд элсэн суралцсан байна. Монголоос анх Эрхүүгийн Санхүү, эдийн засгийн сургуульд суралцсан хүн нь төр, нийгмийн нэр зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал бол түүний дараагаар Моломжамц, Цэрэн-Янжин, Дагвадорж, Лувсаншарав зэрэг тэр үеийн сэхээтнүүд суралцсан гэдэг. Баян-Уул сумын унаган хүү Д.Мархаажий  тэдгээр эрхмүүдийн дараа Монголоос Эрхүүгийн Санхүү, эдийн засгийн сургуульд суралцагчдын гурав дахь үе болон очиж байжээ.
-1955 онд Эрхүүгийн Санхүү, эдийн засгийн сургуулиа дүүргэн эх орондоо ирээд Сангийн яаманд эдийн засгийн мэргэжилтнээр ажиллаж улмаар уг яамны бүртгэлийн төвийн даргын албыг хашжээ.
-1960 онд Гадаад харилцааны яаманд томилогдон очиж Бүгд найрамдах ардчилсан Солонгос улс дахь Монголын Элчин сайдын яаманд худалдааны атташегаар ажиллах болсноор дипломат албаны гараагаа эхэлсэн байна.
-1964 оноос “Жуулчин” компани, “Улаанбаатар” зочид буудлын дарга
-1974 оноос Унгар дахь Монголын Элчин сайдын яаманд Унгар, Австри улсыг хариуцсан худалдаа, эдийн засгийн зөвлөх
- 1984 онд гавьяаны амралтаа авчээ.

ЛУВСАНГИЙН РАДНАА

Монгол Улсын уулын спортын анхны мастер Лувсангийн Раднаа баавай уулын спортын түүхэнд анхдагчийн алдрыг хэдэнтээ дархалж нэрээ мөнхөлсөн алдартан билээ. Түүний охин нь УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдөл, гомдлын байнгын хорооны дарга Р.Бурмаа юм.
Тэрээр Монголын уулын спортын анхны 7 мастерын нэг юм. Мөн Монголын уулын спортын анхны “Хангарьд” клубын уулчин бөгөөд Балба улсын уулын холбооны хүндэт тэмдгээр анх шагнуулжээ.

Товч намтар

-1930 онд Дорнод аймгийн Баян-Уул сумын нэгдүгээр багийн нутаг Хужиртаан гэдэг газар төрсөн.
-1938 онд Дорнод аймгийн долоон жилийн дунд сургууль
-1945 онд долдугаар ангийг онц дүнтэй төгсөн МУИС-ийн Физик, математикийн факультет
-1954 онд төрөлх Баян-Уул сумандаа ирж 10 жилийн сургуулийн хичээлийн эрхлэгчээр ажиллаж байхдаа сургуулийнхаа анхны 10 дугаар ангийг төгсгөж байжээ.
-1952 онд Баянхонгор аймагт багшаар томилогдон ажилласнаас хойш 1997 он хүртэл тасралтгүй 45 жил багшаар ажиллаж байгаад гавьяаны амралтаа авсан байна.

    
  

“Улзамнай” хөөрөлдөөн

“Улзамнай” хөөрөлдөөний удирдамж

Улаанбаатар хотод аж төрөн суугаа Баян-Уул сумын уугуул өндөр настан, ахмад буурлуудтай хийх цуврал уулзалт, ярилцлага

Энэхүү хөөрөлдөөнийг 2014 онд тэмдэглэх Дорнод аймгийн Баян-Уул сум байгуулагдсаны 90 жилийн ойг угтан Улаанбаатар хот дахь Баян-Уул сумын нутгийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулж байгаа болно. “Улзамнай” хөөрөлдөөнийг 2013 оны турш цувралаар зохион явуулах юм.

Зорилго: Хүн төрөлхтний түүх хувь хүний түүхээс бүрддэг. Тиймээс нутаг орныхоо төдийгүй улс орныхоо бүхэл бүтэн нэгэн үеийн түүхийг бичилцэн, бүтээн байгуулалтад нь гар бие оролцож, оюун сэтгэлгээгээ зориулж явсан ахмад, дунд үеийн олон сайхан буурлууд бол Баян-Уул сумын нэрийн хуудас, амьд түүх билээ. Тэрхүү амьд түүхийг хойч үеийнхэндээ бичиглэн үлдээх, орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан дүрсжүүлэн (видео бичлэг) интернэт орчинд байрлуулж, олон нийтийн хүртээл болгох нэн шаардлагатай байна.
Энэхүү хөөрөлдөөнийг зохион байгуулснаар нутаг усныхаа ахмад буурлуудын дурсамж, хууч яриа, халуун дотно хөөрөлдөөнийг залуучууд, хойч үеийнхэнд хүргэх, улмаар уг ярилцлагуудыг Баян-Уул сумын 90 жилийн ойд зориулсан баримтат кино, телевизийн нэвтрүүлэг болгон үлдээх боломж бүрдэх юм.

Агуулга, бүтэц: “Улзамнай” хөөрөлдөөний нэг удаагийн дугаарт 3-4 ахмад буурлыг зочноор урин оролцуулж, дурсамж хууч дэлгэн чөлөөт ярилцлага өрнүүлэх юм. Хөөрөлдөөн нь тухайн ахмад буурлын өөрийн хувийн намтар, ажил амьдралын замналын тухай өгүүлэх эхний хэсэг, Баян-Уул нутгийнхаа үүх түүх, өөрийн бага нас хийгээд өвөг дээдсийн тухай өгүүлэх хоёрдугаар хэсэг, нутаг орныхоо өнөөгийн болон ирээдүйн хөгжил цэцэглэлтийн талаар санаа бодлоо нэмэрлэн, залуус хойч үедээ үнэтэй сургаалаа хэлэх төгсгөл хэсэг гэсэн үндсэн гурван хэсэгтэй.

Хэлбэр: Хөөрөлдөөнийг нүүр тулсан шууд ярилцлага буюу ток шоу хэлбэрээр зохион байгуулна. Тиймээс уригдсан зочид хоорондоо хууч хөөрөхөөс гадна үзэгчдийн зүгээс зочидтойгоо харилцан ярилцах, асуулт асуух зэргээр хөөрөлдөөнийг хөгжөөн, ярилцлагыг улам амттай, өргөн хүрээтэй болгох юм. Хөөрөлдөөнийг эрэгтэй, эмэгтэй хоёр сэтгүүлч хөтөлж, ярилцлагыг чиглүүлнэ.

Үр дүн: Нутгийн буурлуудаа хүндэтгэн залж, дурсамж дэлгэн хуучлах “Улзамнай” хөөрөлдөөн Баян-Уул нутгаас  төрөн гарсан, эдүгээ Улаанбаатар хотноо аж төрж буй ахмад буурлуудыг хооронд нь уулзуулж байгаагаараа онцлогтой. Мөн тэдгээр буурлуудын дурсамж яриаг телевиз, радиогийн бичлэгт хадгалан үлдэх, телевиз, радиогоор нэвтрүүлж өдөр тутмын сонинд ярилцлага хэлбэрээр нийтэлснээр нэг талаар нутаг орноо сурталчлах, нөгөө  талаар сумынхаа түүхийн цагаан толбо болж үлдсэн бүдэг бүрхэг зүйлсийг тодруулах, өмнө хэвлэгдсэн ном бүтээлд дурдагдсан зарим баримт, мэдээлэл, түүхэн үйл явдлын талаархи дурсамж сэлтийг нэмэн тодруулах, энэ бүхнийг залуу үеийнхэнд  таниулах ач холбогдолтой. Хөөрөлдөөний үр дүнд Баян-Уул сумын 90 жилийн ойд зориулсан цуврал нэвтрүүлэг, “Улзамнай” баримтат кино бүтээгдэн олны хүртээл болно. Мөн эдгээр цуврал ярилцлагыг ном болгон хэвлэх ч боломжтой.

Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн Баян-Уул сумын нутгийн зөвлөл     

  

Sunday, December 30, 2012

Мэдээ


БАЯРТ МЭДЭЭ

Манай сумын 10 жилийн сургуулийн 1993 оны төгсөгч Дамдиндоржийн Дэжидмаа АНУ-д докторантурт суралцахаар мордлоо. Шинэчлэлийн Засгийн Газрын ил тод, нээлттэй, шударга сонгон шалгаруулалтын ачаар төрийн сангийн зээлээр суралцах ийм азтай бас ховор боломж олдсоныг дурдах нь зүйтэй юм. Тэрээр 1993-1997 онд ТИС-ийг уул уурхайн маркшейдэр мэргэжлээр бакалавр зэрэгтэйгээр суралцан төгсөж, 2006-2008 онд Японд магистраа  хамгаалж байсан юм.
Хэдхэн долоо хоногийн өмнө элчин сайд асан Очирын Очиржавын дэмжлэгээр манай сумаас гурван оюутан Турк улс руу суралцахаар явсан талаар бид мэдээлж байсан билээ.  Дашрамд дурдахад 1990 оноос хойш манай нутгийн арав гаруй залуус хилийн чанадад суралцаж төгсжээ.
Мөн ОХУ-ын Тверь хотод маршал Г.К.Жуковын нэрэмжит Агаар, сансарын довтолгооноос хамгаалах цэргийн академид дэд хурандаа Болдбаатарын Наранбадрал нарын зэрэг цөөнгүй залуус манай сумаас одоогоор гадаадад суралцаж байгаа болно.
Та бүхэндээ бүгдэд нь амжилттай суралцаж төгсөж ирээд улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж, ихийг бүтээн нутаг усныхаа нэрийг мандуулан гаргаарай хэмээн ерөөж, шинэ оны босгон дээр Нутгийн зөвлөлөөс АЗ ЖАРГАЛ САЙН САЙХНЫГ зон олондоо хүсье!

Улаанбаатар хот дахь Баян-Уул сумын нутгийн зөвлөл

Wednesday, December 19, 2012

Буриадын шинэ жилийн цэнгүүн-2012

Буриадын шинэ жилийн цэнгүүн 2012.12.16-нд "Варриате" чуулгын "Эргэн дурсахуй" клубт болов.





Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнх агсаны гэргий Дариймаа (манай сумын уугуул) , 80 нас хүрсэн ч ануухнаараа буурайтай хамтдаа

МУГЖ цол хүртлээ

ДБЭТ-ийн гоцлол дуучин, МУСТА Дамдинжавын Долгормаа МУГЖ цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан 2012 оны 11 сарын 14-ний өдөр зарлиг гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан зарим иргэдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.





ТАЛАРХАЛ


Баян-Уулаас Баясалын Саруул-Од, Батжаргалын Отгонжаргал, Мөнхтулгын Мөнхбаяр нар Түркт сурахаар явлаа. Энэ ажилд идэвхитэй оролцсон Улаанбаатар дахь нутгийн зөвлөлд, ялангуяа С.Баттөр, Р.Онон нарт талархал илэрхийлье.