Saturday, April 20, 2013

Нутгийн багш нар нийслэл хотноо

Энэ сарын буюу 04 сарын 08-12-ны өдрүүдэд бидний төрөлх сургуулийн маань арван багш мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдахаар нийслэл Улаанбаатар хотноо иржээ. Дээрх багш нарыг 11-ны өдөр нутгийн зөвлөлийн дарга С.Баттөр тэргүүтэй гишүүд хүлээн авч "Гурван гал" худалдааны төвийн 7 давхарт байрлах "Steppe Learning" гадаад хэлний төвийн гүйцэтгэх захирал Майкл Морроутай уулзуулан тус төвийн үйл ажиллагаатай танилцуулахын хамт манай сумын сургуулийн англи хэлний багш нарыг мэргэжил дээшлүүлэх чиглэлээр цаашид хэрхэн хамтран ажиллаж болох талаар санал солилцов.





Үүнийхээ дараа "Brau Haus" ресторанд бүгдээрээ хамтдаа очиж шар айраг уух зуураа тус рестораны эзэн, "Дорнод нутаг" клубын тэргүүн С.Отгонбаатартай танилцлаа.  Тэрээр бидэнд үйлдвэрээ танилцуулж хүн тус бүрийн авсан эхний шар айрагны үнийг хувиасаа дааж дайлж буйгаа дуулгав. 


Маргааш өдөр нь буюу 12-ны өдөр Төрийн ордонд парламентийн үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөсөн байсан боловч Туркийн ерөнхий сайд Ердоганы айлчлал давхцсан тул боломжгүй болсон байв. 
Гэлээ ч гэсэн Багшийн дээд сургуулийн урд орших "Шинэ Монгол" ФМ 104.5 радиогийн үйл ажиллагааг үзэж сонирхов. Тус радиогийн дэд захирлаар манай сумын яруу найрагч, сэтгүүлч Г.Сонинбаяр ажилладаг билээ.
Мөн орой багш нарын зарим төлөөлөл "Оросын Соёл Шинжлэх Ухааны Төв" дээр Улаан-Үд хотын Буриадын Их Сургуулийн оюутнуудын тоглосон урлагийн тоглолтыг тухлан сууж таалан үзлээ.


No comments: