Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк хамтран 2009 оноос Онон голын сав газарт нутийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментээр ядуурлыг бууруулах төслийн хэрэгжүүлж эхэлжээ. Энэ төслийн хүрээнд иргэнд нөхөрлөл байгуулан байгалийн нөөцийг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулж, амьжиргаандаа нэмэр болох болжээ. Дорнод аймгийн Баян-Уул суманд л гэхэд ойн 15 нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тэд бүгд дээрх төсөлд хамрагдан зохих удирдлагаар хангагддаг байна.
Онон голын сав газарт нутийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментээр ядуурлыг бууруулах төслийн зохицуулагч, Онон, Балжийн байгалийн цогцолборт газрын орчны бүсийн зөвлөлийн дарга Ж.Доржтой уулзаж нутгийн иргэдийн байгуулсан ойн нөхөрлөлийн талаар сонирхлоо. Баян-Уул сум бол Дорнод аймгийн баруун хойд хоймор нутаг. Сибирийн их ойн шувтарга болсон нарс, шинэс,хусан ойтой. Байгалийн үзэсгэлэнтэй сайхан нутаг. Ямар сайндаа их эрдэмтэн Бямбын Ринчен гуай Баян-Уулд ирээд Монголын хамгийн сайхан байгальтай сум хэмээн хэлж байх вэ дээ. Улзын ногоон хөндийгөөс урагш тал хээр эхэлдэг бол хойшоо явах тусам ойт хээр, ой хөвч, ян хөвч үргэлжилнэ.
Энэ их ой тайга нэг хэсэг эзэнгүйдэж, олз ашиг хайгчдын хөлд талхлагдах, гал түймэрт өртөх зэргээр сүйдэх болжээ. Хулгайгаар мод огтолж түлш болон ахуйн хэрэглээнд ашиглах явдал ч газар аваад байж. Энэ замбараагүй байдлыг цэгцлэх арга замыг сум орон нутгийн удирдлага хайж сүвэгчилж байсан ч бүрмөсөн таслан зогсоож дийлэхгүй байжээ. Харин Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк хамтран Онон голын сав газарт нутийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментээр ядуурлыг бууруулах төслийн хэрэгжүүлж эхэлсэн нь чухам нүдээ олсон хэрэг болжээ. Баян-Уул сумын иргэд арав, хориороо санаа нийлэн нөхөрлөл байгуулж тодорхой газар нутгийг хариуцан авч хамгаалах болжээ. Ингэхдээ уг газартаа нөхөн сэргээлт хийх, гал түймэр болон хулгайн анчид, модчидоос хамгаалах зэрэг ажлыг хамтын хүчээр хийх болжээ. Үүний зэрэгцээ ой цэвэрлэх замаар түлшнийхээ модыг бэлтгэх, байгалийн нөөц, самар жимсээ түүж ашиглах зэргээр амьжиргаагаа дээшлүүлэхэд анхаарах болсон байна. Сумын ИТХ-аас түлээний болон хэрэглээний модны лимит өгсөн байна. Ийнхүү ойн хамтын менежментийг хэрэгжүүлснээр ойн нөхөрлөлүүд дорхноо хөл дээрээ босч эхэлсэн байна. Төслийн удирдлагууд ч ойр ойрхон иргэддээ сургалт зохион байгуулж, үйл ажиллагаанд нь зохих дэмжлэг үзүүлдэг байна.
Дорнод аймгийн Баян-Уул суманд “Ногоон цээл”, “Цагаан дэв”, “Баянхаан” зэрэг олон нөхөрлөл үр дүнтэй сайн ажиллаж байгаа гэнэ. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл эдгээр нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжиж, хамтарч ажиллахаар болсон гэнэ. Ялангуяа нөхөрлөлүүдийн өмнө тулгардаг бэрхшээлийг шийдэхэд орон нутаг зарим талаар хүчин мөхөсддөг. Өөрөөр хэлбэл эрх мэдэл нь хүрдэггүй. Ийм зүйл дээр эрхэм гишүүн Байнгын хорооны даргын хувьд дэмжлэг үзүүлж, зохих байгууллагуудад асуудлыг уламжлан шийдүүлэхээр болсонд нөхөрлөлийнхөн сэтгэл хангалуун байна лээ.
Дорнод аймгийн Баян-Уул сум нийт 130 мянган га ойтой. Энэ ойн 30-аад мянган га-г нь нөхөрлөлийнхөн хариуцан ажилладаг юм байна. Мөн үүнээс гадна 10-аад мянган га нь аж ахуйн нэгжийн мэдэлд байдаг гэнэ. Бусад 90 мянган га нь одоогоор эзэнгүй байгаа гэсэн үг. Тиймээс нутаг дэвсгэрийнхээ ой бүхий бүх талбайг нөхөрлөлүүдэд хариуцуулан ажиллах зорилготой байгаа гэдгээ төслийн зохицуулагч Ж.Дорж хэлж байв. Ийнхүү нутгийн иргэдийн хамтын хөдөлмөр, хүчээр Ононгийн их ой хөвчөө хамгаалж, арчилж байгаа нь Баян-Уулчуудын нэг бахархал болжээ. Эдний сумынхнаас жишээ аваад зэргэлдээ Баяндун сумынхан нөхөрлөл байгуулж, Угтамын хийдийн орчмын байгалийг хамгаалах, рашаан булгаа тордож сайжруулах ажлыг эхлээд байгаа гэсэн.
Онон, Улз нутагт налгар сайхан намар болж байна. Ойн нөхөрлөлүүд нөхөн сэргээлтийн ажлаа хэдийнэ эхэлчихэж. Голын нуга хөндийд том том ногоон нуруу дүнхийж, бухлууд ярайгаад бахтай байна даа. Ажилсаг буриад зон сэрүү орохоос өмнө намрын ажлаа нугалж, өвлийн бэлтгэлээ базаах гээд завгүй хөдөлмөрлөж байна. Эзэн Чингисийн өвөг дээдэс, нагац нар болох олхонууд иргэдийн нутаглаж байсан энэ сайхан нутгаа үр хойчдоо энэ хэвээр нь үлдээх нь бидний үүрэг хэмээн Дорнод аймгийн Баян-Уул сумын сумын нэгэн сайхан баавай өгүүлсэн билээ.
No comments:
Post a Comment