Thursday, February 21, 2013

“УЛЗАМНАЙ” ХӨӨРӨЛДӨӨН


“УЛЗАМНАЙ” ХӨӨРӨЛДӨӨН

Улаанбаатар хотноо аж төрж буй Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул ахмад буурлуудад хүндэтгэл үзүүлэх уулзалт ярилцлага

Энэ долоо хоногийн бямба гариг буюу 2013 оны хоёрдугаар сарын 23-нд болох “УЛЗАМНАЙ” хөөрөлдөөний манай анхны дугаарт уригдсан хүндэт буурлуудаа танилцуулж байна.

ДАМБЫН БАДАМЖАВ

Хөөлэй хуйсай овогт Дамбын Бадамжав баавай Улаанбаатар хотноо аж  төрж буй Баян-Уулчуудын хамгийн ахмад настан, төр засгийн өндөр хариуцлагатай албыг хашиж явсан хүндтэй буурал билээ. Ирэх жил Баян-Уул сум байгуулагдсаны 90 жилийн ой тохиох төдийгүй төрөлх сумтайгаа нас чацуу ахмад буурал Бадамжав баавай маань мөн 90 насны өлзийт босгыг алхах юм.
Д.Бадамжав баавай Цэрэнжав, Дуламжав, Дуламханд гэсэн гурван хүүхэдтэй. Д.Бадамжавынх гэдэг энэ өнөр өтгөн гэр бүлээс хүүхдүүд болон ач, гуч, зээ нар, хүргэд, бэрээд нь 100 гаруй хүнтэй олон арван өрх айл болон гал голомтоо бадраацгаан, бууралхан баавай насны ханийнхаа хамтаар “Үрээ танихгүй өнөр, үрээгээ танихгүй баян” жаргаж суугаа ажээ.  

Товч намтар      

- 1924 онд Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг Хайлантын өвөрт төрсөн.
-1943 онд Улаанбаатар хотноо Санхүүгийн техникум
-1947 онд Санхүүгийн техникумыг төгсөөд Дорнод аймгийн гаалийн хороонд ажил амьдралын гараагаа эхэлсэн.
-1949 онд Сангийн яаманд томилогдон ирж, гааль хариуцсан байцаагч, зааварлагч
-1950-1955 онд Намын дээд сургуульд элсэн суралцсан.
-1955 оноос Хэнтий аймгийн төлөвлөгөөний комиссын дарга бөгөөд аймгийн нэгдүгээр орлогч дарга.
-1957 оноос Улсын төлөвлөгөөний комиссын орон нутаг хариуцсан хэлтэс
-1964 оноос Сайд нарын зөвлөлд төлөвлөгөө, тоо бүртгэл хариуцсан референт
-Дамбын Бадамжав баавай 1972 оноос Хөдөө аж ахуйн яамны төлөвлөгөө, санхүү хариуцсан орлогч сайд
-1975 оноос Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Захидал харилцааны хэлтсийн дарга
- 1989 оноос гавьяаны амралтандаа суужээ.

ДАМБЫН МАРХААЖИЙ

Баян-Уул сумаас төрөн гарсан дипломатчдын нэг бол Дамбын Мархаажий баавай юм. Тэрээр эх орон, төр засгийнхаа үүрэг даалгавраар Монгол төрийн алтан аргамжийг атган хилийн чанадад олон жил ажилласан ахмад дипломатч билээ. Д.Мархаажий баавай Чингис, Чойдорж, Чойдулам гэдэг гурван хүүхэдтэй. Дунд хүү Чойдорж нь 2008 оны УИХ-ын сонгуульд Иргэний Зориг ногоон намаас Дорнод аймагт нэр дэвшин өрсөлдөж байсныг нутгийн зон олон сайн мэдэх билээ.

Товч намтар

- 1927 онд тухайн үеийн Зөвлөлт холбоот улсын Агын округын Дульдаргын районы Тавтаанайд эхээс мэндэлжээ.
-1943 онд Баян-Уул сумын бага сургуулийг дүүргэн Улаанбаатар хотноо ирж Санхүүгийн техникумд суралцжээ.
-1946 онд Эрхүүгийн Санхүү, эдийн засгийн сургуульд элсэн суралцсан байна. Монголоос анх Эрхүүгийн Санхүү, эдийн засгийн сургуульд суралцсан хүн нь төр, нийгмийн нэр зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал бол түүний дараагаар Моломжамц, Цэрэн-Янжин, Дагвадорж, Лувсаншарав зэрэг тэр үеийн сэхээтнүүд суралцсан гэдэг. Баян-Уул сумын унаган хүү Д.Мархаажий  тэдгээр эрхмүүдийн дараа Монголоос Эрхүүгийн Санхүү, эдийн засгийн сургуульд суралцагчдын гурав дахь үе болон очиж байжээ.
-1955 онд Эрхүүгийн Санхүү, эдийн засгийн сургуулиа дүүргэн эх орондоо ирээд Сангийн яаманд эдийн засгийн мэргэжилтнээр ажиллаж улмаар уг яамны бүртгэлийн төвийн даргын албыг хашжээ.
-1960 онд Гадаад харилцааны яаманд томилогдон очиж Бүгд найрамдах ардчилсан Солонгос улс дахь Монголын Элчин сайдын яаманд худалдааны атташегаар ажиллах болсноор дипломат албаны гараагаа эхэлсэн байна.
-1964 оноос “Жуулчин” компани, “Улаанбаатар” зочид буудлын дарга
-1974 оноос Унгар дахь Монголын Элчин сайдын яаманд Унгар, Австри улсыг хариуцсан худалдаа, эдийн засгийн зөвлөх
- 1984 онд гавьяаны амралтаа авчээ.

ЛУВСАНГИЙН РАДНАА

Монгол Улсын уулын спортын анхны мастер Лувсангийн Раднаа баавай уулын спортын түүхэнд анхдагчийн алдрыг хэдэнтээ дархалж нэрээ мөнхөлсөн алдартан билээ. Түүний охин нь УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдөл, гомдлын байнгын хорооны дарга Р.Бурмаа юм.
Тэрээр Монголын уулын спортын анхны 7 мастерын нэг юм. Мөн Монголын уулын спортын анхны “Хангарьд” клубын уулчин бөгөөд Балба улсын уулын холбооны хүндэт тэмдгээр анх шагнуулжээ.

Товч намтар

-1930 онд Дорнод аймгийн Баян-Уул сумын нэгдүгээр багийн нутаг Хужиртаан гэдэг газар төрсөн.
-1938 онд Дорнод аймгийн долоон жилийн дунд сургууль
-1945 онд долдугаар ангийг онц дүнтэй төгсөн МУИС-ийн Физик, математикийн факультет
-1954 онд төрөлх Баян-Уул сумандаа ирж 10 жилийн сургуулийн хичээлийн эрхлэгчээр ажиллаж байхдаа сургуулийнхаа анхны 10 дугаар ангийг төгсгөж байжээ.
-1952 онд Баянхонгор аймагт багшаар томилогдон ажилласнаас хойш 1997 он хүртэл тасралтгүй 45 жил багшаар ажиллаж байгаад гавьяаны амралтаа авсан байна.

    
  

No comments: