Дорнод аймгийн Баян-Уул суманд саяхан гойд ашиг шимт мал шалгаруулах үзэсгэлэн худалдаа болжээ. Тус суманд 1990-ээд өнөөс өмнө “Онон” сангийн аж ахуй гэж байхад казахын цагаан толгойт үхрийг мах, сүүний хосолмол чиглэлээр өсгөн үржүүлж байжээ. Сангийн аж ахуйн тарж, өмч хувьчлал эхэлснээс хойш энэхүү гойд ашиг шимт үүлдрийн үхэр үндсэндээ үрэн таран болсон гэнэ.
Тухайн үед “Онон” сангийн аж ахуйн ерөнхий зоотехникчээр ажиллаж байсан Д.Дашжамцын ярьснаар 1959 оноос “Онон” сангийн аж ахуйд казахын цагаан толгойт үхрийн гунж авчран нутгийн бухаар хээлтүүлэн эрлийзжүүлжээ. Ингээд 1990 он гэхэд тус сангийн аж ахуй мах, сүүний чиглэлэийн өндөр ашиг шимтэй 4000 орчим үхэртэй болоод байжээ. Үүнээс цэвэр казахын цагаан толгойт үүлдрийн үхэр 300 гаруй байжээ. 1990 оноос хойш мал хувьчилснаар энэхүү шилмэл үүлдрийн үхэр айл айлд тарж, үржил селекцийн бодлого нь алдагдсан байна.
Гэхдээ Баян-Уул сумын зарим малчин айлд мах, сүүний өндөр гарцтай энэхүү үүлдрийн үхэр цэвэр цусаа хадгалж үлдсэн гэнэ. Гойд ашиг шимт малын үзэсгэлэн худалдааны үеэр ийм үхрүүдээ малчид авчирсан байв. Казахын цагаан толгойт үхрийг 40 жилийн турш өсгөн үржүүлж байгаа зоотехникч Д.Дашжамцын ярьснаар энэ үүлдрийн үхрийн цэвэр цөм сүрэг аймгийн аварга малчин Гарамжав, Бараадай зэрэг малчдынд байдаг гэнэ. Тэдгээр айлын сүрэгт ангилалт хийж цэвэр үүлдрийн үхрийг цаашид өсгөн үржүүлэхийг зорьж байгаа ажээ. Ингэхийн тулд Баян-Уул сумын иргэн Ж.Дорж өөрийн санаачилгаар үржлийн төв байгуулан ажиллуулж байгаа юм байна. Энэхүү гойд ашигт шимт малын үзэсгэлэн худалдаагаар иргэд өндөр ашиг шимтэй үүлдрийн эцэг мал худалдан авчээ. Мөн энэ үеэр шилдэг эцэг малыг шалгаруулсан байна.
Үзэсгэлэн худалдаанд оролцсон УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө өж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл “Байнгын хороон дээр цөм сүргийн асуудлаар мэдээлэл сонсох бодолтой байгаа. Цаашид цөм сүргийг өсгөн үржүүлэх талаар томоохон арга хэмжээ авч Засгийн газарт чиглэл өгье гэж бодож байна. Халх голын сүү махны чиглэлийн улаан үнээ, барга, үзэмчин хонь, казахын цагаан толгойт үхэр гээд лөндөр ашиг шимтэй малын үүлдэр Дорнод аймагт бий. Үүнийг хамгаалж, өсгөж үржүүлэхэд хөрөнгө гаргах хэрэгтэй. Цөм сүргийн суурь байгуулахад ч болохгүй юм байхгүй” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
1 comment:
Sain bnu, ene tsum sureg urjuulj bga humuustei yaj holbogdoh ve, Holboo togtooj ugch tus bolooch, mini utas 99133451
Post a Comment