Friday, April 26, 2013

Нутгийн бахархал

"Дэлхийн шинжлэх ухааны ертөнцөд шуугиан тарьсан энэ эрдэмтэн залуу 
миний хүү юм шүү. Нутгийнхандаа энэ тухай заавал хэлж дуулгаарай" гэж 
манай сумын уугуул Ж.Хоролханд буурал "Улзамнай" хөөрөлдөөн-2 дээр 
аминчлан хэлж захисны дагуу энэ мэдээг орууллаа. Монголын ард түмэн, 
тэрэн дундаа нутгийн зон олон бүгд түүнээр бахархаж буй бөгөөд эрдэм 
судлалын ажилд нь улам их амжилтыг хүсэн ерөөе!

МУИС-ийн ФЭС-ийн төгсөгч Л.Баяржаргал 
очир эрдэнийн чулуу үйлдвэрлэх нээлт хийлээ.
2013 оны 4-р сарын 15, Даваа гариг, 15:42













Франкфуртын их сургуулийн эрдэмтэд очир эрдэнэ болон маргад эрдэнийн чулуу үйлдвэрлэх
аргыг нээжээ. Байгалийн энэ үнэт чулууг шохойн чулуунаас хиймлээр гарган авч болно
гэж хэн санах билээ. Тэгвэл энэхүү нээлтийг хийсэн эрдэмтдийн багийг МУИС-ийн ФЭС-ийн
төгсөгч доктор Лхамсүрэнгийн Баяржаргал ахалж ажиллажээ. 38 настай Л.Баяржаргал Германыг
бүхэлд нь шуугиулж байгаа энэ нээлтээ олон жилийн хөдөлмөрийн үр шим хэмээн даруухан
тайлбарлаж байгаа аж.
Очир эрдэнэ бол хамгийн хатуу шинж чанартай чулуу бөгөөд түүнийг зохиомлоор гаргаж
авах аргыг орон орны эрдэмтэд 60 жилийн турш хайж, идэвхтэй ажиллаж байсан гэнэ.
Харин одоо хосгүй ховор энэ чулууг хүссэн хэмжээгээрээ үйлдвэрлэж болохоор боллоо.
Энэ суут санаа ирэх жилийн Нобелийн шагналыг авах нь тодорхой гэсэн агуулгатай мэдээ
Германы сонин хэвлэлүүдийг байлдан дагуулж байна. Мэдээж бусад орны эрдэмтэд ч бас
тэдний шинэхэн нээлтийг сонирхож, олон асуултаар булж байгаа аж.

VergrößernDr. Lkhamsuren Byarjargal
In der Diamantstempelzelle wird enormer Druck erzeugt, ähnlich wie im Erdinnern

Foto: Helmut Moeller
Эх сурвалж: http://spe.num.edu.mn/

Wednesday, April 24, 2013

"Улзамнай” хөөрөлдөөн хоёр дахь удаагаа болов.


Хавтгай цагаан Улзынхаа тухай халуун хууч дэлгэлээ
Г.Сонинбаяр

Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн Баян-Уул сумын нутгийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулж буй “Улзамнай” хөөрөлдөөн, цуврал уулзалт ярилцлагын хоёр дахь дугаар өнгөрсөн бямба гаригт боллоо. Энэ удаагийн хөөрөлдөөний зочноор Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны орлогч сайд асан Д.Ренчинханд, “Цэ энд Пү” эмнэлгийн захирал, олонд “бөөрний” хэмээн алдаршсан нэрт эмч Ч.Цэдэн-Иш, хөнгөн, хүнсний үйлдвэрийн салбарын удирдах ажилтнуудын нэг асан, “Монгол Мироку Айко” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Өлзийдэлгэр нар уригдан оролцов. 
1940-өөд оны эхээр Улз нутагт төрж, өсөн, 1960-аад онд Баян-Уул сумын 10 жилийн дунд сургуулийг дүүргэцгээн эрдмийн моринд дөрөөлсөн хөвгүүд эдүгээ 70 насны даваа давсан буурлууд болж, нутгийнхаа зон олон, залуучуудын хүндэтгэлийг хүлээн ярилцлагын хойморт уригдсан нь энэ. Тэд дунд сургуулийн хөгжөөнтэй он жилүүд, эрдэмт багш нарынхаа тухай дурсамж хууч дэлгэн хөөрөлдсөн юм.  Тэднийг сурагч байхад тухайн цаг үедээ боксын спортоор хичээллэн, аймаг, улстаа шилдэг тамирчдын тоонд багтаж явсан Мөнхөө гуай анх боксын бээлий гээч юмыг Баян-Уулдаа авчирч, түүгээр нь үе тэнгийн хөвүүд дал дотор нүдэлдэж явжээ. Хожим оюутан болоод хотод ирж боксын дугуйланд ороход хөдөөнөөс ирсэн залуучуудыг бодвол боксын бээлий углаад үзчихсэн догь амьтан байсан тухайгаа Ч.Цэдэн-Иш баавай хуучилсан юм. Тэрээр залуудаа боксын спортоор хичээллэн улсын 3 удаагийн аварга, бүх ард түмний спартакиадын аварга, нийгэмлэг, дээд сургуулиудын 5 удаагийн аварга болж байсан тамирчин хүн билээ. Мөн Ч.Цэдэн-Иш баавай 1988 оны Сөүлийн олимпод Монголын боксчдын эмчээр ажиллаж байсан тухай сонирхолтой хууч дэлгэсэн юм.

