Saturday, October 20, 2012

Буриад түмэндээ зориулсан хүндэтгэлийн тоглолт

Монгол улсын СТА, ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин дуучин Д.Долгормаа эгчийн тоглолт амжилттай болж өндөрлөлөө. Эгчийн маань настай ээж, түүнийг таньж мэддэг, дууг нь уяран сонсох дуртай бүх л зон олон, нэг сургууль төгссөн ангийн хамт олон, уран бүтээлийн анд нөхөд нь хуран цуглаж үдшийг хамтдаа сайхан өнгөрөөсөндөө бүгд сэтгэл дүүрэн байлаа.
Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Д.Долгормаа өнгөрсөн бямба гаригт “Буриад түмэндээ өргөх хүндэтгэлийн тоглолт” дуун цэнгүүнээ өргөн олондоо толилуулжээ. Түүний тоглолтод ардын жүжигчин Б.Жавзандулам, гавьяат жүжигчин М.Найдалмаа, А.Бүтэд, соёлын тэргүүний ажилтан, ОХУ-ын Буриад улсын соёлын гавьяат жүжигчин Г.Батцэрэн, соёлын тэргүүний ажилтан, ОХУ-ын Усть-Ордагийн гавьяат жүжигчин Д.Бямбажав, ДБЭТ-ын гоцлол дуучин Ч.Чинзориг, Ариунаа, соёлын тэргүүний ажилтан Ж.Чингис, Т.Наранцэцэг, Ц.Мөнхболд нарын олон уран бүтээлч урилгаар оролцож ая дууны мялаалга өргөсөн байна. Түүнчлэн БНХАУ-ын нэгдүгээр дэсийн тоглогч, ӨМӨЗО-ны Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Ц.Должин Д.Долгормаа дуучны тоглолтод урилгаар ирж оролцжээ.
ДБЭТ-ын гоцлол дуучин Д.Долгормаа сонгодог урлагийн сүм болсон дуурийн театрт хөл тавьснаас 30 гаруй жил дэлхийн болон үндэсний сонгодог дууриудад дуулж, хоолойн цараагаа гайхуулсан дуучин юм. Харин тэрээр энэ удаа буриад зон олондоо зориулан хүндэтгэлийн тоглолтоо хийсэн нь энэ юм. Тоглолтынх нь үеэр дуучин Д.Долгормааг Ард түмний гавьяат цолоор шагнасан байна. Мөн Дэлхийн монгол туурагтны боловсрол, соёл, урлагийн академиас түүнд гавьяат жүжигчин цол олгожээ.
Тоглолтод Буриадын соёл, уламжлалыг хөгжүүлэх сангийн ерөнхийлөгч С.Билэгсайхан, Буриад улсын төлөөлөгчийн газрын орлогч дарга Б.Жаргал болон дуучны төрсөн нутаг Дорнод аймгийн Баян-Уул сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, 10 жилийн ангийн нөхөд нь, ДБЭТ-ын хамт олон Хөгжим бүжгийн коллежийн хамт олон хүрэлцэн ирж, нутгийн дуучиндаа хүндэтгэл үзүүлсэн юм.
Уран бүтээлч эгчдээ Нутгийн Зөвлөлийн нэрийн өмнөөс уран бүтээлийн их олз, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе!




No comments: