Thursday, December 29, 2011

Оросын Төмөр Замын Агентлагийн даргаар буриад залуу томилогджээ.




23 декабря 2011 года своим распоряжением председатель правительства Российской Федерации Владимир Путин назначил руководителем Федерального агентства железнодорожного транспорта Алексея Цыденова, который в 1998 году закончил Забайкальский институт железнодорожного транспорта

Цыденов Алексей Самбуевич родился 16 марта 1976 году в городе Петровск-Забайкальский в семье железнодорожников.

В 1993 году окончил среднюю образовательную школу № 5 города Читы.

В 1993 году поступил в Забайкальский институт железнодорожного транспорта - филиал Дальневосточного государственного университета путей сообщения на специальность «Организация перевозок и управление на транспорте (железнодорожном)», который закончил в 1998 году.

Алексей Цыденов был профсоюзным лидером вуза, свою трудовую деятельность начал в 1998 году в стенах нашего вуза, в отделе социально-экономического развития института.
В 2004 - 2006 годах - генеральный директор ОАО «Дальневосточная транспортная группа».

В 2006 году назначен заместителем директора Департамента государственной политики в области железнодорожного транспорта Министерства транспорта России.

В 2008 году Алексей Цыденов включен в список лиц резерва управленческих кадров, находящихся под патронажем президента Российской Федерации.

С 2009 года занимал должность заместителя директора Департамента промышленности и инфраструктуры Правительства Российской Федерации.

Женат, имеет троих детей.

http://www.zabinfo.ru/modules.php?op=modload&name=News&file=article&sid=84507&mode=thread&order=0&thold=0

Tuesday, December 27, 2011

Нутгийн тухай номнууд


Бид энэ булангаараа нутаг орон хүн ардуудын маань тухай бичигдсэн ном зохиол бүтээл хаана, хэзээ, ямар хүн зохиож хэвлүүлсэн байдгийг мэдэхэд илүүдэхгүй болов уу гэсний үүднээс хэдэн номыг та бүхэнд танилцуулж байна.








Монголд төдийгүй гадаадад ч Цэрэн бөө гэгдэх нэрээрээ нутаг усандаа танил ахайн маань тухай Герман улсын угсаатны зүйн судлаач Амели Шенк "Хар тэнгэрийн эзэн-Монголын бөө Цэрэн баавай" номыг 2002 онд герман хэлээр бичиж хэвлүүлжээ.




Нутгийн зөвлөлийн гишүүн Р.Онон 2007 онд мөнөөх судлаачтай уулзаж танилцах завшаан олдож зохиосон номон дээр нь дурсгалын үг бичүүлж авжээ.



Цэрэн баавай отгийнхонтойгоо хамт зохиогч бүсгүйг холын аян замд үдэж мордуулж буй нь




Monday, December 26, 2011

ТВ мэдээ, 12 сарын 30, Баасан гарагт 21:00-21:30

12 сарын 30, Баасан гарагт 21:00-21:30 хооронд Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн 2-р сувгаар Баян-Уулынхны тухай 5 минутын мэдээ гарна. Энэ суваг нь одоогоор DDSH кабелаар цацагдаж байна.

Ой дагаж, мод “өсгөдөг” захирагчийнх

http://www.dailynews.mn/?vfile=40&vmet_id=23146&vmet_main=85&vdate=&vl=archive


Танайд өнжье"-гөө бэлтгэхээр хотоос гараад давхичих юм болов. Хөдөөний айлд өнжих гэж байгаа нь тэр. Цаг агаар аядуу байгаа учраас малчид зуд турхан ярихгүй, цагаан сар наашлаагүй юм чинь онд мэнд орох нь гэж хүүрнэхгүйгээс малчин айлд очих дэмий санагдав. Өдийд малчдадаа хивэг тараах, өвс хуваарилах гээд багийн дарга ажилтай байж магадгүй цаг.
Баг мөртлөө сумаас олон хүн амтай, сургууль цэцэрлэг, захиргаа, татварын хэлтэс зэрэг суманд байх төрийн бүтэц бүгд байдгийг нь бодоод Түнхэл тосгоныг зорихоор шийдлээ. Түнхэлийг сум гэж андуурах ч хүн олон. Дээхнэ үед нийслэлчүүдийг модоор хангадаг улсын том үйлдвэр тэнд байлаа.Харин одоо хулгайн ангуучид ихтэй газар болсон гэх. Модны хулгайчдын балгаар уул нь хал­царч гүйцсэн ч гэх юм билээ.
Түнхэл тосгон засаг захиргааны нэгжийн хувьд Сэлэнгэ аймгийн Мандал сумын V баг. Багийн даргатай холбогдохоор Мандал сумын Засаг дарга руу өнгөрсөн баасан гаригт утас цохиж, учраа хэллээ. "Танай сонин ч намайг задарсан Засаг дарга гээд бузгай шүүмжилсэн байна лээ шүү. Манай суманд ирээд өнжиж болохгүй юу. Би багийнхаа дарга нарыг Хятад руу явуулчихсан байгаа даа. Нөхдүүд өнөөдөр л Эрээнээс гарах учиртай" гэж байна.
Бямба гаригийн өглөө Түнхэл тосгоны захирагч С.Рад­наа­базартай утсаар ярьж гэрт нь өнжих учраа хэлбэл "Одоо л галт тэрэгнээс бууж байна. Хотод хөө­цөлдөх жаал жуул ажил бас байна. Ихэнх нь гуйлга юм даа. "Гачуурт" компанийн захирал Л.Чинбаттай уулзаж Түнхэлийнхээ спортын ордонг тохижуулах хандив гуйна. Энэ ажлаа бол хойшлуулж болох­гүй. Та нарын ажлыг уяхгүйн тулд бусдыг нь хойш тавиад Л.Чинбат­тай уулзчихаад хотоос хөдөлье. Харин та нар газар дөхөж бай" гэж байна. Ингээд бид гэрийн эзнээс урьтаж өнжих айл руугаа дөхө­хөөр хөдөлцгөөв.
Нийслэлээс 145 орчим км, шороон голдуу замаар давхисаар Түнхэлд хүрч очлоо. Захирагчийнх захиргааны зочид буудлын дэргэдэх шаргал байшин гэнэ. Мансардтай, шинэхэн тэр байшин Түнхэлдээ л содон хараг­дах аж.
Гэрийн эзнийг хүлээж хашааных нь гадаа түр зогсов. Сүүлдээ аргаа бараад гэрийн эзэн рүү утас цохилоо. "Гадаа хүйтэн байна. Даараад, та ирэх болж байна уу гэхэд "Та нар юунд нь намайг хүлээсэн юм бэ. Гэрт ор. Би эхнэртээ хэлчихье" хэмээв. Ха­шаанд нь хар нохой атиралдан хэвтэхээс өөр чимээ анир гарсан­гүй. Хашааны хаалгыг нүдэж баа­хан зогстол ашгүй гэрийн эзэгтэй бололтой, 50 орчим насны эмэгтэй гарч ирэв. Тэрбээр "Сайн явж ирсэн үү. Нөхөр маань сая ярилаа. Ирц­гээ­чихээд ороод ирэхгүй" хэмээн өөриймсөг хандав.
Цагираглаж хэвтсэн хар нохой номхон болол­той. Нүдээрээ нэг хяламхийж харчи­хаад огт хөдөлсөнгүй, хэвтсэн янзаараа хоцров. Хажуу айлынх нь нохой тэднийд дасчихаад хол­до­хоо больсон гэнэ. Үүднийхээ өрөөнд модны тарьц өрсөн хараг­дана. Шинэ байшин болохоороо ч тэр үү гэр доторх тавилга ч шинэ бололтой. Гэрийн эзэгтэй бидэнд цай аягалж өгөөд гал тогоо руугаа оров. Тэрбээр хэсэг чимээгүй болс­ноо буцаж орж ирэн "Халуун цай уу, одоохон хоол хийгээдэхье" гэв.Багш, захиргааны зарим ажил­тан гээд таван айл саяхнаас нэгд­сэн халаалттай байшин барьж тухалцгаасан гэнэ.
Хошигнож хэлбэл, паартай байшин, паалан­тай нойлтой багийн төв тэр бүр байхгүй л болов уу. С.Раднаа­базар гуайнх Түнхэлд 30 гаруй жил амьдрахдаа өнгөрсөн жил л өөрийн гэсэн орох оронтой болсон нь энэ байшин гэнэ. Өмнө нь Зүүн хараад байр орон сууцтай байсан ч буцаж ирэхдээ зараад тосгоны захиргааныхаа байшингийн нэг өрөөнд хэсэг амьдарч байгаад энэ байшингаа бариулжээ. Паркетан шал, ариун цэврийн өрөө зэргээс нь харахад хөдөө багийн айл гэмээргүй.
Өрөөнүүд нь том биш ч хоёр хүнд яг л таарахаар тохилог аж. Зочны болон унтлагын өрөөн­дөө хоёуланд нь морин хуур зал­сан харагдана. Сервантанд нь аав ээжээс нь өвлөсөн баринтагтай бурхан, Усны газрын хүндэт өргөмж­лөл, шил шаазан эдлэлүүд харагдана. Унтлагын өрөөнд гүйлтийн зам байгааг харахад мань хоёр эрүүл мэнддээ чамгүй анхаар­даг бололтой.

Байшингийн дээд давхрыг одоохондоо ашиглалтад оруулаагүй байгаа гэнэ. Хоёулах­наа байдаг болохоор дээд дав­храа ашиглах шаардлага байгаа­гүй бололтой. Гэрийн эзэгтэй гал дээр хоол тавиад бидний дэргэд тухлав. Энгийн яриа хөөрөөтэй, намбатай нэгэн юм. Түүний хообий нь мод гэнэ. Гэрийн эзнийг хүлээх зуур эзэгтэй хууч дэлгэв.


ЭНЭ ЦАГИЙН ЭГЭЛ БААТАР ГЭРГИЙ
С.Раднаабазар гуайн гэргий Б.Ганхуяг "Өвгөн, сониныхон манайд өнжих нь гэхээр нь учрыг нь сайн олоогүй л байна. Би ч өдөрт хэдэн мод руугаа гүйдэлтэй хүн. Өнөөдөр та нарыг ирнэ гэхээр гэртээ өнжиж байгаа нь энэ" гэж байлаа. Тэрбээр хоол цай зэхэх зуураа байгалийн баялгаа ашиг­ла­вал хаана ч сайхан амьдарч болдгийг ярих. "Монголчууд яагаад импортын сүү, ногоо, жимс жимс­гэнэ идэж байх ёстой гэж. Эх нутагтаа тарьсан ногоо, ургуулсан жимс ямар сайхан амттай гээч. Химийн бодисоор бордож, хил дамнуулж авчирсан хүнс идэх ямар хэрэг байна. Түүнийхээ оронд үндэсний үйлдвэрүүд нь тариа­ланч, нөхөрлөлүүдээ дэмжээд монгол хүнсээр иргэдээ хангах боломж бүрэн байна" гэнэ.
Шилэнд дарсан үхрийн нүд, монгол төмстэй хоол зэргээр дайлсан нь ярьснаа ажил хэрэг болгож байгааг нь баталж байв. Б.Ганхуяг гуай уг нь Улаанбаа­тарын унаган хүн. Орост ойн сур­гуульд Ойн эдийн засагч мэргэж­лээр сурч байхдаа ханьтайгаа танилцжээ. Нөхөр нь Түнхэлийн модны аж ахуйд хуваарилагдахад хотын бүсгүй дагахаас аргагүй болж. Ингээд хунирсан ойд түчиг­нэсэн үйлдвэрт ажиллаж эхэлжээ.
С.Раднаабазар Дорнодоос аав ээжийгээ Түнхэлд авчирч, залуу хосууд тэдэнтэйгээ 10 гаруй жил амьдарснаа ярьж байсан. Бэр унтахад хадам аав, ээж ажиллаж л байна, сэрэхэд аль хэдийнэ бос­чихсон түчигнэцгээж байна. Дорно­дынхон их сонин, ясны ажилсаг хүмүүс шүү гэж эзэгтэй хадмуудаа магтана. 50 настайдаа ганц хүү өргөж авсан нь миний хань. Тэгэхээр ганц хүүгээ дагалгүй л яах вэ.
Бас хадмынхаа гэрт дөрвөн хүүгээ өлгийдсөн юм шүү дээ, буянтай хүмүүc гэж залбирна. Басхүү "Манай хүн чинь их толгой­той. Орост сургуульдаа л номер нэг байлаа. Тийм хүн надад ханд өгөхөөр бараадахаа бодолгүй яах вэ. Дөрвөн хүү минь аавынхаа ухааныг өвлөчихсөн болохоор олон улсад үнэлэгдсэн боловсон хүчин болж чадлаа" гэж ханиа дөвийлгөхөө ч мартсангүй. Б.Ганхуягийн аав ээж нь насаараа хэвлэлийн комбинатад үсэг өрөгч, хэвлэгчээр ажилласан буурлууд бий. Харин охин нь хотод үлдэхийн тулд ойн эдийн засагч мэргэжил сонгож байсан гэх.
Гэтэл насаараа тосгонд, ой дагасан амьдралтай болчихсон байдаг. Гэхдээ мань хоёр насаараа мод түшээгүй. Мэргэжлээрээ ажиллаж байгаад модны үйлдвэр тарах үеэс хувийн бизнес хийх болжээ. Хүүх­дүүдээ сургаж, амьдрал нь дутах гачигдах зүйлгүй болоод ирэхийн үед сонирхлоо дагах болсон гэнэ. Арав гаруй жилийн өмнө Япон явахдаа тэндхийн ногоон орчин, таримал ой модыг биширсэн гэнэ. Тэндээс л мод тарьж, цэцэрлэг байгуулах хүсэлтэй ирсэн бөгөөд 2000 онд нутгийн малчидтай нийлж нөхөрлөл байгуулжээ.
Түнхэлдээ "Танин мэдэхүйн цэцэрлэг"-ээ байгуулж 32 төрлийн мод ургуулж буй аж. Мод үржүүлгийн хоёр газар­таа 30 гаруй мянган мод тарьж байгаль орчиндоо бэлэглэсэн гэх. Үрээр тарьж ургуулсан тарьц нь л гэхэд сая гарчихсан гэж байгаа. Түнхэлд ирсэн амрагчдад мод тарих талаар хичээл заадаг гэнэ. Тарьж ургуулсан моднуудынхаа зургийг үзүүлэхдээ ер бусын баяр баясгалантай болчих юм. "Хар мод гэхэд л хамгийн их хүчилтөрөгч ялгаруулдаг. Тэсвэртэй, арчилгаа багатай. Нийслэлийн брэнд боло­хоор мод доо" гэж ирээд л ярина.
Нэг мод тарих нэг насны буян гэдэг. Хэдэн мянган мод тарьж, бусдад мод тарих талаар зааж байгаа түүнийг буянтай үйлстэн гэхээс яах вэ. Өдөр бүр ууланд модтойгоо өнжих нь түүний хувьд жаргал гэсэн. Түүнтэй одоо хорь гаруй хүн нөхөрлөл болон нэгдсэн гэнэ лээ. Шавь нар нь түүнийг TV-9 телеви­зийн "Энэ цагийн эгэл баатар"-т нэр дэвшүүлж байжээ. 2009 оны эгэл баатар болсон Б.Ганхуяг "Эрэгтэй хүнийх гээд нэрээ их голдог байсан. Бүр нэрээ солино гэж гүйхийг яана. Гэтэл энэ цагийн эгэл баатар болохыг аав ээж минь бэлгэдсэн байж" хэмээн инээж байсан.
Гэргийтэй нь мод, нөхөрлөлийн талаар ярилцаж байтал ашгүй гэрийн эзэн ирлээ. Машиндаа сар шахмын өмнө өвлийн түлш хийл­гэ­чихлээ гэтэл хулхидуулаад, дахиж солиулах гэж нэлээд саат­жээ. "Өдрийн сонин"-ыхон хүлээж байгаа учраас гэр рүүгээ яарч явтал Батсүмбэр сумын цаахна маши­ных нь дугуй хагарч бас жаа­хан ажил удсан гэнэ. Яриан зуураа гэрийн эзэн Түнхэлийнхээ спортын шинэ ордонгоо ярьсан хэвээр. "Сайхан шинэ ордонтой болсны хэрэг юу билээ. Хурдан ашиглал­тад оруулчихмаар байдаг. Бээжин явсных хэдэн гэрлэн чимэглэл чирч ирлээ. Сандал тавихад л 50 гаруй сая төгрөг болох юм байна. Базар­ваань, тэр их мөнгийг Түнхэлийнхэн хаанаас олох билээ.
"Гачуурт"-ын Л.Чинбаттай уулзаж чадсангүй. Түнхэлд ажиллаж амьдарч байсан бизнесменүүдээсээ дэмжлэг авах санаатай" гэх зэргийг хувцсаа тайлах зуураа ярив. Харин гэрийн эзэгтэй өвгөнөө сайн явж ирснийг нь лавлаад цай аягалж өгөв.

