Tuesday, February 26, 2013
Буурлуудаа алдаршуулах "Улзамнай" хөөрөлдөөн амжилттай боллоо
Баян-Уул сумын нутгийн зөвлөлөөс санаачлан Улаанбаатар хотод аж суугаа нутгийн ахмад буурлуудтай хийх уулзалт ярилцлага "Улзамнай" хөөрөлдөөнийг цувралаар зохион байгуулахаар болсон билээ. Анхны хөөрөлдөөн энэ сарын 23-ны бямба гаригт Монгол Мироку Айко өргөөнд боллоо. "Улзамнай" хөөрөлдөөний анхны дугаарт Улаанбаатар хотноо суугаа Баян-Уулчуудын хамгийн ахмад болох 89 настай буурал, ХААЯ-ны орлогч сайд асан Д.Бадамжав, ахмад дипломатч Д.Мархаажий, уулийн спортыг үндэслэгчдийн нэг, уулын спортын ууган мастер Л.Раднаа нар оролцсон юм. Эдгээр баавай нар эдүгээгээс 70 жилийн тэртээ буюу 1943 онд 13-19 насны хөвүүд байхдаа Баян-Уул нутгаасаа гарч эрдэм номын мөр хөөсөн ажээ. 1930-аад оны үед тэд Улзынгаа хөвөөгөөр жаахан хөвүүд гүйж явжээ. Баян-Уул сумын төв Сандаахын нарсны архантай байсан үе, сумын бага сургуулийн гурван дүнзэн байшинд үймэлдэж явсан тухайгаа баавай нар хуучилллаа.
Thursday, February 21, 2013
“УЛЗАМНАЙ” ХӨӨРӨЛДӨӨН
“УЛЗАМНАЙ”
ХӨӨРӨЛДӨӨН
Улаанбаатар
хотноо аж төрж буй Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул ахмад буурлуудад хүндэтгэл
үзүүлэх уулзалт ярилцлага
Энэ долоо хоногийн бямба гариг буюу 2013 оны хоёрдугаар
сарын 23-нд болох “УЛЗАМНАЙ” хөөрөлдөөний манай анхны дугаарт уригдсан хүндэт
буурлуудаа танилцуулж байна.
ДАМБЫН
БАДАМЖАВ
Хөөлэй хуйсай овогт Дамбын Бадамжав баавай Улаанбаатар
хотноо аж төрж буй Баян-Уулчуудын
хамгийн ахмад настан, төр засгийн өндөр хариуцлагатай албыг хашиж явсан хүндтэй
буурал билээ. Ирэх жил Баян-Уул сум байгуулагдсаны 90 жилийн ой тохиох төдийгүй
төрөлх сумтайгаа нас чацуу ахмад буурал Бадамжав баавай маань мөн 90 насны
өлзийт босгыг алхах юм.
Д.Бадамжав баавай Цэрэнжав, Дуламжав, Дуламханд гэсэн
гурван хүүхэдтэй. Д.Бадамжавынх гэдэг энэ өнөр өтгөн гэр бүлээс хүүхдүүд болон
ач, гуч, зээ нар, хүргэд, бэрээд нь 100 гаруй хүнтэй олон арван өрх айл болон
гал голомтоо бадраацгаан, бууралхан баавай насны ханийнхаа хамтаар “Үрээ
танихгүй өнөр, үрээгээ танихгүй баян” жаргаж суугаа ажээ.
Товч намтар
- 1924 онд Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг Хайлантын
өвөрт төрсөн.
-1943 онд Улаанбаатар хотноо Санхүүгийн техникум
-1947 онд Санхүүгийн техникумыг төгсөөд Дорнод аймгийн
гаалийн хороонд ажил амьдралын гараагаа эхэлсэн.
-1949 онд Сангийн яаманд томилогдон ирж, гааль хариуцсан
байцаагч, зааварлагч
-1950-1955 онд Намын дээд сургуульд элсэн суралцсан.
-1955 оноос Хэнтий аймгийн төлөвлөгөөний комиссын дарга
бөгөөд аймгийн нэгдүгээр орлогч дарга.
-1957 оноос Улсын төлөвлөгөөний комиссын орон нутаг
хариуцсан хэлтэс
-1964 оноос Сайд нарын зөвлөлд төлөвлөгөө, тоо бүртгэл
хариуцсан референт
-Дамбын Бадамжав баавай 1972 оноос Хөдөө аж ахуйн яамны
төлөвлөгөө, санхүү хариуцсан орлогч сайд
-1975 оноос Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Захидал
харилцааны хэлтсийн дарга
- 1989 оноос гавьяаны амралтандаа суужээ.
ДАМБЫН
МАРХААЖИЙ
Баян-Уул сумаас төрөн гарсан дипломатчдын нэг бол Дамбын
Мархаажий баавай юм. Тэрээр эх орон, төр засгийнхаа үүрэг даалгавраар Монгол
төрийн алтан аргамжийг атган хилийн чанадад олон жил ажилласан ахмад дипломатч
билээ. Д.Мархаажий баавай Чингис, Чойдорж, Чойдулам гэдэг гурван хүүхэдтэй.
Дунд хүү Чойдорж нь 2008 оны УИХ-ын сонгуульд Иргэний Зориг ногоон намаас
Дорнод аймагт нэр дэвшин өрсөлдөж байсныг нутгийн зон олон сайн мэдэх билээ.
Товч намтар
- 1927 онд тухайн үеийн Зөвлөлт холбоот улсын Агын
округын Дульдаргын районы Тавтаанайд эхээс мэндэлжээ.
-1943 онд Баян-Уул сумын бага сургуулийг дүүргэн
Улаанбаатар хотноо ирж Санхүүгийн техникумд суралцжээ.
-1946 онд Эрхүүгийн Санхүү, эдийн засгийн сургуульд элсэн
суралцсан байна. Монголоос анх Эрхүүгийн Санхүү, эдийн засгийн сургуульд
суралцсан хүн нь төр, нийгмийн нэр зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал бол түүний
дараагаар Моломжамц, Цэрэн-Янжин, Дагвадорж, Лувсаншарав зэрэг тэр үеийн
сэхээтнүүд суралцсан гэдэг. Баян-Уул сумын унаган хүү Д.Мархаажий тэдгээр эрхмүүдийн дараа Монголоос Эрхүүгийн
Санхүү, эдийн засгийн сургуульд суралцагчдын гурав дахь үе болон очиж байжээ.
-1955 онд Эрхүүгийн Санхүү, эдийн засгийн сургуулиа
дүүргэн эх орондоо ирээд Сангийн яаманд эдийн засгийн мэргэжилтнээр ажиллаж
улмаар уг яамны бүртгэлийн төвийн даргын албыг хашжээ.
-1960 онд Гадаад харилцааны яаманд томилогдон очиж Бүгд
найрамдах ардчилсан Солонгос улс дахь Монголын Элчин сайдын яаманд худалдааны
атташегаар ажиллах болсноор дипломат албаны гараагаа эхэлсэн байна.
-1964 оноос “Жуулчин” компани, “Улаанбаатар” зочид
буудлын дарга
-1974 оноос Унгар дахь Монголын Элчин сайдын яаманд
Унгар, Австри улсыг хариуцсан худалдаа, эдийн засгийн зөвлөх
- 1984 онд гавьяаны амралтаа авчээ.
ЛУВСАНГИЙН
РАДНАА
Монгол Улсын уулын спортын анхны мастер Лувсангийн Раднаа
баавай уулын спортын түүхэнд анхдагчийн алдрыг хэдэнтээ дархалж нэрээ мөнхөлсөн
алдартан билээ. Түүний охин нь УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдөл, гомдлын байнгын хорооны
дарга Р.Бурмаа юм.
Тэрээр Монголын уулын спортын анхны 7 мастерын нэг юм. Мөн
Монголын уулын спортын анхны “Хангарьд” клубын уулчин бөгөөд Балба улсын уулын холбооны
хүндэт тэмдгээр анх шагнуулжээ.
Товч намтар
-1930 онд Дорнод аймгийн Баян-Уул сумын нэгдүгээр багийн
нутаг Хужиртаан гэдэг газар төрсөн.
-1938 онд Дорнод аймгийн долоон жилийн дунд сургууль
-1945 онд долдугаар ангийг онц дүнтэй төгсөн МУИС-ийн
Физик, математикийн факультет
-1954 онд төрөлх Баян-Уул сумандаа ирж 10 жилийн
сургуулийн хичээлийн эрхлэгчээр ажиллаж байхдаа сургуулийнхаа анхны 10 дугаар
ангийг төгсгөж байжээ.
-1952 онд Баянхонгор аймагт багшаар томилогдон ажилласнаас
хойш 1997 он хүртэл тасралтгүй 45 жил багшаар ажиллаж байгаад гавьяаны амралтаа
авсан байна.
“Улзамнай” хөөрөлдөөн
“Улзамнай” хөөрөлдөөний удирдамж
Улаанбаатар
хотод аж төрөн суугаа Баян-Уул
сумын уугуул өндөр настан, ахмад буурлуудтай хийх цуврал
уулзалт, ярилцлага
Энэхүү хөөрөлдөөнийг 2014 онд тэмдэглэх Дорнод аймгийн
Баян-Уул сум байгуулагдсаны 90 жилийн ойг угтан Улаанбаатар хот дахь Баян-Уул
сумын нутгийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулж байгаа болно. “Улзамнай”
хөөрөлдөөнийг 2013 оны турш цувралаар зохион явуулах юм.
Зорилго: Хүн төрөлхтний түүх хувь хүний түүхээс бүрддэг. Тиймээс
нутаг орныхоо төдийгүй улс орныхоо бүхэл бүтэн нэгэн үеийн түүхийг бичилцэн,
бүтээн байгуулалтад нь гар бие оролцож, оюун сэтгэлгээгээ зориулж явсан ахмад,
дунд үеийн олон сайхан буурлууд бол Баян-Уул сумын нэрийн хуудас, амьд түүх
билээ. Тэрхүү амьд түүхийг хойч үеийнхэндээ бичиглэн үлдээх, орчин үеийн
дэвшилтэт технологийг ашиглан дүрсжүүлэн (видео бичлэг) интернэт орчинд байрлуулж, олон
нийтийн хүртээл болгох нэн шаардлагатай байна.
Энэхүү хөөрөлдөөнийг зохион байгуулснаар нутаг усныхаа
ахмад буурлуудын дурсамж, хууч яриа, халуун дотно хөөрөлдөөнийг залуучууд, хойч
үеийнхэнд хүргэх, улмаар уг ярилцлагуудыг Баян-Уул сумын 90 жилийн ойд
зориулсан баримтат кино, телевизийн нэвтрүүлэг болгон үлдээх боломж бүрдэх юм.
Агуулга,
бүтэц: “Улзамнай” хөөрөлдөөний
нэг удаагийн дугаарт 3-4 ахмад буурлыг зочноор урин оролцуулж, дурсамж хууч
дэлгэн чөлөөт ярилцлага өрнүүлэх юм. Хөөрөлдөөн нь тухайн ахмад буурлын өөрийн
хувийн намтар, ажил амьдралын замналын тухай өгүүлэх эхний хэсэг, Баян-Уул
нутгийнхаа үүх түүх, өөрийн бага нас хийгээд өвөг дээдсийн тухай өгүүлэх
хоёрдугаар хэсэг, нутаг орныхоо өнөөгийн болон ирээдүйн хөгжил цэцэглэлтийн
талаар санаа бодлоо нэмэрлэн, залуус хойч үедээ үнэтэй сургаалаа хэлэх төгсгөл
хэсэг гэсэн үндсэн гурван хэсэгтэй.
Хэлбэр:
Хөөрөлдөөнийг нүүр тулсан шууд
ярилцлага буюу ток шоу хэлбэрээр зохион байгуулна. Тиймээс уригдсан зочид
хоорондоо хууч хөөрөхөөс гадна үзэгчдийн зүгээс зочидтойгоо харилцан ярилцах,
асуулт асуух зэргээр хөөрөлдөөнийг хөгжөөн, ярилцлагыг улам амттай, өргөн
хүрээтэй болгох юм. Хөөрөлдөөнийг эрэгтэй, эмэгтэй хоёр сэтгүүлч хөтөлж,
ярилцлагыг чиглүүлнэ.
Үр дүн:
Нутгийн буурлуудаа хүндэтгэн залж,
дурсамж дэлгэн хуучлах “Улзамнай” хөөрөлдөөн Баян-Уул нутгаас төрөн гарсан, эдүгээ Улаанбаатар хотноо аж
төрж буй ахмад буурлуудыг хооронд нь уулзуулж байгаагаараа онцлогтой. Мөн
тэдгээр буурлуудын дурсамж яриаг телевиз, радиогийн бичлэгт хадгалан үлдэх,
телевиз, радиогоор нэвтрүүлж өдөр тутмын сонинд ярилцлага хэлбэрээр нийтэлснээр
нэг талаар нутаг орноо сурталчлах, нөгөө
талаар сумынхаа түүхийн цагаан толбо болж үлдсэн бүдэг бүрхэг зүйлсийг
тодруулах, өмнө хэвлэгдсэн ном бүтээлд дурдагдсан зарим баримт, мэдээлэл,
түүхэн үйл явдлын талаархи дурсамж сэлтийг нэмэн тодруулах, энэ бүхнийг залуу
үеийнхэнд таниулах ач холбогдолтой.
Хөөрөлдөөний үр дүнд Баян-Уул сумын 90 жилийн ойд зориулсан цуврал нэвтрүүлэг,
“Улзамнай” баримтат кино бүтээгдэн олны хүртээл болно. Мөн эдгээр цуврал
ярилцлагыг ном болгон хэвлэх ч боломжтой.
Улаанбаатар
хот дахь Дорнод аймгийн Баян-Уул сумын нутгийн зөвлөл
Saturday, February 16, 2013
Нутгийн төлөөлөгчид нийслэл Улаанбаатар хотноо
Өнгөрсөн 01 сарын 30-аас 02 сарын 04-ны хооронд шинээр сонгогдсон сумын засаг дарга Ж.Дорж, ИТХ-ын дарга Б.Мөнхбаясгалан нарын тэргүүтэй 10 орчим хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод ажлын айлчлалаар хүрэлцэн ирлээ. Нутгийн Зөвлөл, энд ажиллаж амьдарч буй нутгийн зарим иргэд байх хугацаанд нь дэмжиж туслан хамтран ажиллацгаалаа.
Төрийн ордонд парламентын үйл ажиллагаатай танилцах ажлыг
нутгийн уугуул, дипломатч О.Очиржав зохион байгуулав.
Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуягийн өрөөнд
Ерөнхий сайдтай уулзах уулзалтыг Б.Ширнэн зохион байгуулав.
Нутгийн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх ажиллагааг
сумын засаг дарга Ж.Дорж нээж үг хэлэв.
ИТХ-ын дарга Б.Мөнхбаясгалан мөн талархал дэвшүүлэв.
Ерөнхий сайд, нутгийн хүргэн биднийг гэртээ урьж хүлээн авлаа.
(Гэргий Х.Сэлэнгэ нь манай сумын уугуул юм.)
Манай сумын уугуул, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх даргын гэргий А.Дариймаа авгайн гэрт нь зочилж хүндэтгэл үзүүлж гарын бэлгээ гардуулан өгөв.
Өөр бас зарим нэг баавай, хөгшдүүдийн гэр орноор зочлон очиж
Saturday, February 2, 2013
Багшийн алдар
Улз нутгийн Пифагор
2013 оны 2-р сарын 2 |
Тэр үеэс хойш Жаргал багштай уулзах боломж нэг л гарч өгөхгүй байтал өнгөрөгч намар үеэл дүүгийнхээ хуриманд оролцохоор Улаанбаатарт ирснийг дуулаад ихэд олзуурхсан юм. Утсаар холбогдсоны дараа болзсон цагт нь товлосон газраа очиход цал буурал толгойтой, ярих бүртээ их сайхан инээмсэглэдэг, хачин хөнгөн шингэн алхаатай хүн өөдөөс угтсан сан. Тэгэхэд Жаргал гуай нийслэлд долоо хоносон. Түүнтэй цуг хэд хоногийг өнгөрүүлэх хувь ийн тохиож билээ.
Сурагч Жаргал
“Үр дүн харуулдаг цорын ганц залбирал бол хөдөлмөр юм”
Элберт Хаббард
Элберт Хаббард
Худанц Шарайд омгийн Балжиннямын Жаргал нь 1936 онд Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг Хөх уул гэдэг газар төржээ. Эмээгийнхээ гар дээр өсч бага насаа хонины хотонд өнгөрүүлсэн аж. 1944 онд Дашбалбар сумын бага сургуульд элсэн орж, 1955 онд Дорнод аймгийн Баян-Уул сумын 10 жилийн дунд сургуулийг дүүргэжээ. Энэ сумын анхны бүрэн дунд сургуулийг төгссөн 23 хүний дунд сурагч Жаргал байсан гэдгийг уг сургуулийн хүндэт самбарт өнөөдрийг хүртэл өлгөөтэй байгаа бага насыг нь мөнхлөн үлдээсэн зураг гэрчилдэг аж. Зургаадугаар ангид сурч байхад нь Т.Дулмаа гэдэг багш тооны хичээл зааж эхэлснээр сурагч Жаргалыг тоонд үнэнхүү сонирхолтой болгожээ.
Дараа жил нь Цэрэнжав гэдэг багш санаачлан 5-7 дугаар ангийн дунд Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн ойн нэрэмжит математикийн тэмцээн зохион байгуулсан гэнэ. Тухайн үед улсын хэмжээнд анхныхад тооцогдох энэ тэмцээнээс сурагч Жаргал “Баяр хүргэе!” гэсэн цагаан боронзон бичигтэй улаан тууз зүүж, шагнал авчээ. Тэр л агшинд амьдралаа чухамхүү тооны ухаантай холбох замыг эргэлт буцалтгүй сонгосон аж. Авьяасаа хөдөлмөр, зүтгэлээр хөгжүүлсний ач гавьяа энэ гэнэ.
Ингээд дунд сургуулиа амжилттай дүүргэж Багшийн институтэд элсэн орж математикийн багшийн мэргэжлээр гурван жил суралцсан байна. Дээд сургуульд байхдаа ч тооны хичээлд тэргүүний оюутны нэг байжээ.
Тэргүүний багш Жаргал
“Хэцүү бэрх зүйлсийг хялбархан ойлгуулж
чаддаг хүнийг багш гэнэ”
Р.У. Эмерсон
чаддаг хүнийг багш гэнэ”
Р.У. Эмерсон
Дипломоо өвөртлөөд Дорнод аймгийн төвийн арван жилийн 1 дүгээр дунд сургуульд томилогдож тоо-шугам зургийн багшаар ажил амьдралын гараагаа эхлүүлжээ. Нэлээд үр бүтээлтэй ч ажиллаж “сайн багш” гэх магтаалыг байнга хүртэж явсан байна. Сургалтын үйл ажиллагаандаа голчлон асуудал дэвшүүлэн шийдвэрлүүлэх аргыг хэрэглэж, хяналтын ажлын дагуу анализ гарган, хүүхэд нэг бүртэй ганцаарчлан ажилладаг уйгагүй хөдөлмөрч чанараараа аймгийн багш нарын дунд үлгэр жишээч туршлагын эзэн болж явжээ. Бүр эрдэмтэн зохиолч агсан Ш.Гаадамба гуай хүртэл тэргүүн туршлагын нь талаар сурвалжлахаар ирж байсан явдал Жаргал багшийн чадварыг илтгэх чухал нотолгоо болов уу.
Ийнхүү амжилтаар дүүрэн, үр бүтээлтэй ажиллаж байсан хэдий ч хөдөө газраа үгүйлээд байж. Тиймээс аймгийн төвдөө таван жил багшилсны дараа өөрийн хүсэлтээр Баян-Уул сумын сургуульд шилжин тооны багшийн ажлын гараагаа эхлүүлж 32 жилийн турш тасралтгүй ажилласан байна.
Ажиллах хугацаандаа математикийн олимпиадын 17 аваргыг төрүүлсэн Жаргал гуай өөрөө ч бас Зүүн бүсийн математикийн багш нарын олимпиадад дэд байр эзэлж явсан аж. Улз сав нутгийнхан тооны 10 дугаар олимпиадаа Б.Жаргал багшийн нэрэмжит болгон явуулж ихээхэн хүндэтгэл үзүүлж байсан юм билээ. Хэн хүнгүй л мэдлэгээ улам лавшруулж гадаад, дотоодод мэргэжлээ дээшлүүлэх, бүр эрдмийн зэрэг дэвтэй болохыг ихэд тэмүүлдэг байсан тэр үед Жаргал гуай “насныхаа мөрөөдлийг биелүүлж явна” хэмээгээд хүүхдүүдэд хичээлээ зааж явах нь улс оронд илүү хэрэгцээтэй гэж үзэн багшийнхаа ажлыг орхиогүй гэдэг.
Түүнийг хичээл зааж байхад хүүхдүүд огт шуугилддаггүй байсан гэнэ. Гэхдээ “Би таны хичээлд залхуурдаг байсан” гэж хэлэх хүүхэдтэй таарч явжээ. Яагаад залхуурдаг байсныг нь асуухад “Би хичээлээ нэгэнт ойлгочихсон байсан учраас таныг дахин дахин давтан ярихад тань залхуутай санагддаг байсан” гэж хариулсан гэсэн. Жаргал гуай багшид асуулт тавьсан сурагч, ойлгоогүй зүйлээ давтан хэлүүлэхийг хүссэн хүүхдүүдийг аль болох урамшуулахыг хичээдэг байсан нь тэр ажээ.
Тоонд тааруу хүүхэд ердийн л үзэгдэл. Харин Жаргал багш тоо заахаас илүүгээр хүүхдэд сурахыг заадаг байсан гэж томьёолно лээ. Тухайн сурагчийн мэдлэг ямар түвшинд байгааг тодорхойлсны дараа түүнтэй тулж ажиллан өөрт нь тохирох даалгаврыг өгдөг байжээ. Өөрөөр хэлбэл, гэрийн даалгаврыг нийт дунд нь өгөлгүй зарим сурагчид ялгаатай өгдөг байсан байна.
Багш хүний сэтгэлд тод дурсамж үлдээсэн сурагчид гэж байдаг. Тийм нэг сурагчийнхаа талаар дурсахдаа Жаргал гуай нэрийг нь хэлэхээс татгалзсан юм. “Долоодугаар ангид байхдаа тэр хүү өвлийн амралтаар гэртээ харьж ирээд нэг л өөр болсон байлаа. Хичээл дээр үймүүлэхгүй ч “наад тоогоор чинь яадаг юм бэ” гэсэн сэтгэлээр хичээлд оролцох болов. Шавь нараасаа жаал асууж сураглатал наймдугаар ангиа төгсөөд мал дээр гарахаас хойш тоо сурлаа ч яалаа, байлаа ч яалаа гэж ярьж явсныг нь олж мэдсэн юм. Тэгээд бодлоо. Энэ хүү хүсвэл мал дээр гарвал гарна л биз. Гэхдээ цаашдаа яаж амьдрах бол гэхээс тэр шөнө нойр хүрэхгүй, сэтгэл тун их эмзэглэж билээ” гэв.
Ингэж Жаргал багш шөнөжин бодсоны эцэст хүүгийн сэтгэл санаанд алсуур нөлөөлөхөөр шийджээ. Тэгээд хичээлээ заахдаа “Энэ зэргийн юмыг бодоод сурчихвал та нарт мал дээр гарсан хойно чинь хүртэл их хэрэг болно. Дор хаяад, малын өвс тэжээлийнхээ тооцоог гаргаж чаддаг болно шүү дээ” гэх маягаар ярин “мал дээр гарах” гэдэг үгийг байсхийгээд л тодотгож хэлээд байжээ. Ингээд хэд хоног өнгөрсний дараа нөгөө хүү тооны хичээлдээ учиргүй шамдан, бүр самбарын өмнө асуугдах гээд гараа өргөдөг болсон байсан гэнэ. Тэгээд наймдугаар ангиар тогтохгүй арван жилээ амжилттай төгсөөд нийслэлийг зорьсон ажээ.
Өнөөдөр тэр шавь нь хувьдаа томоохон аж ахуйтай, компанийн захирал гэж дуудуулж явна. Жаргал гуайг тээр жил хотод ирснийг нь мэдмэгцээ зориуд ирж уулзсан гэсэн. Багшдаа хацраа үнсүүлэн зогсохдоо жаахан хүүхэд шиг л эхэр татан уйлж байсан аж. Энэ шавь багшийнхаа сэтгэлд нэг тийм дулаахан орон зай эзэлдэг гэдэг нь Жаргайл гуайн нүдэнд хурсан нулимсаас түвэггүй ойлгогдоно лээ.
Ерөөс тооны ухаан бараг бүх хүнд хэрэгтэй байдаг ажээ. Яагаад гэвэл, ажил мэргэжлийн маш олон салбарт тоо ашиглагддаг. Ирээдүйд бүү хэл, өнөөдөр хамгийн эрэлттэй, хамгийн өндөр цалинтайд тооцогддог мэргэжлүүд гол төлөв тоотой холбоотой. Тоондоо сайн байж гэмээнэ уурхайн эсвэл IT-ийн инженер, эдийн засагч, нягтлан бодогч болж чадах ажгуу. Химийн ухаан хүртэл тоотой салшгүй холбоотой. Гэтэл химийн ухаанд суралцаагүй хүн яахин эмч болох билээ. Ямар сайндаа, нэрт эрдэмтэн Эйнштейнээс “Таны лаборатори хаана байдаг вэ” гэж хэн нэгнийг асуухад харандаа, цаас руугаа зааж байсан гэдэг.
Тооны тухай ярихаар Жаргал гуайн нүд нь сэргээд л ирдэг юм билээ. Тэгээд “Хүүхэд өсч, бие дааж эхлэх хүртлээ тооны ухаан юунд хэрэгтэйг үнэндээ тэр бүр ойлгодоггүй. Гэтэл амьдрал бүхэлдээ тоон дунд өрнөдөг. Айл гэрийн эзэгтэй нар нөхрийнхөө цалингаас өгсүүлээд хоолны орц найрлагыг тогтоохдоо ч тоо ашиглана.
Харин гэрийн эзэн ирээдүйд ямар байшин барихаа төлөвлөж үүнд нь хэдэн кубметр банз, хэчнээн зуун тоосго орох вэ гэдгийг тооцоолж гаргадаг. Тоо сайн бодож сурвал аливаа эрсдлээс ч зайлсхийх боломжтой.
