Friday, October 14, 2011

Цэрэн зайрангийн отог бөөг ингэж бэлтгэдэг

Уулзаагүй удсан найзыгаа сураглахад бөө болчихсон байх юм. Шинэхэн танилцсан дуу бичлэгийн студийн найруулагч рокер залуу хүртэл бөөгийн толь зүүчихсэн тууж явах ажээ. Ажилд орох гээд туршилтаар явж байсан залуухан бүсгүй гэв гэнэт удган болно, уг барина гээд чөлөө аваад арилж өгөхийг үзэв. Хуульч мэргэжилтэй залуу “Дүү нь бөө болсоон, хөдөө гадаа яваад” гээд гартаа эрхи зүүчихсэн, ганган цагаан машин уначихсан давхиж яваатай ч таарав. Ер нь айл бүр бөө, удгантай болсон гэдэг үнэн бололтой.

Гэхдээ энэхүү бүх нийтийг бөөжүүлэх аян сайнаас илүүтэй саарыг л дуулгаж байна аа. Удган болгох гэж байгаа нь энэ гээд залуухан бүсгүйг халуун усанд шалзлаад алчихсан харамсмаар хэрэг саяхан гарсан дуулдав. Жилийн өмнө мөн л иймэрхүү бүдүүлэг харгис зан үйлийн улмаас нэгэн сайхан залуу халуун архинд түлэгдэж нас барсан тухай шуугиж байсан. Их тэнгэрийн амны баруухан талд хадаг яндар уясан хэдэн модны дэргэд үдэш бүр бөө, удганууд цугларч хэнгэрэг балбаж, тэр хавиар амарч зугаалж яваа хүмүүсийг айлгаж, жийрхүүлдэг юм билээ.

Элдвээр орилж хашгичсан, согтуу галзуу нь мэдэгдэхгүй тэднээс хэн ч гэсэн айж, жигшмээр харагддаг. Зарим бөө хотын ойролцоо бөөгийн отог гээчийг байгуулчихаад тэндээ өндөр үнээр шинэ залуу бөө нарыг бөөндөн бэлтгэдэг болсон гэх. Юутай ч өнөөдөр хүн бүр бөө болох гэж хошуурч байна. Нарийн боовчны дамжаанд суух гэж байгаа юм шиг л бөөгийн уг барьж, чанар хийх гэж зүтгэдэг болжээ. Тэр бүхний үр дүнд ард түмний айдас, түгшүүр, өвчин зовлон дээр дөрөөлөн, өндөр үнэ өртгөөр засал хийдэг асман бөө нар олшров. Бөө гэдэг сүлжээний бизнес болж хувирав.

Ийнхүү бөө нар чих халууцуулах болсон энэ үед Дорнод нутгаар тойрон аялсан замын эхэнд бөөгийн отогт дөрөө мултлан саатах завшаан тохиолдсон юм. Тэнд үзсэн харснаа уншигчидтайгаа хуваалцахыг зорилоо. Бидний очсон бөөгийн отог бол дээр дурдсан хот орчмын бөө нарыг “бөөнддөг” газар биш, Монгол даяар алдартай Цэрэн зайрангийн үүсгэн байгуулсан бөө мөргөлийн сургалт, шүтээний төв юм.

Цэрэн зайран Хэнтий аймгийн Батширээт суманд амьдарч байгаад 1984 онд Дорнод аймгийн Баян-Уул сумын Хархираа хэмээх уул, ус тэгш сайхан газарт ирж нутаглажээ. Түүнийг шинэ нутагт ирээд жил гаруй болсных нь дараа баривчлан Дорнод аймагт хоёр жил хэртэй шоронд хорьж байгаад сулласан гэдэг. Ингээд Цэрэн бөө шоронгоос гарч ирээд удалгүй бурхан шашин дэлгэрэх цаг ирэхэд бөө мөргөлийн төвөө байгуулжээ. Эдүгээ Цэрэн зайрангийн удмыг залгаж яваа хүү Ц.Оюунбаатар нь аавынхаа үүсгэн байгуулсан бөө мөргөлийн сургалт, шүтээний төвийг хариуцан, зан үйлийг нь ёс жаягийн дагуу гүйцэтгэсээр байгаа ажээ. Энэхүү бөөгийн отог байрлах Хархираа хэмээх газар нь Баян-Уул сумын төвөөс баруун урагш 30 орчим километр зайтай.

Отгийг анх харсан хүн бэсрэгхэн жуулчны бааз гэж андуурмаар. Амралтын газар, жуулчны баазад байдаг шиг тав зургаан жижигхэн модон байшин бөөгийн отгийн хойд дэнжид ярайж харагдана. Мөн хол ойроос ирсэн хүмүүсийн майхан, машин тэрэг зүүн этгээдээр нь алаглах аж. Бөөгийн отгийн урд захад Цэрэн зайрангийн байгуулсан Майдар бурхны сүм байна. Дамбадаржаалин нэртэй энэхүү сүмд гол шүтээн Майдар бурхнаас гадна Таванхаан, Гомбо, Махгал, Богд Зонховын солжид гээд бүх бурхан шүтээн, Арван хангалын ном судар бий гэнэ.

Энэ сүмд лам ирээд ном хуръя гэвэл цан хэнгэрэг, ганлин, гандан, хонх, дамар бүгд бэлэн байна лээ. Бөөгийн отогт шарын шашны бурхан шүтээн бүхий сүмийг барьж байгуулсны учрыг сонирхоход уг сүмийг Цэрэн зайран хар, шарыг зохилдуулах үүднээс барьж босгосон гэнэ. Учир нь тэрээр 13 нас хүртлээ лам болж бурхны ном үзэж байжээ. Ингээд 13 насандаа ухаан нь гэнэт самуурч, бөө болох шинж нь тодорсноор Улзын алдарт Чимид удганы шавь болсон байна. Түүнээс хойш 66 жил хэнгэргийн дуу таслаагүй ажээ.

Бөө мөргөл хийгээд шарын шашинд харшлах зүйл үгүй. Гагцхүү тэдгээрт мөргөж, сүсэглэж байгаа хүмүүс л дотроос нь хагаралдуулдаг хэмээн Ц.Оюунбаатар бөө хэлнэ лээ. Түүний аав Цэрэн зайран ч ингэж хэлдэг байж. Тэрээр шашин, мөргөл хоёр нэг юм. Уулын овоон дээр гарахад лам нар төвд хэлээр ном уншдаг, бөө нар язгуур монгол хэлээрээ хэлээрээ дууддаг. Гэхдээ уг чанар нь нэг юм. Энэ хоёрыг нэг дор байлгахад бөө мөргөлийг айхтар, хараал жатга хийдэг, аймшигтай гэх мэт олон зуун дамжсан айдас үгүй болно гэж Цэрэн зайран хэлдэг байжээ. Тиймээс шарын шашны сүмийн зүүн талд бөө мөргөлийн Тэнгэрийн хөх сүмийг зайран сэрүүн тунгалагтаа бариулсан гэнэ.