БИЗНЕСИЙН АМТ
С.Раднаабазар гуай Дорнод аймгийн Баян-Улаан сумын харьяат. Эрхүү хотын бэлтгэлд нэг жил суралцаад ОХУ-ын Ойн сур­гуульд ойн инженер мэргэжлээр сурч байхдаа хоёр анги доогуур, нутаг нэгт бүсгүйд цанаар гулгах, теннис тоглохыг зааж өгсөөр бай­гаад аваад суучихсан гэнэ. Мод, хоригдол хоёртой газар гэхээс өөр ойлголтгүй Түнхэлд хөл тавьснаас хойш 30 гаруй жил өнгөрчээ. "Илгээл­тээр олон аймгаас хүмүүс ирж суурьшсан. Ажилсаг хүмүүс­тэй нутаг. Дарга нар нь мундаг хүмүүс. Би Дарьсүрэн даргын гарт 1980 онд ирж байлаа.
Мастер, цехийн дарга гээд янз бүрийн л ажил хийж байв" гэх мэтээр ажил, амьдра­лынхаа гарааг ярьж гарлаа. Хотод ойрхон, дэд бүтэц сайтай, төмөр замтай гэх зэргээр нутгаа магтана. 1983 оноос Сэлэнгэ аймагт үйлдвэр хариуцсан заавар­лагчаар гурван жил ажиллаад Түнхэлдээ буцаж ирсэн гэнэ. Тэгэх­дээ намын үүрийн дарга болсон гэж байгаа. Зах зээл эхэлж Модны аж ахуй ч тарж, намын үүрийн дарга ч ажилгүй болсон үе. Тэглээ гээд С.Раднаа­базар зарим дарга шиг лааз өшиг­лөсөнгүй. Эхнэ­рийнх нь магтаад байсан ухаан, ажил­саг чанар түүнийг хурцалсан болол­той юм.
Түнхэлд хийж болох бүх л бизне­сийн захаас шүүрч авч, эхлүүлж байсан гэнэ. Түнхэл дэх бизнесээ өргөжүүлж Зүүнхараад тоосгоны үйлдвэр, хүнсний захтай болж. Мэдээж мэргэжлээрээ ажил­лаад модны аж ахуй хөөвөл явцгүй байсан үе. Ёстой л юм юмыг үзнэ гэдэг шиг боломжтой бүхний захаас барьж байснаа дурсаж байсан. Үйлдвэрүүдийнхээ зургийг С.Раднаабазар зурж төлөвлөнө. Эдийн засгийн асуудлыг эхнэр нь хариуцна.
Тэдний бизнес ч амжилт­­тай болж Зүүнхараад гур­ван үйлдвэртэй болж, 300 шахам хүнийг ажилтай болгожээ. Үйлд­вэрүүддээ жил бүр хөрөнгө оруу­лалт хийж, арван жилийн дараа гэхэд хөл дээрээ бат зогссон гэнэ. Гэрийн эзний харснаар биз­не­сийн салбар хоёр замаар хөгж­дөг гэнэ. Нэг хэсэг нь нэг, хоёр салбарт дагнаж, түүнийгээ хөг­жүүлдэг. Нөгөө хэсэг нь тухайн үед юу хэрэгтэйг мэдэрч үйлдвэрлэл хийгээд бусдад худалдаад, өөр салбар руу ордог гэнэ. Мань хоёр хоёр дахиар нь яваа гэнэ. Байгуул­сан үйлдвэрээ байнга шинэчилж, хөрөнгө оруулалтаа шийдэж байх­гүй бол хоцрогдчих гээд байдаг талтай гэнэ.
Энэ үед гэрийн эзэгтэй цай чанахаар галынхаа өрөө рүү оров. Гэрийн эзэн харин яриагаа үргэлжлүүлж "Хөрөнгө оруулалт дутмагаас болж эхлүүлсэн бизнесээ зараад өөр салбарт орохоос аргагүй. Зах зээлийн эхэн үед зээл авахаас айдаг байсан. Тэд бизнес эхлүүлэх хөрөнгийг ший­дэж чадаж байсан. Бүтээг­дэхүүнээ гаргаад, ажилтнуудаа цалинжуу­лаад олны дунд ороод ирэхэд бизнесийн амт сайхан байдаг гэж ярьж байв.
Тэднийх хамгийн сүүлд "Ноён туур" амрал­тын газар бай­гуулжээ. Амрал­тын газар хэдий ашиг орлог­той байсан ч гэр бүлийн хоёрт туслах хүн байгаагүй гэнэ. Үр хүүхдүүд нь бүгд сургууль соёлын мөр хөөгөөд явсан тул дэм болох хүн олдоогүй байна. Эцэст нь гэрийн эзэн төрийн ажилд орохын­хоо өмнө амралтын газраа зар­жээ. Нөхөр нь багийн Засаг даргаар сонгогдсо­ноос хойш гэргий нь мод үржүүл­гийн газартаа дагнаж ажил­лах болсон аж. Амралтаа зарж хэдэн төгрөгтэй болж одоо амьдарч бай­гаа байшингаа бариулсан" хэмээв.
Энэ үед "Таныг их боловс­ролтой ирээдүйтэй оюутан байсан боло­хоор нь танай эхнэр "наалд­сан" хэмээн ярьж байсан гэтэл гэрийн эзэгтэй тас тас хөхрөн гал тогоо­ныхоо өрөөнөөс цухуйж "Би тэгж хэлсэн гэж үү" хэмээв. Харин гэрийн эзэн тэр яриа үнэн, худал байсныг тоож байгаа шинжгүй, яриагаа үргэлжлүүлэв. С.Раднаабазар гуайн найзууд морь, авд хорхойтой эрчүүд байгаа гэх. Түнхэлийн Засаг даргаар ажиллаж байсан, өдгөө нийслэлд оёдлын компанитай Цэрэнчимэд гэхэд л шаггүй уяач.
Харин мань хүн морь, ан нэг их сонирхдоггүй. "Эргээд харахад нэг л их завгүй хүн байж дээ. Үйлдвэр аж ахуйн гэж явснаас морь уяад явах санаа байсангүй" гэж өөрийгөө цагаатгах. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтэн Банзрагч, Ням гээд орж гардаг найзуудаараа бахархдаг тухайгаа хүүрнэв.

СУМААС ТОМ БАГИЙН ДАРГЫН АЖИЛ
Ярианаас нь харахад "Танайд өнжье"-гийн баатрууд маань хийд­гээ хийж, баялгаа бүтээчихсэн хүмүүс юм. Тэдэнд санаа зовж, ахуй амьдрал, үр хүүхэд гээд хөө­цөлдөөд явах үе аль хэдийнэ өнгөрчээ. Гэр орноо төвхнүүлж, хүүхдүүдээ хоолонд нь хүргэчихсэн болохоор хааяа гадагшаа дотог­шоо явж, энд тэндхийн туршлага судалж аль болох бусдад хэрэгтэй зүйл хийхийг хичээдэг бололтой.
Нөхөр нь төрийн алба хашиж байгаа болохоор хийж чадах юмаа тэндээ зориулах гэж хичээнэ. Эхнэр нь мод гээд байгаль орчны­хоо төлөө нэлээд санаа тавьдаг аж. Модны болон цэцгийн талаар судалгаа хийж зургийг нь цуглуул­даг аж. Тэднээсээ бидэнд сонир­хуулангаа гэрийн эзэгтэй "Монгол­чууд бид байгаль орчноо хамгаалж байх хэрэгтэй.
Нэг мод тарих гэдэг чинь нэг насны буян" хэмээн энэ талаар бол харамгүй яриа өрнүү­лэх аж. Гэрийн эзэд "Бид хоёр ч хот бараадна гэж байхгүй дээ. Хөдөө сайхан шүү дээ. Яваандаа гурван ачаа эндээ авчирчихна. Тэгээд тавуулаа подхийгээд л явчихна. Хүүхдүүд хэнд ч гологдохгүй болов­сон хүчин болж сайхан амьдарч байна. Одоо ч Түнхэлдээ үлдмээр хэдэн ажил хийчихвэл болох нь тэр" гэх.
Тэднийг аавынхаа гэрт Түнхэлд төвхнөж байх үед таван малчин, бусад нь модны аж ахуй дагасан амьдралтай байж. Харин одоо мод бэлтгэлийн аж ахуй дээр суурилсан 10 гаруй компани мод бэлтгэж байна. Мод бэлтгэлийн компанид Түнхэлийн 300 гаруй хүн ажилладаг гэнэ. Шахмал түлшний долоон үйлдвэр бий. Ойн аж ахуй дагасан нөхөрлөл ч олон. Нинжа нар ч Түнхэлд цөөнгүй. Малчдын тоо ч харьцангуй өсчээ. Тойм тоогоор 130 гаруй айл малаа дагаж амьдарч байгаа. Иргэдийн гуравны нэг нь мал аж ахуйгаас орлого олдог болчихсон. Модтой, устай, байгаль сайтай газар бод мал тэр дундаа үхэр өсгөх боломжтой.
Тиймээс фермерийн аж ахуй хөгжүүлэх боломжтой. Манай хоёр саяхан Австрид аялахдаа нөхөр­лөл, бүлгэм, мод үржүүлгийн газруудыг нэлээд судалжээ. Бас фермерийн аж ахуйг ч судалсан гэнэ. Европт төрөөс хөдөөнийхөө бүх асуудлыг шийдчихсэн. Иргэд нь хөдөөдөө амьдрахыг чухалчилдаг. Австрид л гэхэд ойг бүхэлд нь хувийн хэвшлийнхэнд хариуцуу­лаад өгчихсөн байдаг нь олзуурх­маар санагдсан гэнэ. Хувь хүмүүс өөрийнхөө ойн санг хамгаалаад ирэхээр хулгай, хууль бус мод бэлтгэл аяндаа буурдгийн жишээг судалжээ. Австрид очсоных Түнхэлдээ эрүүл мэндийн төсөл хэрэгжүү­лэхээр болоод иржээ.
Модны аж ахуйд насаараа ажилласан өндөр настай иргэдээ асарч, тойлох, эмчлэх төсөл олсондоо олзуурхаж байсан. Багийн даргын ажил иргэддээ тодорхойлолт бичиж өгөх, тойр­гоосоо сонгогдсон намынхаа гишүү­дийг сурталчлах төдийгөөр хязгаарлагддаг талтай. Тэгтэл Түнхэл тосгон 3600 гаруй хүн амтай. Хүн амын хувьд гурван сумыг нэгтгэсэн дайтай. Тэгсэн атлаа засаг захиргааны нэгжийн хувьд баг. Төсвийн эрх мэдэл гэж үгүй. Нэг асуудлаа шийдүүлэхийн тулд сум орохоос өөр аргагүй болдог. Бие даагаад ажиллавал Түнхэл илүү хөгжих бүрэн боломж­тойг захирагч хэлж байсан. Сур­гууль, цэцэрлэг, эмнэлэг, захиргаа гээд суманд байх бүхэн Түнхэлд бий.
Ганцхан Засаг даргад нь эрх мэдэл байхгүй. Тосгонд нь ажил­лаж байгаа хэдэн аж ахуйн нэг­жийн­хээ захирлуудыг шаналгаж, ажлаа урагшуулдаг гэх. Модны аж ахуйн эрхэлдэг компанийн хан­диваар тосгондоо хөрөнгө оруул­даг гэх. "Бороо гоулд" компани Мандал сумын орон нутгийг хөг­жүүлэх санд жилд 250 мянган ам.доллар өгдөг аж. Өнгөрсөн жил өгсөн 250 мянган ам.долларыг бүхэлд нь Түнхэлд тосгонд хөрөнгө оруулалт хийжээ. Түүгээр нь спорт соёлын төв, орон нутгийн музей, номын сан, багийн захиргаа зэр­гийг иж бүрнээр нь байгуулсан нь удахгүй ашиглалтад орох гэнэ.
Нэгэнт байгуулсан төвийнхөө дотоод тохижилтыг хийчих юмсан гэж тосгоноосоо гараагаа эхэлсэн бизнесменүүдэд хандаад буйг дээр дурьдсан билээ. С.Раднаа­базар "Төрд ажиллаад төлөх өрийн­­хөө нэг хэсгийг төлсөн гэж бодож байгаа. Түнхэлийнхэн маань ямар ч байсан чөлөөт цагаа өнгөхөөр спорт цогцолбортой болчихлоо. Энэ мэтээр ажиллаад байх санаа байна" гэж төрийн ажлынхаа талаар ярьсан.

ААВ ЭЭЖИЙН ХАМГИЙН ТОМ БАЯЛАГ БОЛ ХҮҮХДҮҮД
С.Раднаабазар, Б.Ганхуяг нарыг баялгаа бүтээчихсэн гэж дээр дурьдсан. Тэдний хамгийн том баялаг бол дөрвөн хүү нь. Баялаг гэж онцлохын учир манай хоёр хүн хийж бүтээж олсон бүхнээ хүүх­дүүддээ зориулжээ. Гурван үйлд­вэрийн эзэн байсан тэднийг энэ жил өөрийн гэсэн гэр оронтой болсныг бодоход бүхнээ хүүх­дүүдийнхээ хөрөнгө оруулалтад зориулсныг гэрчилнэ. Том хүү Р.Мөнх-Эрдэнэ Японд дөрвөн жил сураад, Америкийн Чикагогийн их сургуулийг дүүргэсэн. Жилийн 40 мянган ам.долларын төлбөртэй сургуульд сурсан хүү нь олон улсад хоёрдугаарт жагсдаг хөрөнгө оруулалтын банкинд ажиллаж буй гэнэ.
Удаахь хүү Р.Мөнхбат нь Солон­гост элэгний хавдар суд­лалын чиглэлээр төгссөн эмч. Өдгөө Хавдар судлалын үндэсний төвд элэг шилжүүлэн суулгах багт ажил­лаж байгаа гэнэ. Гурав дахь хүү Р.Мөнхжаргал нь Японд аялал жуулчлалын чиглэлээр төгсч Мон­гол­доо ажиллаж байгаа аж. Бага хүү Р.Батмөнх нь Японд зочид буудлын менежерээр ажиллаж байгаад Монголд гэр бүлтэйгээ иржээ.
Японд болсон байгалийн гамшиг Р.Батмөнхийг эхнэр хүүхэд­тэйгээ эх орондоо ирэхэд нь нө­лөөл­сөн гэнэ. Энэ жилийн намрын дунд сарын 17-нд хосууд хуримаа хийжээ. Аав ээж нь хүүхдүүдээ хос хэлтэй, өндөр боловсролтой бол­го­ход бүхий л боломжоо дайчил­сан гэнэ. Хүүхдүүд нь гадаадад сурч ажилладгийн нэг сул тал нь хамтдаа баяр тэмдэглэж чаддаггүй. Харин ойрноос хоёр хүү нь Мон­гол­доо ажиллаж байгаад аав ээж нь баяртай байгаа аж. Биднийг С.Раднаабазар гуайн гэрээс гара­хад аль хэдийн харанхуй болжээ.
Гэрийн эзэд "сайн яваарай" хэмээн гараараа даллан үлдэв. Эргэн той­рон уул, хадаар хүрээлүүлсэн Түнхэл тосгоны захирагчийнд өнгөрүүлсэн өдөр Монголд "тус­гаар тогтносон" нэгэн энгийн айлын дулаахан уур амьсгалаар "Танайд өнжье" булангийн маань түүх зузаарч байх шиг.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭРГ.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Monday, December 5, 2011

Дорнод аймгийн Баян Уул сумынхны 2011 оны ажлын тайлан уулзалт болон концерт

12 сарын 10 (Бямба) Уулзалт, Тоглолт
Цуглах газар: Төмөр замын соёлын ордон /Баруун дөрвөн замын баруун талын автобусны буудал/
13:30-14:00 Сумаас авчирсан идээний амталгаа /талх, мойлтой тос, цөцгий зэрэг сумын бренд бүтээгдэхүүнүүд/
14:00-14:30 Сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид, Сумын ЗДТГ албан байгууллагуудын товч танилцуулга цаашдын ажлын төлөвлөгөө, 2012 онд төгсөх сумын оюутнуудын танилцуулга
14:30-16:00 Сумын хүндэтгэлийн концерт/Сумын болон Улаанбаатарт байгаа сумын уугуул урлагынхан оролцоно/

Төлбөр:том хүн 3500 төгрөг, хүүхэд үнэгүй.

Утас М. Баярцогт 9910-9939 ,С. Баттөр 9907-3274

Wednesday, November 30, 2011

Дорнод аймгийн Баян-Уулын Төрийн албан хаагчид Улс тунхагласны баярыг тэмдэглэн өнгөрүүлэв



Монгол Улс тунхагласны 87 жилийн ойн баярыг Баян-Уул сумын Төрийн болон төсөвт байгууллагуудын ажилчин, албан хаагч нар төрийн албан хаагчийн баяр болгон тэмдэглэн өнгөрүүлэв. Сумын Засаг Даргаар батлуулсан төлөвлөгөөний дагуу Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол, баярын хурал, хөгжөөнт буухиа тэмцээн, хүчин бөхийн барилдаан, цэнгүүн зэрэг арга хэмжээг зохион байгуулав.
Засаг Даргын Тамгын Газрын Нийгмийн ажилтан Б.Болорчимэг, Мал эмнэлэг үржлийн Тасгийн мэргэжилтэн М.Дэлгэрцэцэг нар Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн.
Төрийн албан хаагчийн баярыг тохиолдуулан Сумын Засаг Даргын нэрэмжит шагналаар ЕБСургуулийн багш н.Батдулам, сум дундын эмнэлэгийн лаборант н.Урантогос, Татварын улсын байцаагч Х.Болормаа, Соёлын төвийн бүжгийн багш В.Ууганцэцэг, Цагдаагийн тасгийн ахлагч н.Сэрэглэн-Од, Онон цаг уурын ажилтан н.Гүнжидмаа , Цэцэрлэгийн ажилтан н.Алтанчимэг нарыг шагнаж урамшуулав.
Хөгжөөнт буухиа тэмцээнд бүх төрийн болон төсөвт байгууллагуудаас нэг нэг хүний бүрэлдэхүүнтэй 5 баг оролцож ЕБСургуулийн багш Ц.Анхбаяраар ахлуулсан баг төрүүлж, Цагдаагийн Тасгийн ахлагч н.Сэргэлэн-Од, ЕБСургуулийн багш н.Гантулга нараар ахлуулсан баг удаалсан байна.
Үндэсний бөхийн барилдаанд сумын заан н.Эрдэнэчулуун, с/з Г.Одбаяр, с/начин Н.Гансүх, залуу бөх Б.Ган-Од, Ц.Цогтбаатар, Э.Эрдэнэбат зэрэг нийт 16 бөх барилдаж сумын начин Н.Гансүх түрүүлж, сумын заан Д.Эрдэнэчулуун үзүүрлэж, с/з Г.Одбаяр, Б.Ган-Од нар шөвгөрөв.

Мэдээ бэлтгэсэн. Баян-Уул сумын ЗДТГазар

Tuesday, November 1, 2011

Түймэр гарч нэлээд хэмжээний бэлчээр, ойг шатаав








2011.10.28 өдрийн 14 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 3-р багийн нутаг “Улаан чулуут” гэдэг газар эзэн холбогдогч нь тодорхойгүй түймэр гарч Хэрмийн нуур, Эрдэнэ булгийн даваа, Хар нуурын эх, Бэрхийн давааны ар, өвөр, Ламын хөндий, Хархираагийн эхэн, Чонын худгийн даваа, Хархираагийн Уулаар зүүн тийш засмал зам зэрэг газруудыг шатааж үлэмж хэмжээний хохиорол учруулав.



Түймэрийг унтраахад сумаас болон аймгийн онцгой байдлын алба, нутгийн иргэд, 10 машин, 17 мотоцикл нийт 85 хүн оролцож 10-р сарын 30-ний өдөр цурманд нь оруулан унтраалаа.



Түймэр унтраахад ДБХС(WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Онон голын сав газарт хэрэгжүүлж буй “Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментээр ядуурлыг бууруулах” төслийн тусламжаар хүлээлгэн өгсөн түймэр унтраах үлээгч болон богино долгионы станц зэрэг багажуудыг ашигласан нь их хувь нэмэр боллоо гэж нутгийн иргэд ярилаа. Мөн Дорнод аймгийн Онцгой байдлын албанаас Даваацэрэнээр ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж 2 хоног ажилласан байна.Түймэр гарч байхад салхитай, шөнө нь чийг хяруу унахгүй гал бээрэхгүй байсан учраас нилээд хүндрэлтэй байв. Одоогоор түймрийг хэн тавьсан эсэх, хохирлын хэмжээг тогтоохоор сумын ажлын хэсэг ажиллаж байна.





Мэдээ бэлтгэсэн: Ж.Дорж

Thursday, October 27, 2011

Баян-Уул сумын харваачид сумандаа 1950 он


Арын эгнээ зүүн гар талаас 1. Дондогийн Цэвээн 2. Пактийн Балдан 3. Базарын Чимэдцэрэн 4. Дугаржавын /Мухардааны/ Дондог 5. Дашийн Сэрээтэр 6. Мухардааны Гүржав /Гүрэндэй/ 7. Мухардааны Пүрэв 8. Намсрайн Итгэл 9. Юндэний Даш 10. Аюурын Мажиг 11. Цэдэвийн Ожинсүрэн /Ожиндой/12. Чимэдийн Жамсран/шляптай/ 13. Жигмэдийн Мөнхочир 14. Ренчины Бадам 15. Дамдины Мэдэгмаа 16.. 17..

Өвөр эгнээ зүүн гар талаас 18. Цэрэний Дугаржав 19.. 20. Жигмэд 21. Мухын Радна 22. Гончигийн Дугар 23.. 24. Мятав 25. Холцын Лхасүрэн


Мухардаан Пүрэвийн Гарамдоржийн хувийн архиваас.

Monday, October 24, 2011

“Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментээр ядуурлыг бууруулах” JFPR 9125 – MON Төсөл


Байгалийн нөөцийн тогтвортой менежментийг дэмжих замаар Монгол улсад хөдөөгийн ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилгоор Япон улсын Засгийн газраас (Ядуурлыг бууруулах Японы сан – ЯБЯС) Азийн хөгжлийн банкаар дамжуулан 2 сая ам. доллараар санхүүжүүлэн, Онон голын сав газарт 4 жилийн хугацаанд хэрэгжих энэхүү төслийг Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам удирдаж, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар Төслөөс орон нутагт явуулах үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлэх зөвлөхөөр ажиллана.

Тус төсөлд Монгол Улсын Засгийн газраас 100,000,0 ам. доллар, нутгийн иргэдийн байгууллагаас 25,000,00 ам. долларыг мөнгөн бус хэлбэрээр, Дэлхийн байгаль хамгаалах сангаас (ДБХС) 50,000,0 ам. долларыг Төсөл хэрэгжүүлэх нэгжид шаардлагатай албан байр, тоног төхөөрөмж нийлүүлэх хэлбэрээр хөрөнгө оруулж байгаа.