1950-1960-аад оны үед Баян-Уулын дунд сургуулийн төгсөгчид бараг бүгдээрээ гадаад, дотоодын их, дээд сургуулийн хуваарь авдаг байжээ. Энэ нь олноо Оев багш хэмээн алдаршсан О.Дамдинсүрэн багшийн маань ач хэмээн 70 гарсан буурлууд эдүгээ дурсаж байна. Тэр үед Баян-Уулын 10 жилийн төгсөгчдийг хаана  ч очсон “Өө, О.Дамдинсүрэн багшийн шавь нар юм бол ярих юмгүй” гэдэг байжээ. Багшийн эрдэм шавьд гэдэг үг ийнхүү Баян-Уулын сургуулийн төгсөгчдөөс жинхэнэ утгаараа мэдрэгддэг байжээ. Дашрамд өгүүлэхэд Оев багш буюу О.Дамдинсүрэн багш бол УИХ-ын гишүүн асан, эдүгээгийн генерал Д.Энхбаатарын аав билээ.

Д.Ренчинханд баавай XX зууны их бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийг байгуулагдах тухай ярьж эхлэхээс нь эхлээд эхний таван ээлжийг ашиглалтад хүлээж авах хүртэл Монголын талын асуудлыг хариуцаж, бүх гэрээнд гарын үсгээ зурж явсан, мөн Бор-Өндөрын жоншны үйлдвэрийг ашиглалтад оруулахад гол үүрэг гүйцэтгэсэн уул уурхайн салбарын удирдах ажилтны нэг. Тэрээр энэ тухайгаа хуучилсан нь залуучуудад сонирхолтой, бас бахархалтай байсан билээ.

Б.Өлзийдэлгэр баавай Баян-Уулын артелийн тухай, тэр үеийн баавай нар ажлынхаа дараа Улзынхаа ширэг зүлгэн дээр сур харван хэрхэн бар татан  уухайлдаг байсан тухай, тэр уянгат дуун өнөө болтол чихэнд сонсогдох шиг болдог талаар хууч дэлгэв. Тэрээр хоёр жилийн өмнө Баян-Уулдаа буриад сур харваачийн сүрлэг сайхан хөшөөг босгон, буриад сурын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан төдийгүй төрөлх нутгаа хөгжүүлэх талаар чамгүй ажил сэдэж хийж яваа нэгэн билээ.     

Ийм л намтар баян үүх түүхтэй, хийж бүтээсэн зүйл арвинтай ахмад буурлууд “Улзамнай” хөөрөлдөөний хойморт тухлан нутгийн зон олонтойгоо хууч дэлгэлээ. Хөөрөлдөөнд хүндэт зочдын маань “нэг ангийн хүүхдүүд” болох буурлууд цөөнгүй хүрэлцэн ирсэн байв. Залуу халуун насандаа улс орондоо хөдөлмөрлөж, эргэн дурсах, бахархан ярих олон зүйл бүтээсэн гурван баавай нутгийн залуучууд, ахмад үеийнхний холбоо харилцааг үүсгэх, настан буурлуудынхаа үг сургаалыг сонсч байхын чухлыг онцолж, мөн хүн бүр ажил, хөдөлмөрийн дээдэлж, уйгагүй хичээн зүтгэж байж сум, орон нутгаа хөгжүүлнэ гэдгийг залуучууддаа захиж байв. 




Saturday, April 20, 2013

Нутгийн багш нар нийслэл хотноо

Энэ сарын буюу 04 сарын 08-12-ны өдрүүдэд бидний төрөлх сургуулийн маань арван багш мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдахаар нийслэл Улаанбаатар хотноо иржээ. Дээрх багш нарыг 11-ны өдөр нутгийн зөвлөлийн дарга С.Баттөр тэргүүтэй гишүүд хүлээн авч "Гурван гал" худалдааны төвийн 7 давхарт байрлах "Steppe Learning" гадаад хэлний төвийн гүйцэтгэх захирал Майкл Морроутай уулзуулан тус төвийн үйл ажиллагаатай танилцуулахын хамт манай сумын сургуулийн англи хэлний багш нарыг мэргэжил дээшлүүлэх чиглэлээр цаашид хэрхэн хамтран ажиллаж болох талаар санал солилцов.





Үүнийхээ дараа "Brau Haus" ресторанд бүгдээрээ хамтдаа очиж шар айраг уух зуураа тус рестораны эзэн, "Дорнод нутаг" клубын тэргүүн С.Отгонбаатартай танилцлаа.  Тэрээр бидэнд үйлдвэрээ танилцуулж хүн тус бүрийн авсан эхний шар айрагны үнийг хувиасаа дааж дайлж буйгаа дуулгав. 


Маргааш өдөр нь буюу 12-ны өдөр Төрийн ордонд парламентийн үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөсөн байсан боловч Туркийн ерөнхий сайд Ердоганы айлчлал давхцсан тул боломжгүй болсон байв. 
Гэлээ ч гэсэн Багшийн дээд сургуулийн урд орших "Шинэ Монгол" ФМ 104.5 радиогийн үйл ажиллагааг үзэж сонирхов. Тус радиогийн дэд захирлаар манай сумын яруу найрагч, сэтгүүлч Г.Сонинбаяр ажилладаг билээ.
Мөн орой багш нарын зарим төлөөлөл "Оросын Соёл Шинжлэх Ухааны Төв" дээр Улаан-Үд хотын Буриадын Их Сургуулийн оюутнуудын тоглосон урлагийн тоглолтыг тухлан сууж таалан үзлээ.