Sunday, July 24, 2011

Аян замын тэмдэглэл


Монгол орноороо аялцгаая

Г.Сонинбаяр


Домог, түүх нь хөтөч болсон Дорнодын цэнхэр хязгаар Өэлүн эхийн унасан газар, олхонуудын нутаг Ульхан уул

Аялал маань Ульхан уулын орой дээрээс жинхэнэ утгаараа эхлэв. Адал явдалтай учирч, байгалийн сайхан хийгээд сүр хүчний өмнө сэтгэл бахардан сүрдэхдээ дуу алдахаас өөр юуг ч хийж чаддаггүй юм билээ. Уулын цавчим бэл хэжин урсах Онон мөрний олон салаа тохойг өндөр дээрээс харахад үнэхээр үзэсгэлэнтэй. Эртний түүх домогт Ульхан уулыг ороон урссан энэхэн тохойг Ононгийн таван салаа хэмээн нэрлэсэн нь ёстой л нүдээ олсон ажээ. Үнэхээр л дуунд өгүүлдэг аралтай тохойдоо умбасан алтанхан Онон энд угалз хээ мэт мушгиран, хөврөн урсч байна.
Ульхан уулын зүүн доохнотой голын ус салаалан тохойрч их голдоо эргэн нийлэхдээ зүрхэн хэлбэрт арал үүсгэснийг бид шохоорхон харж, байгаль эхийн урлалд нүд, сэтгэл баясгав. Эгц урдаас нь харвал майхан мэт харагддагаас тэр үү, Ульхан майхан уул хэмээн зарим ном сударт тэмдэглэсэн байдаг энэхүү үзэсгэлэнт хайрханы орой дээрээс хойшоо хараа сунгах аваас ердөө гурав, дөрөвхөн километрийн цаана улсын хилийн зурвас зурайна.
Хилийн зурвасны цаахна Оросын хилийн харуулын байшин торойх бөлгөө. Түүнээс цаахна Дээд Ульхан хэмээх орос суурингийн байшингууд цайран харагдах ажээ. Ульхан уулын ар талын налууг даган оргилд нь гаръя гэвэл улсын хилийн зурваст тулах тул бид өмнө талаас нь Ононгийн олон салаа татуургыг гатлан байж эгц хажуугаас нь мацсан юм. Хилийн цэргийнхний хийлдэг завь бидний найдвартай унаа болсон. Ононгийн хойд бие, Ульхан уулын бэлд эхний ээлжийн дөрвөн хүнээ буулгаад дараагийн хүмүүсээ авчрахаар явсан завь маань голын олон салаанд будилж, хүчтэй урсгалд туугдан товлосон газраасаа нэлээд доогуур хайрджээ. Үүнийг нь бид мэдсэнгүй. Завиа ирэхийг хүлээсээр уулын орой дээр даруй дөрвөн цаг болов. Голын урсгал дагуулан уруудуулж хайрдуулсан завиа машинд ачин буцаж дээд урсгал дээрээс тавих гэж хилийн цэргийнхэн нэлээд уджээ. Хийлдэг завиных нь ёроол цоорч, түүгээр нь ус олгойдоно. Нэлийсэн их усан дунд цоорхой завьтай сэлж яваадаа сэтгэл жаахан зовнивч газарчилж яваа хилчдийн өөрсдөдөө итгэлтэй царайг хараад эрхгүй тайвшрав. Зун, намрын улиралд Ононгийн олон татуурга саваа халин мэлтэлзэж, умбах шавар, намаг их тул машин явах аргагүй болдог тул хилчид мориор, эсвэл хийлдэг завиар л явж энэ хавийн хилийн зурвасаа шалгадаг гэнэ. Хууль бусаар ан агнах, мод огтлох гэсэн сайн эрс энэ хавиар мэр сэр ирдэг ч хилчдийн хараанаас мултардаггүй аж. Мөн энэхүү Эрээний их нуруу, Ононгийн ой хөвчийг нутгийн иргэдийн хамтарсан нөхөрлөлүүд хариуцан хамгаалдаг болжээ. Тиймээс дээр өгүүлсэн зөрчил хийгээд ой хээрийн түймэр гарах нь цөөрсөн гэнэ. Энэ тухайгаа Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэдийн “Ногоон цээл”, “Цагаан дэв”, “Баян хаан” зэрэг нөхөрлөлийнхөн П.Алтангэрэл гишүүнд танилцуулж байлаа. Эрхэм гишүүний хувьд Дорнодын оюутан залуучуудын нэгдсэн холбооны санаачилсан “Дорнод аялал”-ыг дэмжин, нутгийнхаа түүхэн дурсгалт газар нутгаар хүлгийн жолоо залсан нь энэ юм. Манай аяллынхан эхний өдрөөсөө л Дорнод нутгийн байгалийн сайхан хийгээд түүхийн улбаа, жим, хүн зоны ахуй амьдралын сонин хачинтай нүүр тулсан. Ульхан майхан ууланд ирэхээсээ өмнө “Дорнод аяла딬¬-ынхны хамгийн анх буудаллаж, майхнаа босгосон газар нь алдарт Цэрэн зайрангийн үүсгэн байгуулсан Бөөгийн отог байв. Тэнд бөө мөргөлийн сургалт, шүтээний төвийг жинхэнэ утгаар нь, эртний дэг жаягаар нь байгуулан цогцлоожээ. Сүүлийн үед бөө нар борооны дараахь мөөг шиг олширч, сүсэгтэн олноос олон зуун мянгаар тоологдох өргөл барьц нэхдэг болсон гэх мэт таагүй мэдээллийг хангалттай уншиж байсны хувьд энэхүү отог үнэхээр сонирхолтой санагдсан. Наад зах нь тэнд очиж бөө нараар засал хийлгэсэн хүнээс ямар нэгэн өргөл барьц шаарддаггүй гэнэ. Мөн бөө нарыг тангараг өргүүлж, ядарч зовсон хүмүүст тус дэм болохын төлөө явна гэсэн андгай тавиулдаг байна. Бөөгийн отогт буудалласан үдшээ бид гурван удганы чанар хийхийг харж, бөө мөргөлийн талаар бага ч гэсэн ойлголттой болж авсан. Ийнхүү уламжлалт бөө мөргөлөө зөв гольдирлоор хөгжүүлж, олон түмний тусыг хичээн зүтгэж байгаа хүн бол алдарт зайран Цэрэнгийн хүү Оюунбаатар бөө ажээ. Тэрээр аавынхаа сургааль, захиасаар энэхүү бөөгийн отгийг тохижуулан, ойр холоос зорин ирсэн хүмүүст мэддэг, чаддагийнхаа хэрээр тус дэм болж байдаг гэнэ. Энэ отог бол “Женко тур бюро” компанийн “XIII зуун” цогцолбор дахь бөөгийн отог шиг гадаад дотоодын жуулчдын нүдийг хужирлах төдий үзүүлэн биш. Бөө нар онгод тэнгэртэйгээ харьцан, эрдэм чадлаа сорьж байдаг амьд шүтээнт газар юм билээ.
“Дорнод аялал”-ынхан бөөгийн отгоос Ульхан уулыг зорьсон нь учиртай. Ульхан уул бол Өэлүн эхийн төрхөм олхонуудын нутаг билээ. Түүхэнд тэмдэглэснээр X зууны үеэс Онон мөрний их ой шугуй, Хан Хэнтийн нурууны үргэлжлэл энэ их хөвчид олон монгол овог, аймгууд нутаглаж байсны нэг нь олхонууд иргэд ажээ. Олхонууд гэдэг үг цагийн уртад сунжирч Ульхан гэдэг нэр болж үлдсэн гэж зарим эрдэмтэн үзжээ. Ульхан гэдэг үгийг монгол, манж, орос, хятад зэрэг аль ч хэлний толь бичигт ямар нэг нэгэн утга агуулдаггүй, тиймээс эртний овог, аймгийн нэрийн сунжирсан хэлбэр байх магадлал өндөр гэнэ. Ульхан уулын урд доогуур Онон мөрөн урсана. Ононгийн урд биед, сэрүүн сайхан довцог дээр Өэлүн эхийн тоонот хэмээн чулуун овоо босгосон юм байна. “Монголын нууц товчоо”-нд Мэргидийн Их Чилэдү олхонууд иргэдээс охин аваад буцаж явахад нь Ононгийн шугуйд шувуу агнаж явсан Есүхэй баатар тааралдан, өнгө зүс үзэсгэлэнтэй тэр хатныг үзэж, Нэгүүн тайш ах, Даридай отчигин дүү нараа дагуулан ирж булаан авдаг тухай өгүүлсэн нь бий. Ийнхүү Өэлүн хатан боржигидын бэр болж богтлогдон ирсэн газар энэхүү Ульхан уулын орчим гэнэ. Есүхэйд булаагдсан Өэлүн хатан эдүгээ бид эрэгт нь зогсоо Онон мөрнийг долгистол, ой шугуйг дуурстал уйлан хайлж явсан гэж төсөөлөн бодоход сонихон. Олхонууд аймгийнхан X зууны үеэс Онон мөрний ой шугуйд өвөлжиж, хаваржин, зун, намартаа тал газар руу нутаглан, Улз, Хэрлэн голын сав дагуу нүүдэллэж, зарим үед Буйр нуурт хүрдэг байжээ. Өэлүн эхийн тоонотоос эхэлсэн “Дорнод аялал” маань ч эртний монгол аймгуудын нүүдлийн энэ л улбааг даган Дорнод талын цэнхэр сувд болсон алдарт Буйр нуур, домогт Халхын голд хүрэх зорилготой байсан юм.