Төсөл зорилгодоо хүрэхийн тулд байгалийн нөөцийн тогтвортой менежментийг дэмжсэн бодлогыг сайжруулах, түүний хэрэгжилтийг хангах, ядуурлыг бууруулах талаар нутгийн иргэдээс гаргасан санаачлагыг хөхүүлэн дэмжиж, цаашид бие даан хөгжих тааламжтай орчин бүрдүүлэх зэрэг ажлыг Онон голын сав газрын 7 сум, тэдгээрийн багуудын түвшинд гүйцэтгэнэ.

Төслийн бүрдэл хэсгүүд:

А. Байгалийн нөөцийн менежмент ба ядуурлыг бууруулах үйл ажиллагааг хослуулан хэрэгжүүлэх орон нутгийн байгууллагыг үүсгэн хөгжүүлэх,

Б. Онон голын сав газарт байгалийн нөөцийн цогц менежмент ба байгаль хамгааллыг хөгжүүлж бэхжүүлэх, экологийн боловсрол, олон нийтийн мэдээллийг дэмжих,

В. Амьжиргааны бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн орон нутгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх,

Г. Төслийн менежмент, хяналт үнэлгээ, аудит.

Төсөл хэрэгжих хугацаандаа дараах үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

o Байгаль орчин, байгалийн нөөцийн тогтвортой менежментийг нутгийн иргэдийн оролцоонд тулгуурлан үр дүнтэй хэрэгжүүлэх,

o Байгаль орчноо хамгаалах зорилготой нутгийн иргэдийн байгууллагууд (НИБ) - ыг бий болгон чадавхижуулах, нөөцөөр хангах,

o Орон нутгийн захиргааны чадавхийг бэхжүүлэх замаар тогтвортой хөгжлийн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах,

o Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын (ОББЦГ) амьтан, ургамалын аймгийг зохисгүй ашиглаж байгааг зогсооход чиглэсэн үйл ажиллагааг хамгаалалттай газар, орчны бүсэд байгаа ядуу өрхүүдэд амьжиргааны шинэ арга замуудыг нээж өгөх, хөгжүүлэхэд нь туслах замаар дэмжих,

o Мэргэжлийн судалгаа, шинжилгээний ажил хийх, стратеги боловсруулах зэрэгт хөрөнгө оруулж, Онон голын сав газрын байгаль орчинг хамгаалах төлөвлөлт, менежментийг сайжруулах зэрэг болно.

Баян-Уул сумын зохицуулагч Ж.Дорж

Утас:99585009, 93215069

E-mail; Dorj_wwf@yahoo.com

Monday, October 17, 2011

10 сарын 23, 30-ны хичээл

Хичээл явагдах
цаг: 10 сарын 23-ны 14-16 цаг /яг цагтаа эхлэхийг анхаарна уу/
Газар:Brauhaus 1 давхар VIP өрөө
Даалгавар

Гэртээ дараах текстийг уншиж орчуулаад ирнэ үү. Нэг удаад 2 текст орчуулна.
Уншсанаа хичээл дээр англи эсвэл монголоор ярилцана.

Дунд төвшин
Ахисан дунд төвшин

Friday, October 14, 2011

Даалгавар 5,6

Сайн байцгаана уу,

Энэ удаа Англи хэлний С, D төвшний хоёр ялгаатай текст тавилаа. Өөрийн төвшинд тохирохийг сонгон орчуулж ирнэ үү.


Нэг удаад хоёр жижиг текст орчуулна. Эхний удаад текст 1, 2 дараа удаад текст 3, 4 орчуулна гэсэн үг.

D төвшин

C төвшин

Цэрэн зайрангийн отог бөөг ингэж бэлтгэдэг

Уулзаагүй удсан найзыгаа сураглахад бөө болчихсон байх юм. Шинэхэн танилцсан дуу бичлэгийн студийн найруулагч рокер залуу хүртэл бөөгийн толь зүүчихсэн тууж явах ажээ. Ажилд орох гээд туршилтаар явж байсан залуухан бүсгүй гэв гэнэт удган болно, уг барина гээд чөлөө аваад арилж өгөхийг үзэв. Хуульч мэргэжилтэй залуу “Дүү нь бөө болсоон, хөдөө гадаа яваад” гээд гартаа эрхи зүүчихсэн, ганган цагаан машин уначихсан давхиж яваатай ч таарав. Ер нь айл бүр бөө, удгантай болсон гэдэг үнэн бололтой.

Гэхдээ энэхүү бүх нийтийг бөөжүүлэх аян сайнаас илүүтэй саарыг л дуулгаж байна аа. Удган болгох гэж байгаа нь энэ гээд залуухан бүсгүйг халуун усанд шалзлаад алчихсан харамсмаар хэрэг саяхан гарсан дуулдав. Жилийн өмнө мөн л иймэрхүү бүдүүлэг харгис зан үйлийн улмаас нэгэн сайхан залуу халуун архинд түлэгдэж нас барсан тухай шуугиж байсан. Их тэнгэрийн амны баруухан талд хадаг яндар уясан хэдэн модны дэргэд үдэш бүр бөө, удганууд цугларч хэнгэрэг балбаж, тэр хавиар амарч зугаалж яваа хүмүүсийг айлгаж, жийрхүүлдэг юм билээ.

Элдвээр орилж хашгичсан, согтуу галзуу нь мэдэгдэхгүй тэднээс хэн ч гэсэн айж, жигшмээр харагддаг. Зарим бөө хотын ойролцоо бөөгийн отог гээчийг байгуулчихаад тэндээ өндөр үнээр шинэ залуу бөө нарыг бөөндөн бэлтгэдэг болсон гэх. Юутай ч өнөөдөр хүн бүр бөө болох гэж хошуурч байна. Нарийн боовчны дамжаанд суух гэж байгаа юм шиг л бөөгийн уг барьж, чанар хийх гэж зүтгэдэг болжээ. Тэр бүхний үр дүнд ард түмний айдас, түгшүүр, өвчин зовлон дээр дөрөөлөн, өндөр үнэ өртгөөр засал хийдэг асман бөө нар олшров. Бөө гэдэг сүлжээний бизнес болж хувирав.

Ийнхүү бөө нар чих халууцуулах болсон энэ үед Дорнод нутгаар тойрон аялсан замын эхэнд бөөгийн отогт дөрөө мултлан саатах завшаан тохиолдсон юм. Тэнд үзсэн харснаа уншигчидтайгаа хуваалцахыг зорилоо. Бидний очсон бөөгийн отог бол дээр дурдсан хот орчмын бөө нарыг “бөөнддөг” газар биш, Монгол даяар алдартай Цэрэн зайрангийн үүсгэн байгуулсан бөө мөргөлийн сургалт, шүтээний төв юм.

Цэрэн зайран Хэнтий аймгийн Батширээт суманд амьдарч байгаад 1984 онд Дорнод аймгийн Баян-Уул сумын Хархираа хэмээх уул, ус тэгш сайхан газарт ирж нутаглажээ. Түүнийг шинэ нутагт ирээд жил гаруй болсных нь дараа баривчлан Дорнод аймагт хоёр жил хэртэй шоронд хорьж байгаад сулласан гэдэг. Ингээд Цэрэн бөө шоронгоос гарч ирээд удалгүй бурхан шашин дэлгэрэх цаг ирэхэд бөө мөргөлийн төвөө байгуулжээ. Эдүгээ Цэрэн зайрангийн удмыг залгаж яваа хүү Ц.Оюунбаатар нь аавынхаа үүсгэн байгуулсан бөө мөргөлийн сургалт, шүтээний төвийг хариуцан, зан үйлийг нь ёс жаягийн дагуу гүйцэтгэсээр байгаа ажээ. Энэхүү бөөгийн отог байрлах Хархираа хэмээх газар нь Баян-Уул сумын төвөөс баруун урагш 30 орчим километр зайтай.

Отгийг анх харсан хүн бэсрэгхэн жуулчны бааз гэж андуурмаар. Амралтын газар, жуулчны баазад байдаг шиг тав зургаан жижигхэн модон байшин бөөгийн отгийн хойд дэнжид ярайж харагдана. Мөн хол ойроос ирсэн хүмүүсийн майхан, машин тэрэг зүүн этгээдээр нь алаглах аж. Бөөгийн отгийн урд захад Цэрэн зайрангийн байгуулсан Майдар бурхны сүм байна. Дамбадаржаалин нэртэй энэхүү сүмд гол шүтээн Майдар бурхнаас гадна Таванхаан, Гомбо, Махгал, Богд Зонховын солжид гээд бүх бурхан шүтээн, Арван хангалын ном судар бий гэнэ.

Энэ сүмд лам ирээд ном хуръя гэвэл цан хэнгэрэг, ганлин, гандан, хонх, дамар бүгд бэлэн байна лээ. Бөөгийн отогт шарын шашны бурхан шүтээн бүхий сүмийг барьж байгуулсны учрыг сонирхоход уг сүмийг Цэрэн зайран хар, шарыг зохилдуулах үүднээс барьж босгосон гэнэ. Учир нь тэрээр 13 нас хүртлээ лам болж бурхны ном үзэж байжээ. Ингээд 13 насандаа ухаан нь гэнэт самуурч, бөө болох шинж нь тодорсноор Улзын алдарт Чимид удганы шавь болсон байна. Түүнээс хойш 66 жил хэнгэргийн дуу таслаагүй ажээ.

Бөө мөргөл хийгээд шарын шашинд харшлах зүйл үгүй. Гагцхүү тэдгээрт мөргөж, сүсэглэж байгаа хүмүүс л дотроос нь хагаралдуулдаг хэмээн Ц.Оюунбаатар бөө хэлнэ лээ. Түүний аав Цэрэн зайран ч ингэж хэлдэг байж. Тэрээр шашин, мөргөл хоёр нэг юм. Уулын овоон дээр гарахад лам нар төвд хэлээр ном уншдаг, бөө нар язгуур монгол хэлээрээ хэлээрээ дууддаг. Гэхдээ уг чанар нь нэг юм. Энэ хоёрыг нэг дор байлгахад бөө мөргөлийг айхтар, хараал жатга хийдэг, аймшигтай гэх мэт олон зуун дамжсан айдас үгүй болно гэж Цэрэн зайран хэлдэг байжээ. Тиймээс шарын шашны сүмийн зүүн талд бөө мөргөлийн Тэнгэрийн хөх сүмийг зайран сэрүүн тунгалагтаа бариулсан гэнэ.

Эдгээр сүмийн хойхно бөөгийн отгийн гол -хэсэгт наадмын төв асар гэмээр модон сүүдрэвч байна. Уг сүүдрэвчийн чанх урд нь олон модон шонг хоёр ярайтал босгосон нь бөөгийн зан үйлийн хамгийн гол хэрэглүүр гэнэ. Чанараа хийж, дээд тэнгэртэй харьцан хүч чадал олж авч байгаа бөө нар 81 эсвэл 108 ширхэг хусыг үндсээр нь сугалан авчирч мөчрийг нь зурам буюу өнгө өнгийн бөсөөр чимэглэн түүн дээгүүрээ гүйж харайх гэх мэтээр увдис чадвараа үзүүлдэг байна. Бөө болж чанар хийж байгаа хүний тоогоор зулзаган хусыг үндэстэй нь авчрах боломжгүй тул ийнхүү модон шон зоосон гэнэ. Тэдгээр шонгийн оройд хусны багахан мөчир авчирч хатгаад л амьд модыг орлуулдаг юм байна. Энэ нь нэг талаар байгалиа хамгаалж байгаа хэрэг хэмээн Ц.Оюунбаатар бөө тайлбарласан. Мөн тэрээр анх дандаа нойтон хус ойгоос булга татан авчран чанар хийх бөөгийн сэрэг гээчийг засдаг байсны дурсгал болгон хус модны өгөршсөн үндэснүүдийг цуглуулан овоо босгосноо сонирхуулж байв.

Ц.Оюунбаатар бөө чанар хийх зан үйлд зориулан ойгоос хус модыг үндэстэй нь авчрахыг болиулсан төдийгүй өөрөө бяцхан мод үржүүлгийн газар байгуулсан гэнэ. Чанар хийхээр ирсэн бөө нараас зургаан мянган төгрөгийн хураамж авч түүнийгээ тарьсан модоо арчлахад зориулдаг байна. Мөн засал хийлгэж, мөргөж сүсэглэхээр ирж байгаа хүмүүсээс хогны мөнгө гэж 1000 төгрөг л авдаг аж. Өөр ямар нэгэн хураамж, тогтоосон тариф байхгүй. Энэхүү бөөгийн отогт ирсэн сүсэгтэн хүн сэтгэлээрээ л өргөл өргөдөг ажээ. Жирийтэл зоосон модон шонгуудын хойд талд морь барианы газар байдаг индэртэй төстэй өндөр модон тавцан хоёрыг босгожээ.

Энд бөө, удганууд онгод тэнгэртээ идээ шүүсээ дээжлэн тавьж хүндэтгэл үзүүлдэг гэнэ. Тэрхүү тавцан руу гарахын тулд бөө нар эгц огцом байрлуулсан шатаар маш хурдан авирдаг юм билээ. Үүнийг шахаанд орох гэж нэрлэдэг аж. Тийн авирч байхад нь увдис чадал багатай бөөг бол онгод тэнгэрүүд шууд татаж унагадаг гэнэ. Хэрвээ тэрхүү тавцангийн дээд талд гарч гэмээнэ нөгөө тал руу нь шилний хагархай дээр хөл нүцгэн үсэрч бууна. Нэг ёсондоо йогын дасгал үзүүлж байгаа хэрэг юм уу даа. Чанараа хийж байгаа бөө, удганууд ядарсан нэгнийг явгалахгүй гэх мэтээр онгод тэнгэртээ андгай өргөдөг байна. Хэрвээ энэ андгай тангаргаа зөрчвөл асар их нүгэл хойч үед минь ирнэ гэж үздэг гэнэ. Тиймээс чанараа хийж байгаа гурван удган “андгайгаа зөрчвөөс бор цоохор оргой минь бутны ёроолд хэвтэг, хар цоохор оргой минь хадны ёроолд хэвтэг” хэмээн андгайлж байхыг бид үзэж сонирхсон. Тэд андгай өргөснийхөө дараа дээр өгүүлсэн тавцан руу гарах гээд чадалгүй татагдан унасан юм. Тэдний дор дөрвөн залуу орны бүтээлэг барин тосч аваагүй бол тас гэдэргээ савж, нуруугаа хугалж мэдэхээр юм билээ.

Бөө мөргөлийг гажуудуулж, бизнес шоу болгосон хүн олон байна

”Тэнгэрийн сүлдэр” бөө мөргөлийн сургалт, шүтээний төвийн тэргүүн, бөө Ц.Оюунбаатартай цөөн хором ярилцлаа.

-Бөө нар борооны дараахь мөөг шиг олширч байна. Тэр хэрээр бөө мөргөлийн нэр хүнд шороотой хутгалдах боллоо. Та өөрөө бөө хүний хувьд үүнд ямар дүгнэлт хийж байна вэ?

-Бөө мөргөлийг гажуудуулж, бизнес шоу болгосон улс асар олон байна. Сайхан сайхан нэртэй холбоод байна. Даанч дотор нь ажиллаж байгаа хүмүүст учир байна. Аав минь өөрөө бөө мөргөлийн төвийг энд байгуулах нь зүйтэй, энэ олон шавь нар, бөө, удганууд засаг захиргаагүй байж болохгүй. Тэд бөө мөргөлийн ёс жаягийг гажуудуулж байна. Олз омгийн хойноос явж байна, хүн амьтныг айлгаж байна. Үүнийг дэгтэй, журамтай байлгах хэрэгтэй гэж хэлдэг байсан. Ийм сэтгэлийн үүднээс 2003 онд “Тэнгэрийн сүлдэр” холбоог байгуулсан. Энэ холбоонд одоо 300-гаад гишүүн харьяалагддаг. Тэд энд ирж чанараа хийгээд, бөө мөргөлийн үйл ажиллагаа, тайлга тахилгад оролцдог. Мөн 300 гаруй бөө биднээс холбоо тасарч бөө сураггүй болсон.

Хүний итгэл үнэмшил гэдэг маш нарийн нандин зүйл. Манайхан нэгэн насны үйлийг ганц хоёрхон хоногт шийдэх гэж туйлширдаг. Бөө мөргөлийн ёсоор бол одоогийнх шиг өнөөдөр бөө, удган боллоо гэхэд маргааш нь хүний засал хийж явдаг тийм зүйл байхгүй. Гэтэл хүмүүс ийм буруу ойлголттой болчихоод, янз бүрийн хүнд очиж хэдэн сая төгрөг өгдөг. Тэгээд бөө болсон ч юмгүй хүнийг мунхруулаад л. Ийм зүй бус үзэгдэл Монголд их байгаа.

-Бөөгийн ёс жаягийг алдагдуулж, нэр хүндийг нь унагаж байгаа хүмүүстэй хэрхэн тэмцэх ёстой юм бэ. Бөө нар та бүхэн өөрсдөө ямар нэгэн алхам хийх хэрэгтэй юм биш үү?

-Манай “Тэнгэрийн сүлдэр” холбоо уян хатан үйл ажиллагаа явуулж байж ард түмнийг сэнхрүүлэх ёстой гэж үздэг. Тэгэхгүй бол энэ биднийг муулдагш, шүүмжилдэг хэн юм бэ гэх хүн захаас аваад гарна. Тиймээс хүн зоны ухамсрыг энэ буруу зөрүү ярьдаг, худлаа дөвчигнөдөг, бизнес шоу хөөдөг бөө нараас аажмаар холдуулж, тэднийг таньж мэддэг болгохыг хичээж байна.

-Танай бөөгийн отогт болж байгаа үйл ажиллагаа аавын тань танд зааж сургасан зүйлүүд үү?

-Жил бүрийн тавдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 14 хүртэл тэнгэрийн үүд нээгддэг гэж үздэг. Хөхөө шувуу донгодоход хөвч ой хангай баясах энэ хугацаанд эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд энэ их мөргөлийг хийдэг. Энэ мөргөл миний мэдэхээр аав болон аавын багш Чимид удган, түүний багш Дамдин зайран гэж байсан, тэр хүмүүсээс гурван үеийн цаанаас уламжилж ирсэн. Ийм түүхтэй мөргөл энд байна. Энэ мөргөлийг би гажуудуулахгүй, олз омгийн хойноос явуулахгүй, хүн зонд тус болоосой гэсэн үүднээс аавынхаа олон шавь нартай хамтарч энэ төвийг авч яваа юм. Аавын олон шавь бий. Тэд энд зуны цагт ар гэрээ орхиод олондоо тус болох гэж ирдэг.

Энд зовсон хүн ирэхээс жаргасан хүн ирэхгүй. Тэдэнд тус болохсон л гэж хичээдэг. Зундаа дунджаар дөрөв таван мянган хүн манай отгийг зорьж ирдэг.

-Бөөгийн чанар хийх гэдэг нь ямар учиртай зан үйл юм бэ?

-Чанар гэдэг бол тэнгэрээс гуйх шидийн өргөл гэсэн үг л дээ. Энэ бол нэг ёсондоо бөөгийн ид чадал гүйцээх дамжаа юм даа. Буриад бөөгийн ёсонд нэг бөө 13 удаа чанар хийх ёстой. Тухайн бөө 13 наснаас 51 нас хүртэл гурван жилийн зайтай чанараа хийх ёстой. Бөө мөргөл сүүлийн 70-80 жил, халхад бол бүр 200-300 гаруй жил тасарсан. Буриадууд бөө мөргөлөө ёс жаягаар нь хадгалж авчирсан гэж эрдэмтэд үздэг. Дээхнэ үед чадалтай сайхан бөө, удганууд байсан. Минжүүр хувилгаан, Мөлхөө хөгшин, Балжир, Налжирваа гээд л. Мөн манай аав байна. Гарын арван хуруунд багтах цөөн хэдэн хүн байсан. 2000 оноос хойш л энэ нь татарчаад балраад байна. Үүнийг ард түмэн ухамсарлах хэрэгтэй байгаа юм. Хаагдаж, дарагдаж, дарлагдаж явсан мөргөл болохооро онгод тэнгэр нь бөө, улаач, тулмааш нараа яаруулж сандруулдаг юм уу, яадаг юм. Сүүлийн үед жил болгон чанар хийж, тэгээд наймаас арван удаа чанар хийсний дараа өнжиж байна.

-Бөө нар 13 удаа чанар хийж байж зайран болдог гэлээ. Удган хүн мөн адил уу?

-Одоо ч хүн бүр л өөрийгөө зайран гэдэг болж. Эрэгтэй хүнийг бөө, эмэгтэй хүнийг удган гэдэг. Бөө нь 13 удаа чанар хийж байж зайран болдог бол удган хүн 13 удаа чанар хийсний дараа дуурьсах болдог. Гэтэл улаач нь болж байгаа хүн ч, багш нь ч тэрийгээ мэдэхгүй эмэгтэй хүн байсан ч зайран гээд л нэрлээд явж байна. Тэр байтугай чанар хийсэн тоогоороо бөө нарыг өөр өөрөөр нэрлэдэг байсан. Тольт бөө, хэцэт бөө, нөмрөгт бөө гээд л. Одоо бол энэ бүхэн хамаагүй болжээ.

-Энэ бүхнийг хэлж заах эрдэм чадалтай бөө нар ховор байна уу. Эсвэл өөр шалтгаантай юу?

-Бөө мөргөлийн уламжлалт зан үйлийг жинхэнэ ёсоор нь явуулах гэхээр эрдэмтэн докторууд завсраар нь орж, ингэж тэгж судалсан, ийм тийм байдаг гээд янз бүрээр ярьдаг тал байна. Жишээ нь, зарим эрдэмтэн халх хүн халхын бөөдөө, дархад хүн дархад бөөдөө, буриад хүн буриад бөөдөө л очих ёстой гэж хачин юм ярьдаг. Тэгж монгол туургатныг хагаралдуулж байна. Би тэдэнд хэлдэг юм. Та нар тэгж монголчуудыг хагалж бутаргаж болохгүй гэж. Энэ чинь нэг л шашин, нэг л мөргөл шүү дээ.

-Одоо олон түмнийг айлгаж сандаргаад байгаа энэ олон бөө нарын дотор 13 удаа чанараа хийж зайран болсон хүн байна уу?

-Миний мэдэхийн байхгүй. Зайран ч алга. Дуурьсах болсон удган ч байхгүй. Өөрсдөө зайран гээд нэрлэсэн хулхи зайрангууд л яваад байгаа биз дээ. Гэхдээ Хөвсгөлийн Гоош гуай гэх мэт сайн бөө нар байна. Тэднийг би хүндэлдэг. Гоош гуай бол сайн бөө. Энд тэнд ийм сайн хүн цөөн ч гэсэн байна. Дууриамал бөө ч их гарч байх шиг байна. Тэд бол бизнес тал руугаа. Шууд л 500 мянган төгрөг өг, гурван сая төгрөг өг, тэгэхгүй бол эхнэр чинь үхлээ шүү гэхээр чи унасан малгайгаа авах ч сөхөөгүй, хад чулуу мөргөн алдан давхиж очоод л байр байшингаа зээлийн барьцаанд тавьж хэдэн төгрөг олж ирээд тэр бөөд өргөдөг. Тэгээд нөгөө авгай нь үхдэг ч үгүй, гурван сая төгрөг байхгүй, байр банкны барьцаанд үлдэж байгаа юм.

Тэр байтугай ангиараа дадлагаар явсан 30 гаруй оюутныг бүгдийг нь айлгаад, бөө болохгүй бол чи удахгүй үхнэ, ээж чинь үхнэ, дүү чинь үхнэ гэх мэтээр мунхруулсан тохиолдол уржнан гарсан. Надад тэр хүүхдүүд ирээд яах вэ гээд хандсан. Би хэлсэн. Та нарт тийм юм байхгүй ээ. Захын хүний хэлсэн үгэнд итгэж айх хэрэггүй. Та нарын өвөг дээдсээс шүтсэн бурхан штээн чинь юу байна түүнийгээ л шүт гэсэн.

-Ингэхэд бөө гэдэг ер нь ямар хүмүүс юм бэ?

-Бөө гэдэг бол тэнгэрийн улаач.