Эдгээр сүмийн хойхно бөөгийн отгийн гол -хэсэгт наадмын төв асар гэмээр модон сүүдрэвч байна. Уг сүүдрэвчийн чанх урд нь олон модон шонг хоёр ярайтал босгосон нь бөөгийн зан үйлийн хамгийн гол хэрэглүүр гэнэ. Чанараа хийж, дээд тэнгэртэй харьцан хүч чадал олж авч байгаа бөө нар 81 эсвэл 108 ширхэг хусыг үндсээр нь сугалан авчирч мөчрийг нь зурам буюу өнгө өнгийн бөсөөр чимэглэн түүн дээгүүрээ гүйж харайх гэх мэтээр увдис чадвараа үзүүлдэг байна. Бөө болж чанар хийж байгаа хүний тоогоор зулзаган хусыг үндэстэй нь авчрах боломжгүй тул ийнхүү модон шон зоосон гэнэ. Тэдгээр шонгийн оройд хусны багахан мөчир авчирч хатгаад л амьд модыг орлуулдаг юм байна. Энэ нь нэг талаар байгалиа хамгаалж байгаа хэрэг хэмээн Ц.Оюунбаатар бөө тайлбарласан. Мөн тэрээр анх дандаа нойтон хус ойгоос булга татан авчран чанар хийх бөөгийн сэрэг гээчийг засдаг байсны дурсгал болгон хус модны өгөршсөн үндэснүүдийг цуглуулан овоо босгосноо сонирхуулж байв.

Ц.Оюунбаатар бөө чанар хийх зан үйлд зориулан ойгоос хус модыг үндэстэй нь авчрахыг болиулсан төдийгүй өөрөө бяцхан мод үржүүлгийн газар байгуулсан гэнэ. Чанар хийхээр ирсэн бөө нараас зургаан мянган төгрөгийн хураамж авч түүнийгээ тарьсан модоо арчлахад зориулдаг байна. Мөн засал хийлгэж, мөргөж сүсэглэхээр ирж байгаа хүмүүсээс хогны мөнгө гэж 1000 төгрөг л авдаг аж. Өөр ямар нэгэн хураамж, тогтоосон тариф байхгүй. Энэхүү бөөгийн отогт ирсэн сүсэгтэн хүн сэтгэлээрээ л өргөл өргөдөг ажээ. Жирийтэл зоосон модон шонгуудын хойд талд морь барианы газар байдаг индэртэй төстэй өндөр модон тавцан хоёрыг босгожээ.

Энд бөө, удганууд онгод тэнгэртээ идээ шүүсээ дээжлэн тавьж хүндэтгэл үзүүлдэг гэнэ. Тэрхүү тавцан руу гарахын тулд бөө нар эгц огцом байрлуулсан шатаар маш хурдан авирдаг юм билээ. Үүнийг шахаанд орох гэж нэрлэдэг аж. Тийн авирч байхад нь увдис чадал багатай бөөг бол онгод тэнгэрүүд шууд татаж унагадаг гэнэ. Хэрвээ тэрхүү тавцангийн дээд талд гарч гэмээнэ нөгөө тал руу нь шилний хагархай дээр хөл нүцгэн үсэрч бууна. Нэг ёсондоо йогын дасгал үзүүлж байгаа хэрэг юм уу даа. Чанараа хийж байгаа бөө, удганууд ядарсан нэгнийг явгалахгүй гэх мэтээр онгод тэнгэртээ андгай өргөдөг байна. Хэрвээ энэ андгай тангаргаа зөрчвөл асар их нүгэл хойч үед минь ирнэ гэж үздэг гэнэ. Тиймээс чанараа хийж байгаа гурван удган “андгайгаа зөрчвөөс бор цоохор оргой минь бутны ёроолд хэвтэг, хар цоохор оргой минь хадны ёроолд хэвтэг” хэмээн андгайлж байхыг бид үзэж сонирхсон. Тэд андгай өргөснийхөө дараа дээр өгүүлсэн тавцан руу гарах гээд чадалгүй татагдан унасан юм. Тэдний дор дөрвөн залуу орны бүтээлэг барин тосч аваагүй бол тас гэдэргээ савж, нуруугаа хугалж мэдэхээр юм билээ.

Бөө мөргөлийг гажуудуулж, бизнес шоу болгосон хүн олон байна

”Тэнгэрийн сүлдэр” бөө мөргөлийн сургалт, шүтээний төвийн тэргүүн, бөө Ц.Оюунбаатартай цөөн хором ярилцлаа.

-Бөө нар борооны дараахь мөөг шиг олширч байна. Тэр хэрээр бөө мөргөлийн нэр хүнд шороотой хутгалдах боллоо. Та өөрөө бөө хүний хувьд үүнд ямар дүгнэлт хийж байна вэ?

-Бөө мөргөлийг гажуудуулж, бизнес шоу болгосон улс асар олон байна. Сайхан сайхан нэртэй холбоод байна. Даанч дотор нь ажиллаж байгаа хүмүүст учир байна. Аав минь өөрөө бөө мөргөлийн төвийг энд байгуулах нь зүйтэй, энэ олон шавь нар, бөө, удганууд засаг захиргаагүй байж болохгүй. Тэд бөө мөргөлийн ёс жаягийг гажуудуулж байна. Олз омгийн хойноос явж байна, хүн амьтныг айлгаж байна. Үүнийг дэгтэй, журамтай байлгах хэрэгтэй гэж хэлдэг байсан. Ийм сэтгэлийн үүднээс 2003 онд “Тэнгэрийн сүлдэр” холбоог байгуулсан. Энэ холбоонд одоо 300-гаад гишүүн харьяалагддаг. Тэд энд ирж чанараа хийгээд, бөө мөргөлийн үйл ажиллагаа, тайлга тахилгад оролцдог. Мөн 300 гаруй бөө биднээс холбоо тасарч бөө сураггүй болсон.

Хүний итгэл үнэмшил гэдэг маш нарийн нандин зүйл. Манайхан нэгэн насны үйлийг ганц хоёрхон хоногт шийдэх гэж туйлширдаг. Бөө мөргөлийн ёсоор бол одоогийнх шиг өнөөдөр бөө, удган боллоо гэхэд маргааш нь хүний засал хийж явдаг тийм зүйл байхгүй. Гэтэл хүмүүс ийм буруу ойлголттой болчихоод, янз бүрийн хүнд очиж хэдэн сая төгрөг өгдөг. Тэгээд бөө болсон ч юмгүй хүнийг мунхруулаад л. Ийм зүй бус үзэгдэл Монголд их байгаа.

-Бөөгийн ёс жаягийг алдагдуулж, нэр хүндийг нь унагаж байгаа хүмүүстэй хэрхэн тэмцэх ёстой юм бэ. Бөө нар та бүхэн өөрсдөө ямар нэгэн алхам хийх хэрэгтэй юм биш үү?

-Манай “Тэнгэрийн сүлдэр” холбоо уян хатан үйл ажиллагаа явуулж байж ард түмнийг сэнхрүүлэх ёстой гэж үздэг. Тэгэхгүй бол энэ биднийг муулдагш, шүүмжилдэг хэн юм бэ гэх хүн захаас аваад гарна. Тиймээс хүн зоны ухамсрыг энэ буруу зөрүү ярьдаг, худлаа дөвчигнөдөг, бизнес шоу хөөдөг бөө нараас аажмаар холдуулж, тэднийг таньж мэддэг болгохыг хичээж байна.

-Танай бөөгийн отогт болж байгаа үйл ажиллагаа аавын тань танд зааж сургасан зүйлүүд үү?

-Жил бүрийн тавдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 14 хүртэл тэнгэрийн үүд нээгддэг гэж үздэг. Хөхөө шувуу донгодоход хөвч ой хангай баясах энэ хугацаанд эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд энэ их мөргөлийг хийдэг. Энэ мөргөл миний мэдэхээр аав болон аавын багш Чимид удган, түүний багш Дамдин зайран гэж байсан, тэр хүмүүсээс гурван үеийн цаанаас уламжилж ирсэн. Ийм түүхтэй мөргөл энд байна. Энэ мөргөлийг би гажуудуулахгүй, олз омгийн хойноос явуулахгүй, хүн зонд тус болоосой гэсэн үүднээс аавынхаа олон шавь нартай хамтарч энэ төвийг авч яваа юм. Аавын олон шавь бий. Тэд энд зуны цагт ар гэрээ орхиод олондоо тус болох гэж ирдэг.