Түүхийн жимийг тодруулах аяны харгуй


“Дорнод аялал”-ыг УИХ-ын гишүүн П.Алтангэрэл ийн тодотгосон юм. Дорнод нутагт Монголын үе үеийн улбааг хадгалсан дурсгал олон. Тэр дундаас “Дорнод аялал”-ынхан эзэн Чингисийн амьдрал, намтартай холбоотой нутаг, усаар аялахыг чухалчилсан юм. Баян-Уул сумын нутагт Бардан уул гэж бий. Энэ уулыг Есүхэй баатарын эцэг Бартан баатрын нэртэй холбож үздэг байна. Ульхан уулаас гараад дөрөө мулталсан дараагийн түүхэн дурсгалт газар нь Дорнод аймгийн Баян-Уул сумын төвөөс зүүн тийш 20-иод километрт байх Нарстын даваа. Энэ бол Чингис хаан, ван хан Тоорил нар хүч хавсран татаарын Мэгүжин сүүлтийг дарсан Нарату шүтээн мөн гэж эрдэмтэд үзжээ. Энэ талаар Баян-Уул сумын уугуул, доктор Ширнэндорж эрдэм шинжилгээний өгүүлэл бичин олны сонорт хүргэж байсан юм. Баян-Уул сумынхан эртнээс шүтэж ирсэн Хархираа өндөр хэмээх сайхан хайрхан бий. Энэ ууланд нутгийнхан алдартай бөө, удгануудаа нутаглуулдаг байжээ. Хархираа өндөрийн зүүн талд Тугийн өндөр гэж тахилгатай уул байдаг. Энэ хоёр уулын дундах өндөрлөгийн орой дээр эртний цэргийн бэхлэлт, хороо байж мэдэх чулуун байгууламжийн үлдэгдэл байдаг аж. Үүнийг татааруудын барьсан бэхлэлт хороо мөн гэж судлаачид үзжээ. Эндээс сумын зэв олноор олддог байсан гэнэ. Тэмүүжин, Ван хан нар Мэгүжин сүүлтийг дарсны дараа татаарын Нарату шүтээний нутаг дээрээс таван настай хүүг олж Өэлүн эхэд өгч асруулсан нь Их Монгол Улсын төрийн их заргач болсон Шихихутуг байсан гэдэг. Шихихутагыг энэ л Нарстын давааны орчмоос олсон болов уу гэсэн таамаглалыг эрдэмтэд дэвшүүлсэн байна. Баян-Уул сумын уугуул, залуу судлаач Ж.Чулуунбаатар нутаг орныхоо энэ мэт үүх түүхийг ном сударт тэмдэглэгдсэн баримт сэлтээр баяжуулан ярьж, амттай сайхан яриа өрнүүлж байсан юм. “Дорнод аялал” цааш үргэлжилсээр Дорнод аймгийн Баяндун сумын төвд үдлээд цааш хөдлөв. Тус сумын удирдлагууд сумын төвөөс холгүйхэн босгосон “Заян Наваа” дууны хөшөөг бидэнд сонирхуулсан юм. Буриадууд “Заян Наваа” хэмээх энэ алдарт дууг лав 1200 жилийн тэртээгээс дуулсаар иржээ. Энэ дууг VIII зууны үед зохиогдсон гэж үздэг. Төв Азид Түрэгүүд хүчирхэгжин мандаж байх тэр цаг үед монгол, уйгур угсааны аймгууд тэдэнтэй тэмцэлдэн дайтсаар байв. Эцэстээ монгол, уйгур аймгууд түрэгүүдэд дийлдэн дарагдаж ихээхэн хохирол амссан байна. Удам угсаагаа түргүүдэд хүйс тэмтрүүлэхгүйн эрхэнд нүкүз, хиан хоёр аймгийн цөөн хүн умард зүг зугтан Эргүнэ Хун хэмээх газар очиж суурьшсан гэдэг. Тэрхүү Эргүнэ Хун нь эргэн тойрон битүү модтой, төмрийн хүдэртэй уул байж. Тэнд очсон монгол угсааны овог аймгийнхан үржиж олшрон багталцахгүй болсон тул Эргүнэ Хунгийн битүү хавцлын нэгээхэн хэсэгт их түлээ овоолон шатааж төмрийн хүдрийг хайлуулан онь гарган түүгээрээ гадагш гарч нүүдэллэн одсон гэх домогтой. Тэр Монгол угсаатан аймгууд дунд буриадуудын өвөг дээдэс байжээ. Тэдний уугуул нутаг Заян Наваа гэж уултай, Бада Ёго гэдэг голтой үзэсгэлэнт сайхан нутаг байсан гэнэ. Тиймээс Эргүнэ Хунд очсон буриадууд тэр сайхан нутгаа санагалзан дуулсан нь “Заян Наваа” хэмээх дуу аж. 1200 гаруй жилийн өмнө зохиогдсон энэ дууны эртний зургаан шад нь
“Заян заян заяалай Заян Наваа миний гүү Наян наян наваалай Наян Наваа миний гүү Байдан байдан байдалаа Бада Ёго миний гүү” гэсэн үгтэй. Он жилийн уртад эдгээр шадууд дээр олон мөр бадаг нэмж, янз бүрийн хувилбараар дуулах болжээ. Дээрх зургаан шадын утгыг ч эрдэмтэд янз бүрээр тайлбарласан байдаг. Юутай ч Заян Наваа, Бада Ёго нутгаа санагалзсан сэтгэлийн уярал, гуниг шингэсэн дуу гэдэг нь илт. Тиймээс “Заян Наваа” дууг тэнгэр сансрын дуудлага, маань мэгзэм шиг хүчтэй, ер бусын үг аялгуутай, гүн ухааны агуулгатай дуу гэдэг. Эргүнэ Хунд дүрвэж очсон буриадууд эмээлийнхээ бүүргийг нутаг руугаа харуулж тавьж, буцаж харихыг бэлгэддэг байсан гэнэм. Ийн эртний буриад зоны сэтгэл зүрхийг нь соронздон татсан Заян Наваа, Бада Ёго хэмээх тэр гайхамшигт сайхан нутаг хаана байв гэдгийг олон эрдэмтэн мөшгөжээ. ӨМӨЗО-ы Хөх хотын их сургуулийн багш Б.Даваадагва “Заян Наваа” дууны түүхийг мөшгөн судлаад Заян Наваа гэдэг нутаг Хөх хотоос буруун зүгт, Амдогоос 7-8 өдөрчийн зайтай буюу 400-600 километр газарт байдаг гэжээ. Мөн зарим эрдэмтэн Тигр, Евфрат хоёр мөрний хооронд Заян Наваа гэдэг газар буйг тогтоосон нь нэн сонирхолтой. Монгол угсаатан буриад зоны уугуул нутаг яагаад алс хол Месопотамид байгаа билээ гэж сонирхох хүн олон гарна. Үүнийг Чингис хааны бага Азид хийсэн аян дайнтай холбон үзэх үндэстэй. Чингисийн цэрэгт багтаж явсан буриадууд харь холын газарт очоод уугуул нутгаа санахдаа “Заян Наваа”-гаа дуулж явсан байж таарна. Түүгээр зогсохгүй очсон газар усандаа Заян Наваа гэдэг нэр өгсөн байхыг үгүйсгэхгүй гэж үзэх хүмүүс бий. Ийм л арвин баялаг, гайхам сонин домог түүхтэй Заян Наваа дуунд зориулсан гэрэлт хөшөөг Баяндун сумын нутаг Адуун чулуун гэдэг газарт босгожээ. Уг хөшөөг Баяндун сумын уугуул “Удмын тэнгэр” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Цэрэнханд санаачлан өөрийн хөрөнгөөр бүтээлгэсэн ажээ. “Заян Наваа” дууны хөшөөтэй зэрэгцүүлэн буриадуудын угийн бичгийг чулуунд сийлсэн нь мөн л сонин. Буриадууд хэрхэн Чингисийн алтан ургийнхантай холбогддогийг эндээс харж болно. Хорь Түмэдийн Хорилардай мэргэний гэргий Баргужин гоогоос төрсөн Алун гоо бол боржигин овгийн эцэг Бодончар мунхагийн эх билээ. Хорилардай мэргэн бол буриадын домог түүхэнд нэр нь үлдсэн Хоридой мэргэн мөн гэнэ. Хоридой мэргэн гурван хатантай байсан бөгөөд түүний Шардай хатнаас нь тав, Нагатай хатнаас нь зургаан хөвүүн төрсөн нь хорь буриадын 11 эцгийн зон болжээ. Хоридой мэргэний гурав дахь хатан нь дээр өгүүлсэн Баргужин гоо билээ. Үүнд үндэслэн буриадууд өөрсдийгөө Чингисийн нагац нар гэх нь бий. Баяндун сумын нутагт босгосон хоёр гэрэлт хөшөө өнө эртний ийм түүхийг өгүүлэх ажээ. Тус сумын Засаг дарга “Заян Наваа” дуугаа дуулж сонирхуулсан нь бас л нэгэн сюрприз байв. “Заян Наваа” дууны хөшөөнөөс хөдлөөд манай аяллынхан Угтамын хийдэд дөрөө мулталсан. Энэ хийд 1870-аад онд байгуулагдсан бөгөөд тухайн үедээ Монголд томоохонд тооцогддог хийд байжээ. 1937 оны хэлмэгдүүлэлтийн үед Угтамын хийдийн лам нар зэрэгцэж зогсоод, гараас гар дамжуулан зарим бурхан, том ном, судруудаа уул давуулж зөөсөн гэдэг. Тэдгээр бурхан, ном, судрыг хаана нуусан нь тодорхойгүй. Өндөр настнуудын хуучилснаар ойр хавийн сумын иргэд Угтамын хийдэд морин тэрэгтэй ирж рашаан хүртэнгээ цам үздэг байсан гэнэ. Угтамын хийдийн өмнөх төгөл дотроос ундран гардаг Могойтын рашааныг ходоод, дотор эрхтэнд сайн гэж эртнээс нааш хэрэглэж иржээ. Энэхүү рашаанд рашааны могой хэмээх амьтан байдаг гэнэ. Усных нь дээжийг нь Рашаан судлалын төвд шинжлүүлэхэд ходоод, дотрын өвчинд уухад нэн сайн гэдэг нь тогтоогджээ. Энэхүү рашааныг хүртэхээр ОХУ-ын Буриад улсаас хүмүүс зорин ирдэг болсон байна. Нутаг орондоо төдийгүй хилийн чанадад анагаах чадварыг нь бишрэх болсон Могойтын рашаан Дорнод нутгийн аяллын маршрутад нэгэн шигтгээ болон багтах нь дамжиггүй. Байгалийн үзэсгэлэн хийгээд түүх, соёлын дурсгал хосолсон Угтамын хийдийг зорин ирэгсэд улам олон болох бизээ. Домог, түүх нь хөтөч болсон Дорнод нутгийн хойморт тухалсан манай аяллынхан XIII зууны түүхийн жимээр цааш замналаа. Алдарт Чингисийн далан буюу Чингисийн хэрмэн зам, Чингисийн худаг, Есүхэй баатар татааруудад хорлогдсон Цэгцэрийн шар тал, татааруудын нутаг Буйр нуур, Халхын гол, Монголын хамгийн нам дор газар Хөх нуур, Мэнэн, Тамсаг, Матадын тал биднийг хүлээж байгаа гэхээс сэтгэл яарч байв.

Улз голын алаг тэмдэглэл
Н. Даваадаш
Зуны эхэн сар гарсан ч хаврын араншинг хэвээр хадгалан, жихүүн хавсаргатай, цас бороотой ороо бусгаа энэ өдрүүдээр бидний хэдэн нөхөд Дорнодын баруун хойд нутаг Баян-Уул, Баяндун, Цагаан овоо, Улз голын хөдийгөөр явсан юм. Эдгээр нутаг нь Агын буриад зоны он удаан жилээр амьдран сууж ирсэн нутаг аж. Энэ нутагт Зүүн Хэнтий нурууны салбар болсон тэгш оройт намхавтар уул толгод, уудам хөндийнүүд голлоно. Сибирийн өмнөд хэсгийн нарс, хусан ой голлож, голын хөвөө хөндий, бэлээр бургас торлог битүү ургадаг аж. Хөрс нь булхир зөөлний дээр өвөлдөө цас, зундаа бороо их орох учир өвс ургамлыг гарц гойд сайн юм. Харин өнөө жилийн хувьд өвөлдөө цас бага унаж, одоогоор бороо ороогүй учир нилээд хуурайшиж, түймрийн аюул нүүрлэсээр байна. Биднийг явж байх үед Баян-Уул, Баяндун сумын нутагт 2 ч өдөр түймэр гарч уул хөндийг дамжин оволзож багагүй гамшиг тарилаа. Харин ч нутгийн буриад олон түймрийг унтраах, цурманд оруулах талаараа нэлээд гаршсан шинжтэй. Баян-Уул сумын засаг дарга Т.Амгалан хүмүүсээ дайчлан хонуут өнжүүтээр явж ууланд гарсан түймрийг арайхийн цурманд оруулаад ирж байхад нь бид уулзсан юм.
Засаг дарга: - Хуурайшилт ихтэй тун хүнд байна. Ялимгүй болгоомж алдахад л түймэр гараад байна. Бороо цас ахиухан орчихоосой гэж бүгд л хүсэх боллоо. Нутгийн хүмүүс Баян-Уул хайрханаа тахья гэж санал тавьсан учир маргааш зуны эхэн сарын 15 –нд тахихаар шийдсэн. Хайрхан маань нэг үүл татах байгаа гэж ярьж суулаа. Агын буриадын шүтээн болсон Алхан хайрхныг хамт жил бүр 6-р сард тахидаг байснаа өнөө жил эрт тахихаар шийдсэн нь энэ аж. Баян-Уул суманд хэдийгээр түймэртэй байсан ч биднийг очих үед даага, шүдлэн, хязаалан, соёолон морьдын уралдаан болж нэлээд хөлтэй байлаа. Энэ уралдаанд Баяндун, Цагаан овоо, Эрээнцав, Матад зэрэг сумдаас морь ирсэн бололтой. Бага насны морьдын байдлыг харахад өндөр зэгзгэр биетэй, дэл сүүл шингэн, гадны адууны цустай болов уу гэмээр ч бярлаг, хурд сайтай шинжтэй. Нөгөө алдарт тогоруу халтрын угшил гээд тоолбол Баян-Уул, Баяндунгийн нутагт хурдан буян арвин бололтой. Хурдны энэ гайхамшигтай угшилийг нь эрт мэдсэн алдар уяач Онон, Эрдэнэчулуун нар энэ нутгаар байнга явж хурдан удмын морь сонирхож улмаар худалдаж авдаг бололтой. Нутгийн хүмүүсийн ярьж байгаагаар хурдан сайн морь 18-20 сая хүрч байгаа аж. Бид дээрхи бага насны морьдын уралдааныг үзсний дээр соёолон морьдын түрүү, аман хүзүүг мялаагаарай гэж Улсын заан Батзоригийн явуулсан 500 мянган төгрөгийг зохих ёсоор нь гардуулсны дээр бидэнтэй хамт явсан “Нутгийн буян” ХХК-ийн захирал Д. Давааноров, “Далай орших” ХХК-ний захирал Л. Бат-Орших, “Уянга итгэл” ХХК-ний захирал Л. Уламбаяр тус бүр нэг насны түрүү, аман хүзүүний морь байлж, нутгийн уяачдад халуун алгаа дэлгэлээ.

Энэ нутгаас улсад удаа дараа хурдан хөлгөө уралдуулдаг уяач төрөөгүй ч зүүн аймагтаа алдартай Цолмон, Баттөмөр, Батхүү, Хүрэлчулуун, Төмөрхүлэг зэрэг уяачид байна. Энэ удаагийн уралдаанд уяач Цолмонгийн уясан 4 нас дөрвүүлээ айрагдаж нутгийн олноо бясгаж байв. Сумын уяачдын холбооны тэргүүнээр саяхан Төмөрхүлэг гэдэг залуу уяач сонгогджээ. Нутгийн уяачдаа улсын наадам болон бусад аймаг сумдын томоохон уралдаануудад оруулах зорилго тавьж байгаа гэнэ.