Тухайлбал, сүүлийн жилүүдэд сүлжээний бизнес гэж их ярьдаг болжээ. Тоо бодож чаддаг хүн бол үүнийг луйвар мөн эсэхийг дор нь бодоод олчихно шүү дээ. Энэ мэтээр амьдралын бараг алхам тутамд тоо шаардагдаад байдаг. Тооны тусламжтайгаар бид хүрээлэн буй орчноо ч бас таньж мэддэг. Байгаль эхийн хэлэх гэсэн бүхнийг тоон хэлэнд хөрвүүлээд мэдчихдэг боллоо. Ирээдүйд болох зүйлсийг хүртэл тооцоолоод гаргачихдаг болсон шүү дээ” гэлээ.
Үүнээс гадна сурагчдад анализ хийх чадварыг эзэмшүүлэх их чухал ажээ. Учир нь тухайн сурагчид ном, сэтгүүл болон бусад эх сурвалжийг ашиглан хичээлийн хөтөлбөрөөс давсан мэдлэгийг олж авах нөхцөл нь болдог байна. Жаргал гуай өөрөө ч гэсэн өнөөдөр эргэн тойронд болж буй олон үйл явдалд анализ хийх зуршлаа гээгээгүй ажээ.
Иргэн Жаргал
“Амьдрал гэдэг тоос хөдөлгөн явах, амьд явахын нэр биш.
Өөрийн болон бусдын амьдралын төлөө тэмцэн зүтгэхийн нэр юм”
Л.Түдэв
Өөрийн болон бусдын амьдралын төлөө тэмцэн зүтгэхийн нэр юм”
Л.Түдэв
Жаргал багшийн тухай анх ярьж өгсөн мөнөөх хүн бол С.Галсанжамц гэдэг төрсөн дүү нь. Тэрбээр үндэсний аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн, цагтаа Монгол Улсын дөрвөн Ерөнхийлөгчийн аппаратад, мөн Батлан хамгаалахын дөрвөн сайдын туслахаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан ч зүгээр сууж чадалгүй хувийн хэвшилд өндөр алба хашиж яваа юм. Дээр нь хурандаагаас гадна Жаргал гуайн шавь гэсэн “том” цолтой.
С.Галсанжамц “Жаргал ахыг нарийн тооцоотой хүн гээд хэлчихвэл эвгүй сонсогдох байх. Энэ үгийг харамч гэдэг утгаар нь ойлговол бүр буруу. Хорвоогийн хоног өдөр бүрийг ч, мөнгийг ч дэмий үрэх хэрэггүй гэх үзэл баримталдгийг нь л илэрхийлэх гэсэн юм. Энэ үзлээрээ ч бусдад үлгэрлэсээр ирсэн хүн” гэлээ. Галсанжамц гуай сургуульд сурч байхдаа Жаргал ахындаа амьдардаг байжээ. Сургуульд сурах үед нь эсвэл хүүхдийн зуслан явах бүрт нь Жаргал гуай “Ах нь мөнгийг нь даана шүү. Яг хэдэн төгрөг хэрэг болохыгоо тооцоолоод гаргачихаарай” гэдэг байсан аж. Тэгээд тооцоонд тусгагдсан тэр дүнгээс илүү ч үгүй, дутуу ч үгүй яг тааруулаад өгдөг байсан гэнэ. “Тэгэхээр нарийн тооцоотой хүн бүрийг харамч, нарийн гэж хэлбэл алдас болно биз? Энэ бол тийм ч муу зан биш ээ. Харин ч их шударга зарчим гэж би боддог” хэмээн Галсанжамц гуай тайлбарлаж билээ. Цахилгааны инженер мэргэжилтэй Л.Санжаасүрэн хэмээх шавь нь “Нарийн тооцоотой хүн гэдэг нь үнэн. Аливаа юмыг урьдчилаад төлөвлөдөг гэвэл бүр ч их онох болов уу. Жишээ ярихад, багш маань 30 гарсан хойноо гэр бүл зохиосон. Харин үүнээс өмнө төрөө бус гэрээ зассан. Эхнэрээ гэртээ дагуулж ирэхээс өмнө айлд байх ёстой бүхнийг урьдчилаад бэлдсэн байсан гэж нутгийн буурлууд ярьдаг. Тоос сорогч, угаалгын машин гээд ахуйн хэрэглээний бараг бүх техникийг хөдөө ирсэн даруйд нь авсан хүн бол Жаргал багш байсан гэдэг. Тооцоотой зөв амьдрах ухаан гэж үүнийг л хэлнэ. Энэ чанараараа одоо ч бусдад үлгэрлэсээр байгаа хүн дээ” хэмээлээ.
Б.Жаргал гуай ээж, дүү нартайгаа
Жаргал гуай хувь заяаны эрхээр эхээсээ хол өссөн тул багадаа ижийнхээ дэргэд очих чин хүсэлдээ хөтлөгдөн зардлын хөлс цуглуулдаг байжээ. Тийм учраас багаасаа л мөнгөнд ухаалаг хандах төлөвшлийг өөртөө бий болгосон нь түүнийг ийнхүү “нарийн тооцоотой”, зорилгодоо хүрэх замыг төлөвлөдөг зуршилтай болгосон аж. Дээр нь таван настайдаа эцгээсээ өнчирч хоцорсон Жаргал хүүгийн амьдралд хэлмэгдлийн хахир хатуу он жилүүд арилашгүй толбыг үлдээж зовлон зүдгүүр туулах сэтгэлийн тэнхээ, тэсвэр хатуужилтай амьдрах үндсийг тавьжээ. Тэглээ гээд Жаргал багш тун зөөлөн сэтгэлтэй, намуухан хүн юм билээ. Шавь нар нь хүртэл “Кинонд гардаг “хатуу мөртлөө зөөлөн” гэсэн хэллэг “Түмний нэг”-ийн Чимэд, Жаргал багш хоёрт яг тохирсон үг” гэцгээж байв. Сурагчдад дуугаа өндөрсгөж үзээгүй, их л чангадаа “тише” гэж оросоор сулхан дуугарахад сурагчдад хангалттай санагддаг байж. Яагаад гэвэл, Жаргал багшийн хичээл дээр үймүүлдэг хүүхэд ер байгаагүй гэнэ. Багш хүн хичээлийг үнэн сэтгэлээсээ заавал хүүхэд бүр анхааралтай сонсдог ажээ.
“Багш хүн өөрөө үлгэр жишээч нэгэн байх ёстой” гэж Жаргал багш хэлсэн. Энэ зарчмыг өнөөг хүртэл амьдралдаа хэвшүүлчихэж. Хатуу эсүүн юм ер амсдаггүй, бүр үзэн яддаг гэж өөрөө хэлнэ лээ. Хэд хоног дагаж явахдаа тамхи татахыг нь ч хараагүй. Урт насалж буйн нууц биеийн тамиртай салшгүй холбоотой гэдгийг биечлэн харуулж байгаа хүн юм байна. Цана, дугуйн спортоор өнөөг хүртэл хичээллэж яваа аж. Өдгөө 77 настай ч Дорнодын Баян-Уулаас Хэнтийн Норовлин руу 100 гаруй км газрыг дугуйгаар туулсан байгаа юм даа.
Гавьяат багш Жаргал
“Түмэн багшийн
Буман шавь нар
Түүхт орныхоо
Булан бүрт шамдана”
Ш.Сүрэнжавын “Багш” найраглалын хэсэг
Буман шавь нар
Түүхт орныхоо
Булан бүрт шамдана”
Ш.Сүрэнжавын “Багш” найраглалын хэсэг
“Сурагч гэдэг нь элдэв зүйлээр дүүргэж болдог сав биш. Харин бадамлан асах ёстой бамбар юм” гэж агуу эрдэмтэн Плутарх хэлсэн байдаг. Гагцхүү сэтгэл зүрхээрээ “шатаж” яваа хүн л Плутархийн хэлсэн тэрхүү бамбарыг асааж чадах нигууртай гэж ярьдаг нь үнэн юм байна. Мэргэжлээрээ “өвчилсөн” хүн л эх орондоо хэрэгтэй, чадварлаг мэргэжилтнүүдийг төрүүлдэг ажээ.
Жаргал багшийн гараар дамжиж, алдар цуугаа дуурсгаж, эх орондоо ихийг бүтээж яваа шавь олон байна. Шавь нараас нь 10 орчим гавьяат болон доктор цолтой мэргэжилтэн, 100 гаруй инженер техникийн ажилтан, 40 гаруй математикийн багш, 20 гаруй нягтлан бодогч, мөн 20 гаруй эмч төрөн гарсан ажээ. Заримаас нь дурдвал, биологийн ухааны доктор Б.Дашням, геодезийн ухааны доктор М.Саандарь, эдийн засгийн ухааны доктор А.Болд-Эрдэнэ, хэл шинжлэлийн ухааны доктор Б.Ширнэн, анагаах ухааны доктор Х.Должин, соёлын гавьяат Д.Донров, С.Оюут нарыг нэрлэж болох бөгөөд төр засгийн байгууллагуудад он удаан жил ажиллаж, олон түмэнд сайн танил болсон хүмүүсийн нэр ч дуулдаж байлаа.
“Тэтгэвэрт гарсан хүнд гавьяат цол олгохгүй гэсэн шалтгаанаар олон жил дарж байгаад нутгийн зоны хүсэлтээр 2011 оны наадмаар Жаргал багшид төрийн хишиг хүртээсэн” гэж шавь нар нь ярив. Хожуу авсан ч гэлээ “Гавьяат багш” цолыг нь нутгийн ахан дүүс хүндэтгэлтэйгээр хүлээн авч, эзнээ олсон шагнал гэж ярьж сууна. Зэргэлдээх сумын иргэд хүртэл Жаргал гуайг гавьяат багш болсон тухай мэдээг сонсоод цэнхэр дэлгэцийнхээ өмнө хэдэн хором алга ташиж суусан гэх үлгэр домог шиг яриа байдаг юм билээ. “Ер нь манай буриад зон их ажилсаг гэдгийг улс даяар анддаггүй шүү дээ. Жишээ нь, зуд боллоо гэхэд, буриад малчны мал сүрэг үхэж хорогдлоо гэж сонссон хүн тэр бүр бий болов уу” гэж Жаргал багшийн шавь, инженер мэргэжилтэй Р.Балдан гуай онцолж хэлж байсныг энэ зуур санав. Жаргал гуай Пифагор шиг олон янзын теорем зохиож яваагүй ч тооны шинжлэх ухаанд Пифагор шиг бүх амьдралаа зориулж явсныг үгүйсгэх хүн нэгээхэн ч үгүйн баталгаа энэ буюу.
Өнөөдөр ч гэсэн Жаргал гуай тоогоо орхиогүй явна. Сумаас зайдуу хөдөө газар амьдарч байгаа ч гэлээ Жаргалынх гэдэг айлд тоо заалгах, элсэлтийн шалгалтанд бэлдүүлэх хүсэлтэй сурагчдын хөл тасардаггүй аж. Жаргал гуай үүнийхээ төлөө мөнгө авч үзээгүй гэнэ. “Дорнод” сонинд гарсан “Тооны Жаргал багш тоогоо бодсоор явна” хэмээх сурвалжлагад Жаргал гуай “Шавь нарын сэтгэлийн урамд баярлахын зэрэгцээ тэдний итгэл сэтгэлийг хэрхэн хариулах билээ хэмээн сэтгэн, сайхан сэтгэлийг буян болог гэж зүрх сэтгэлдээ бодон суудаг” гэж хэлсэн үгээр нь мөнгө авдаггүй шалтгааныг тайлбарлаж болно. Зориод ирсэн хэн бүхэнд мэдлэгээ зориулахад бэлэн байх үүднээс, мөн өөрийгөө “зэврээхгүй” гэсэндээ мал бэлчээх зуураа ч аанай л тоогоо бодсоор явдаг болжээ. Ийм нэг өдөр мал сүргээсээ хоцорч, хээрийн боохойд хонио ноолуулж байсныг нутгийнхан нь мартдаггүй, явган шог болгож ярих дуртай юм билээ.
Оюун ухаанаа байнга хөгжүүлж байхын тулд хүн бүр ядаж шатар байнга тоглодог байх ёстой гэдгийг Жаргал багш уламжилж өгөхийг хүссэн юм.
“Гавьяат багш зөвлөж байна”
“Ноён ноён гэмээнэ нутаг зуураа хүндтэй,
Номтой багш гэмээнэ газар бүхэн хүндтэй”
Монгол ардын зүйр үг
Номтой багш гэмээнэ газар бүхэн хүндтэй”
Монгол ардын зүйр үг
Хот, хөдөөгийн гэлтгүй залуу багш нар Жаргал гуайгаас туршлага судлахаар олонтаа ханддаг аж. Өөрөө ч тэд нарт зөвлөгөө өгөхөөсөө цааргалдаггүй гэнэ. “Залуу багш нарт зөвлөхөд хүүхдүүдийг ихэд хүндэтгэж, зөв харьцаж байх хэрэгтэй. Ялгаварлан үзэж болохгүй. Гэхдээ сурлагын нь тал дээр ялгаатай ханд. Өөрөөр хэлбэл, нийт ангид нь бус сайн сурдаг болон жаахан тааруухан сурдаг хүүхдүүдэд даалгаврыг нь ялгавартай өгдөг байх хэрэгтэй. “Ямар үр тарина, тийм л ургац хураана” гэдэг шиг багш бид хүүхдүүддээ хэрхэн хандаж буйгаас эх орны минь ирээдүй шууд хамаарна” гэж хэлж байв.
Үүнээс гадна сурагчдын бүтээлээр үзэсгэлэн тогтмол гаргаж байвал хүүхэд их урамшдаг гэсэн. Мөн гэр бүлээр нь оролцуулсан уралдаан, тэмцээнүүд эцэг эхийн хамтын ажиллагаа, хүүхдийн төлөвшилд асар их хувь нэмэр болдог гэж онцолж хэлнэ лээ. Хуучны юм ул болно гэдэг худлаа аж. Тэтгэвэрт гараад хүүхдүүдэд гэрээрээ хичээл зааж байгаа ч хичээлийн конспектоо тухайн хүүхэд бүрт тохируулж дандаа шинээр боловсруулдаг гэсэн.
Жаргал гуай сургуульд багшилж байх үедээ бусдаасаа хоцорч яваа сурагчдад хичээлийн дараа нэмэлт давтлага өгөөд хэвшчихсэн байжээ. Энэ бол хэзээ ч хуучирдаггүй арга гэнэ. “Үүнийг хэрэгжүүлэхээс халшрах хэрэггүй. Угаас хэсэг хугацааны дараа давтлага авах хүүхэдгүй болтлоо сурлага нь жигдрээд ирдэг юм билээ. Сонсоод байх нь ээ, зарим багш нар “илтгэл” тавиад гараад явчихдаг сурагтай. Гэтэл илтгэх урлагийг бус сурагчдад мэдлэг заах урлагийг эзэмшсэн хүнийг л багш гэдэг байх. Сурагчдадаа сэтгэл зүрхээ зориулж, үхэн үхтлээ мэддэг бүхнээрээ ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийхэд багш гэдэг мэргэжлийн онцлог оршино гэж би боддог” гэсэн зөвлөгөөг Жаргал багш өгч байсан юм. Тэрбээр бүр их тодорхой зөвлөгөө өгөхийг хүсдэг ажээ. Тиймээс Дорнод аймгийн Боловсрол, соёлын газрын мэргэжилтэн, Ардын боловсролын тэргүүний ажилтан Б.Бямбаханд шавь нь “Гавьяат багш Жаргал зөвлөж байна” гэсэн блогийг нээн ажиллуулж байгаад өдгөө сайт болгон өргөжүүлэхээр чармайн ажиллаж байна.
“Хүүхэд бүрийн сэтгэлд хэнд ч үл харагдах олон чавхдас бий. Гагцхүү чадварлаг багш л тэднийг сайхан эгшиглүүлж чадна” гэж Оросын алдарт зохиолч, яруу найрагч Максим Горькийн хэлсэн нь бий. Ийм нэг чадварлаг багшийн тоонд “Улз нутгийн Пифагор”-ыг багтаадаг нь зүй ёсны хэрэг биз ээ.
Subscribe to:
Posts (Atom)
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.