Энд зовсон хүн ирэхээс жаргасан хүн ирэхгүй. Тэдэнд тус болохсон л гэж хичээдэг. Зундаа дунджаар дөрөв таван мянган хүн манай отгийг зорьж ирдэг.

-Бөөгийн чанар хийх гэдэг нь ямар учиртай зан үйл юм бэ?

-Чанар гэдэг бол тэнгэрээс гуйх шидийн өргөл гэсэн үг л дээ. Энэ бол нэг ёсондоо бөөгийн ид чадал гүйцээх дамжаа юм даа. Буриад бөөгийн ёсонд нэг бөө 13 удаа чанар хийх ёстой. Тухайн бөө 13 наснаас 51 нас хүртэл гурван жилийн зайтай чанараа хийх ёстой. Бөө мөргөл сүүлийн 70-80 жил, халхад бол бүр 200-300 гаруй жил тасарсан. Буриадууд бөө мөргөлөө ёс жаягаар нь хадгалж авчирсан гэж эрдэмтэд үздэг. Дээхнэ үед чадалтай сайхан бөө, удганууд байсан. Минжүүр хувилгаан, Мөлхөө хөгшин, Балжир, Налжирваа гээд л. Мөн манай аав байна. Гарын арван хуруунд багтах цөөн хэдэн хүн байсан. 2000 оноос хойш л энэ нь татарчаад балраад байна. Үүнийг ард түмэн ухамсарлах хэрэгтэй байгаа юм. Хаагдаж, дарагдаж, дарлагдаж явсан мөргөл болохооро онгод тэнгэр нь бөө, улаач, тулмааш нараа яаруулж сандруулдаг юм уу, яадаг юм. Сүүлийн үед жил болгон чанар хийж, тэгээд наймаас арван удаа чанар хийсний дараа өнжиж байна.

-Бөө нар 13 удаа чанар хийж байж зайран болдог гэлээ. Удган хүн мөн адил уу?

-Одоо ч хүн бүр л өөрийгөө зайран гэдэг болж. Эрэгтэй хүнийг бөө, эмэгтэй хүнийг удган гэдэг. Бөө нь 13 удаа чанар хийж байж зайран болдог бол удган хүн 13 удаа чанар хийсний дараа дуурьсах болдог. Гэтэл улаач нь болж байгаа хүн ч, багш нь ч тэрийгээ мэдэхгүй эмэгтэй хүн байсан ч зайран гээд л нэрлээд явж байна. Тэр байтугай чанар хийсэн тоогоороо бөө нарыг өөр өөрөөр нэрлэдэг байсан. Тольт бөө, хэцэт бөө, нөмрөгт бөө гээд л. Одоо бол энэ бүхэн хамаагүй болжээ.

-Энэ бүхнийг хэлж заах эрдэм чадалтай бөө нар ховор байна уу. Эсвэл өөр шалтгаантай юу?

-Бөө мөргөлийн уламжлалт зан үйлийг жинхэнэ ёсоор нь явуулах гэхээр эрдэмтэн докторууд завсраар нь орж, ингэж тэгж судалсан, ийм тийм байдаг гээд янз бүрээр ярьдаг тал байна. Жишээ нь, зарим эрдэмтэн халх хүн халхын бөөдөө, дархад хүн дархад бөөдөө, буриад хүн буриад бөөдөө л очих ёстой гэж хачин юм ярьдаг. Тэгж монгол туургатныг хагаралдуулж байна. Би тэдэнд хэлдэг юм. Та нар тэгж монголчуудыг хагалж бутаргаж болохгүй гэж. Энэ чинь нэг л шашин, нэг л мөргөл шүү дээ.

-Одоо олон түмнийг айлгаж сандаргаад байгаа энэ олон бөө нарын дотор 13 удаа чанараа хийж зайран болсон хүн байна уу?

-Миний мэдэхийн байхгүй. Зайран ч алга. Дуурьсах болсон удган ч байхгүй. Өөрсдөө зайран гээд нэрлэсэн хулхи зайрангууд л яваад байгаа биз дээ. Гэхдээ Хөвсгөлийн Гоош гуай гэх мэт сайн бөө нар байна. Тэднийг би хүндэлдэг. Гоош гуай бол сайн бөө. Энд тэнд ийм сайн хүн цөөн ч гэсэн байна. Дууриамал бөө ч их гарч байх шиг байна. Тэд бол бизнес тал руугаа. Шууд л 500 мянган төгрөг өг, гурван сая төгрөг өг, тэгэхгүй бол эхнэр чинь үхлээ шүү гэхээр чи унасан малгайгаа авах ч сөхөөгүй, хад чулуу мөргөн алдан давхиж очоод л байр байшингаа зээлийн барьцаанд тавьж хэдэн төгрөг олж ирээд тэр бөөд өргөдөг. Тэгээд нөгөө авгай нь үхдэг ч үгүй, гурван сая төгрөг байхгүй, байр банкны барьцаанд үлдэж байгаа юм.

Тэр байтугай ангиараа дадлагаар явсан 30 гаруй оюутныг бүгдийг нь айлгаад, бөө болохгүй бол чи удахгүй үхнэ, ээж чинь үхнэ, дүү чинь үхнэ гэх мэтээр мунхруулсан тохиолдол уржнан гарсан. Надад тэр хүүхдүүд ирээд яах вэ гээд хандсан. Би хэлсэн. Та нарт тийм юм байхгүй ээ. Захын хүний хэлсэн үгэнд итгэж айх хэрэггүй. Та нарын өвөг дээдсээс шүтсэн бурхан штээн чинь юу байна түүнийгээ л шүт гэсэн.

-Ингэхэд бөө гэдэг ер нь ямар хүмүүс юм бэ?

-Бөө гэдэг бол тэнгэрийн улаач.

4 comments:

Anonymous said...

Сайхан нийтлэл байна

Anonymous said...

Сайхан нийтлэл байна

Anonymous said...

Сайхан нийтлэл байна

Anonymous said...

за чи жинхэн донгосож байндаа бөө болно гэдэг чин шавар байшинд шавааралдаж болдоггүй юм уул хангайдаа болдог чи өөрийгөө ганц сайн зайран гэх гэж байгаа бол жинхэн худлаа юм гэж тэрийг хэлнэ бас чамд нэг юм хэлхэд манай монголийн бөө ер тасраагүй үлдсэн газар гэвэл хөвсгөлд үлдсийн юун буриад бэ дамдин зайран бол хөвсгөлийнх бас алдарт зайран удгадууд бол хөвсгөлд байдгийншдээ та нар шарийн шашинд дагаар орчихоод юу донгосож сууна бэ жинхэн бөө мөргөл тасраагүй үндэс угсаа гарвал гэвэл дархад бөө нар бусад нь ламнартай холбогдсон шарийн шашин монголд юу хийсэн юм бэ эрчүүдийг нь лам болгож авгай авхуулахгуй болгоод ариун дагшин эмсииг мин овоондээр гаргахгуй мунхаг тэнэг болгох гэж чармайсан хятадууд бидний монголийг байлдан ялж чадахгуй болоод ирхээрээ буддийн шашинаар биднийг дарсан бусуу лам нар бидэнд юу хийж бүтээж өгсөн юум бээ сайн тунгаагаарай ядаж монгол хэлээр сан тавичихдаг билуу бид харийн хэлээр ном уншуулаад суухаасаа ичихгуй байна гэжүү бид түвдэд биш монголдоо байгаа биздээ тийм сүрхий юм бол орчуулаад уншдаа монгол хэлдээр орчуулах юм бол наадахчин ямарч утаггуй авцалдаагуй уг хэллэг байдаг юмшуудээ