Бидний хамт Өвөрхангай аймгийн алдарт уяач, Уянга сумын уяачдын холбооны дарга Д. Давааноров явсан учир цаашид хамтран ажиллах талаар Төмөрхүлэг тэргүүн санал тавьж байлаа. Энэ саналыг Д. Давааноров тэргүүн баяртай хүлээн авч 7-р сарын 15-16 - нд болох сумынхаа 80 жилийн ойн морьдын уралдаанд хурдан хүлэгүүдтэйгээ очиж хөгжөөхийг хүсэн урилга, заллага ирүүлнэ гэж амлав.
Үнэндээ төв халхын уяачид энэ нутгаас хурдан угшлийн адуу худалдан авахаас гадна адуулан маллах, угшлийг сайжруулах, шинжиж таних гээд яривал суралцах зүйл их байх шиг санагдсан. Энд тэмдэглэхэд Баян-Уул сум нь адуугаар “амьсгалдаг” нутаг юм. Сумын төвд хашаандаа адуугүй айл бараг алга. Морь унасан хүүхэд залуучууд давхилдах нь монголын ахуйн амьдралын зургийг илтгэж нүд баясгана. Уяж сойсон хүлэг морьдыг нь харахад угаас адууны дэргэд өссөн бидний сэтгэлийг хөвсөлзүүлэх нь хачин. Хөдөөгийн малчин айлуудын адууны хашаа, өвс тэжээл нь фермерийн аж ахуйн шинжтэй. Адуугаа 4 цагийн эргэлтэнд арчилж хамгаалж, хүч шандас суулгадаг “холцоогүй” монгол эрдэм энд л байна. Ер нь хөдөөдөө дан ганц адуундаа төдийгүй үхэр малдаа гойд сайн хашаа саравч, өвс тэжээл бэлтгэдэг нь нүдэнд илхэн. Энэ нутагт харин хонь ямаа ховор, тэмээ бараг байхгүй бололтой. Бид хэд хэдэн залуу малчдынхаар орж хашаа саравчийг нь сонирхсон юм. Хашаа саравчны туурга зэргийг нойтон мөчир, бургас зэргийг арай бүдүүвтэр 4-5 дэр модонд дэвхдэн хийж үхрийн нойтон баасаар завсаргүй шавж, салхи шуурга орох зай завсар, нүх сүвгүй болгожээ.
Саравчны дээврийг намхан хийж, мөн л битүү хучиж хийсэн байлаа. Өдийд хашаа саравчныхаа бүх бууц, малын баасыг нэгд нэгэнгүй хусаж цэвэрлэн мал хотлуулдаг гэмээргүй болгож газрын хөрсийг нь гаргажээ. Ингэж байнга цэвэрлэдэг учраас газрын хөрс нь эрүүл, хотон дундаас нь нялх ногоо цухуйж харагдана. 30 орчим насны малчин залуу Баяраа бидэнд аж амьдралынхаа тухай ярьж хашаа саравчаа үзүүлж явснаа “хотын улс махны мал авч магадгүй” гэж бодсон уу “би хязаалан, бүдүүн нийлсэн 13 үхрийг 8.5 сая төгрөгөөр худалдмаар байна” гэж ярилаа. Тэр залуу 100 орчим үхэртэй гэнэ. Тэр өөрийгөө “би цөөхөн үхэртэй. Манай суманд 500-600 үхэртэй айлууд бий” гэж ярилаа. Баяраагийн ярьснаас энд идэшний үхэр 600-700 төгрөгний үнэтэй бололтой. Тэднийх 20 гаруй үнээ саадаг бөгөөд өдөрт 200 гаруй литр сүү авч машиндан цөцгийг авах юм уу, алтны уурхайнханд нийлүүлдэг аж. Баяраа гаднаа шинэвтэр “портер” машин тавьсны дээр мотоцикл хөлөглөн давхиж байгаа зэргээс харахад амьдралаа тун давгүй авч явуу залуу шиг санагдсан. Баяраагийнхаас ойрын холд Ханан, Өвөлжөөт, Баянгол, Цагаан чулуут, Нэмнэ зэрэг нутагт алтны хэд хэдэн уурхай ажилладаг аж. “Монгол газар”ХХК-ний ашиглаж байсан уурхай, “Жамп” болон монгол улсын гавьяат геологич Лхагвасүрэн нарын одоо ашиглаж байгаа уурхай гээд тоочвол тэнд 10 гаруй жижиг том уурхай ажилладаг бололтой. Алтны илэрцтэй нутаг нь хилийн зурваст буюу зурвастай ойрхон учир тэр болгон лиценз олгодоггүй бөгөөд олдож гэмээ нь 27-28 албан бичиг, зөвшөөрөл гүйцэлдүүлсэн байх учиртай аж. Хил бол онцгой хамгаалалтын бүс учир хараа хяналт хатуу байхаас ч яахав. Баян-Уул сумын төвд хил хамгаалах газрын 275-р анги гэж нилээд тохижсон, харуул хамгаалалт сайтай газар байна. Байгуулагдаад 20 гаруй жил болж байгаа ч хил хамгаалах газрынхаа хэмжээнд сахилга зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэлээрээ нилээд дээгүүр ордог анги аж. Ангийн захирагч нь хурандаа Б. Батхүү, штабын дарга нь дэд хурандаа Д. Хүрэлчулуун гэж жинхэнэ жагсаж гүйцсэн идэр насны эрчүүд байна. Монгол улсын зүүн хойд хил хамгаалах албанд энэ ангийн бие бүрэлдэхүүн зогсож үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа аж. Энд хугацааны цэрэг байхгүй бөгөөд дан офицер ахлагч гэрээт албан хаагчид ажилладаг гэнэ. Гэрээт албан хаагчид нь хилийн цэрэгт 1 жил алба хаасны дээр өөрсдийн хүсэл сонирхлоор гэрээ байгуулж ирсэн залуучууд аж. Тэдний байр сууц, хоол унд, унааны зардлыг улсын төсвөөс гаргахаас гадна сард 300 орчим төгрөгний цалин олгоно. Гэрээний алба дуусгасан үед хилийн дээд сургуульд суралцах юм уу, хилдээ улиран суух, эсвэл өөрсдийн хүсэлтийн дагуу энгийн амьдралд шилжих боломж олгодог аж. Бид тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр хилийн торгон зурвас дээр очиж сүлдэт баганаас адис авч, овоонд чулуу нэмлээ. Хилийн газар юм бүхэн хэмжээтэй, эмзэг нарийн байдаг нь илт. Хилийн харуулынхан ойр ойрхон холбоо барьж мэдээлэл солилцоно. Тэрхэн зуур хил дээр амьсгал даран, нарсан ой зөөлөн шуугиж, өнжмөл өвс халиуран хээрийн болжмор шулгана жиргэхийг сонсон униар хөшиглөсөн эх нутгийнхаа уул хээр талыг ажиглан хараад эмзэг бүлээхэн урсгал цээж нэвтлэн түрэхэд “ эх орон минь” гэж өөрийн эрхгүй амандаа шивнэж билээ.
Улз гол зөв зөөлөн шуурайлан урсаж Эрээнцавын зүг туналзан одох аж. Нөгөө л Данзангийн Нямсүрэнгийн амьд ахуй цагийн араншингаараа туульс хүүрнэн товолцох нь энэ. Тиймээ, энэ газар хил амгалан байна. Бидний сэтгэл ийнхүү ихэд догдлон 0275-р ангийн захирагч Б. Батхүүд зориулан:
Дорнын хилийн харуул дээр
Хурандаа болж томорсон
Дотоод сэтгэлийн эрдмээрээ
Монголоо дээдэлж тодорсон
Тогтуун зөөлөн зангаараа
Тойрсон олноо толгойлсон
Довтлох хурдан хөлгөөрөө
Дорнод нутагтаа товойсон
Ай хө Бөхбилиг аавын Батхүү
Андгай тангарагтаа үнэнч Цэргийн хүү
Хилийн ном дагаж хий салхи нь арилсан байна.
Хүний ном дагаж дотоод гэгээ нь тодорсон байна хэмээн шүлэглэн бичиж хилийн дэвтэрт үлдээв. Энэ мэт нь жижиг зүйл боловч хилийн тэнгэрт өргөсөн сэтгэлийн ариун сүү болж хилийнхний урам зорийг нэмээсэй гэж бодном. Он цаг улиран өнгөрч, буриад зоны амьдрал хөдөлмөр буцалсаар, Улз гол мөнхийн голдирлоороо наран зүг урссаар байна.

No comments: