Улз нутгийн Пифагор
Тэр үеэс хойш Жаргал багштай уулзах боломж нэг л гарч өгөхгүй байтал өнгөрөгч намар үеэл дүүгийнхээ хуриманд оролцохоор Улаанбаатарт ирснийг дуулаад ихэд олзуурхсан юм. Утсаар холбогдсоны дараа болзсон цагт нь товлосон газраа очиход цал буурал толгойтой, ярих бүртээ их сайхан инээмсэглэдэг, хачин хөнгөн шингэн алхаатай хүн өөдөөс угтсан сан. Тэгэхэд Жаргал гуай нийслэлд долоо хоносон. Түүнтэй цуг хэд хоногийг өнгөрүүлэх хувь ийн тохиож билээ.
Сурагч Жаргал
“Үр дүн харуулдаг цорын ганц залбирал бол хөдөлмөр юм”
Элберт Хаббард
Элберт Хаббард
Худанц Шарайд омгийн Балжиннямын Жаргал нь 1936 онд Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг Хөх уул гэдэг газар төржээ. Эмээгийнхээ гар дээр өсч бага насаа хонины хотонд өнгөрүүлсэн аж. 1944 онд Дашбалбар сумын бага сургуульд элсэн орж, 1955 онд Дорнод аймгийн Баян-Уул сумын 10 жилийн дунд сургуулийг дүүргэжээ. Энэ сумын анхны бүрэн дунд сургуулийг төгссөн 23 хүний дунд сурагч Жаргал байсан гэдгийг уг сургуулийн хүндэт самбарт өнөөдрийг хүртэл өлгөөтэй байгаа бага насыг нь мөнхлөн үлдээсэн зураг гэрчилдэг аж. Зургаадугаар ангид сурч байхад нь Т.Дулмаа гэдэг багш тооны хичээл зааж эхэлснээр сурагч Жаргалыг тоонд үнэнхүү сонирхолтой болгожээ.
Дараа жил нь Цэрэнжав гэдэг багш санаачлан 5-7 дугаар ангийн дунд Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн ойн нэрэмжит математикийн тэмцээн зохион байгуулсан гэнэ. Тухайн үед улсын хэмжээнд анхныхад тооцогдох энэ тэмцээнээс сурагч Жаргал “Баяр хүргэе!” гэсэн цагаан боронзон бичигтэй улаан тууз зүүж, шагнал авчээ. Тэр л агшинд амьдралаа чухамхүү тооны ухаантай холбох замыг эргэлт буцалтгүй сонгосон аж. Авьяасаа хөдөлмөр, зүтгэлээр хөгжүүлсний ач гавьяа энэ гэнэ.
Ингээд дунд сургуулиа амжилттай дүүргэж Багшийн институтэд элсэн орж математикийн багшийн мэргэжлээр гурван жил суралцсан байна. Дээд сургуульд байхдаа ч тооны хичээлд тэргүүний оюутны нэг байжээ.
Тэргүүний багш Жаргал
“Хэцүү бэрх зүйлсийг хялбархан ойлгуулж
чаддаг хүнийг багш гэнэ”
Р.У. Эмерсон
чаддаг хүнийг багш гэнэ”
Р.У. Эмерсон
Дипломоо өвөртлөөд Дорнод аймгийн төвийн арван жилийн 1 дүгээр дунд сургуульд томилогдож тоо-шугам зургийн багшаар ажил амьдралын гараагаа эхлүүлжээ. Нэлээд үр бүтээлтэй ч ажиллаж “сайн багш” гэх магтаалыг байнга хүртэж явсан байна. Сургалтын үйл ажиллагаандаа голчлон асуудал дэвшүүлэн шийдвэрлүүлэх аргыг хэрэглэж, хяналтын ажлын дагуу анализ гарган, хүүхэд нэг бүртэй ганцаарчлан ажилладаг уйгагүй хөдөлмөрч чанараараа аймгийн багш нарын дунд үлгэр жишээч туршлагын эзэн болж явжээ. Бүр эрдэмтэн зохиолч агсан Ш.Гаадамба гуай хүртэл тэргүүн туршлагын нь талаар сурвалжлахаар ирж байсан явдал Жаргал багшийн чадварыг илтгэх чухал нотолгоо болов уу.
Ийнхүү амжилтаар дүүрэн, үр бүтээлтэй ажиллаж байсан хэдий ч хөдөө газраа үгүйлээд байж. Тиймээс аймгийн төвдөө таван жил багшилсны дараа өөрийн хүсэлтээр Баян-Уул сумын сургуульд шилжин тооны багшийн ажлын гараагаа эхлүүлж 32 жилийн турш тасралтгүй ажилласан байна.
Ажиллах хугацаандаа математикийн олимпиадын 17 аваргыг төрүүлсэн Жаргал гуай өөрөө ч бас Зүүн бүсийн математикийн багш нарын олимпиадад дэд байр эзэлж явсан аж. Улз сав нутгийнхан тооны 10 дугаар олимпиадаа Б.Жаргал багшийн нэрэмжит болгон явуулж ихээхэн хүндэтгэл үзүүлж байсан юм билээ. Хэн хүнгүй л мэдлэгээ улам лавшруулж гадаад, дотоодод мэргэжлээ дээшлүүлэх, бүр эрдмийн зэрэг дэвтэй болохыг ихэд тэмүүлдэг байсан тэр үед Жаргал гуай “насныхаа мөрөөдлийг биелүүлж явна” хэмээгээд хүүхдүүдэд хичээлээ зааж явах нь улс оронд илүү хэрэгцээтэй гэж үзэн багшийнхаа ажлыг орхиогүй гэдэг.
Түүнийг хичээл зааж байхад хүүхдүүд огт шуугилддаггүй байсан гэнэ. Гэхдээ “Би таны хичээлд залхуурдаг байсан” гэж хэлэх хүүхэдтэй таарч явжээ. Яагаад залхуурдаг байсныг нь асуухад “Би хичээлээ нэгэнт ойлгочихсон байсан учраас таныг дахин дахин давтан ярихад тань залхуутай санагддаг байсан” гэж хариулсан гэсэн. Жаргал гуай багшид асуулт тавьсан сурагч, ойлгоогүй зүйлээ давтан хэлүүлэхийг хүссэн хүүхдүүдийг аль болох урамшуулахыг хичээдэг байсан нь тэр ажээ.
Тоонд тааруу хүүхэд ердийн л үзэгдэл. Харин Жаргал багш тоо заахаас илүүгээр хүүхдэд сурахыг заадаг байсан гэж томьёолно лээ. Тухайн сурагчийн мэдлэг ямар түвшинд байгааг тодорхойлсны дараа түүнтэй тулж ажиллан өөрт нь тохирох даалгаврыг өгдөг байжээ. Өөрөөр хэлбэл, гэрийн даалгаврыг нийт дунд нь өгөлгүй зарим сурагчид ялгаатай өгдөг байсан байна.
Багш хүний сэтгэлд тод дурсамж үлдээсэн сурагчид гэж байдаг. Тийм нэг сурагчийнхаа талаар дурсахдаа Жаргал гуай нэрийг нь хэлэхээс татгалзсан юм. “Долоодугаар ангид байхдаа тэр хүү өвлийн амралтаар гэртээ харьж ирээд нэг л өөр болсон байлаа. Хичээл дээр үймүүлэхгүй ч “наад тоогоор чинь яадаг юм бэ” гэсэн сэтгэлээр хичээлд оролцох болов. Шавь нараасаа жаал асууж сураглатал наймдугаар ангиа төгсөөд мал дээр гарахаас хойш тоо сурлаа ч яалаа, байлаа ч яалаа гэж ярьж явсныг нь олж мэдсэн юм. Тэгээд бодлоо. Энэ хүү хүсвэл мал дээр гарвал гарна л биз. Гэхдээ цаашдаа яаж амьдрах бол гэхээс тэр шөнө нойр хүрэхгүй, сэтгэл тун их эмзэглэж билээ” гэв.
Ингэж Жаргал багш шөнөжин бодсоны эцэст хүүгийн сэтгэл санаанд алсуур нөлөөлөхөөр шийджээ. Тэгээд хичээлээ заахдаа “Энэ зэргийн юмыг бодоод сурчихвал та нарт мал дээр гарсан хойно чинь хүртэл их хэрэг болно. Дор хаяад, малын өвс тэжээлийнхээ тооцоог гаргаж чаддаг болно шүү дээ” гэх маягаар ярин “мал дээр гарах” гэдэг үгийг байсхийгээд л тодотгож хэлээд байжээ. Ингээд хэд хоног өнгөрсний дараа нөгөө хүү тооны хичээлдээ учиргүй шамдан, бүр самбарын өмнө асуугдах гээд гараа өргөдөг болсон байсан гэнэ. Тэгээд наймдугаар ангиар тогтохгүй арван жилээ амжилттай төгсөөд нийслэлийг зорьсон ажээ.
Өнөөдөр тэр шавь нь хувьдаа томоохон аж ахуйтай, компанийн захирал гэж дуудуулж явна. Жаргал гуайг тээр жил хотод ирснийг нь мэдмэгцээ зориуд ирж уулзсан гэсэн. Багшдаа хацраа үнсүүлэн зогсохдоо жаахан хүүхэд шиг л эхэр татан уйлж байсан аж. Энэ шавь багшийнхаа сэтгэлд нэг тийм дулаахан орон зай эзэлдэг гэдэг нь Жаргайл гуайн нүдэнд хурсан нулимсаас түвэггүй ойлгогдоно лээ.
Ерөөс тооны ухаан бараг бүх хүнд хэрэгтэй байдаг ажээ. Яагаад гэвэл, ажил мэргэжлийн маш олон салбарт тоо ашиглагддаг. Ирээдүйд бүү хэл, өнөөдөр хамгийн эрэлттэй, хамгийн өндөр цалинтайд тооцогддог мэргэжлүүд гол төлөв тоотой холбоотой. Тоондоо сайн байж гэмээнэ уурхайн эсвэл IT-ийн инженер, эдийн засагч, нягтлан бодогч болж чадах ажгуу. Химийн ухаан хүртэл тоотой салшгүй холбоотой. Гэтэл химийн ухаанд суралцаагүй хүн яахин эмч болох билээ. Ямар сайндаа, нэрт эрдэмтэн Эйнштейнээс “Таны лаборатори хаана байдаг вэ” гэж хэн нэгнийг асуухад харандаа, цаас руугаа зааж байсан гэдэг.
Тооны тухай ярихаар Жаргал гуайн нүд нь сэргээд л ирдэг юм билээ. Тэгээд “Хүүхэд өсч, бие дааж эхлэх хүртлээ тооны ухаан юунд хэрэгтэйг үнэндээ тэр бүр ойлгодоггүй. Гэтэл амьдрал бүхэлдээ тоон дунд өрнөдөг. Айл гэрийн эзэгтэй нар нөхрийнхөө цалингаас өгсүүлээд хоолны орц найрлагыг тогтоохдоо ч тоо ашиглана.
Харин гэрийн эзэн ирээдүйд ямар байшин барихаа төлөвлөж үүнд нь хэдэн кубметр банз, хэчнээн зуун тоосго орох вэ гэдгийг тооцоолж гаргадаг. Тоо сайн бодож сурвал аливаа эрсдлээс ч зайлсхийх боломжтой.
Тухайлбал, сүүлийн жилүүдэд сүлжээний бизнес гэж их ярьдаг болжээ. Тоо бодож чаддаг хүн бол үүнийг луйвар мөн эсэхийг дор нь бодоод олчихно шүү дээ. Энэ мэтээр амьдралын бараг алхам тутамд тоо шаардагдаад байдаг. Тооны тусламжтайгаар бид хүрээлэн буй орчноо ч бас таньж мэддэг. Байгаль эхийн хэлэх гэсэн бүхнийг тоон хэлэнд хөрвүүлээд мэдчихдэг боллоо. Ирээдүйд болох зүйлсийг хүртэл тооцоолоод гаргачихдаг болсон шүү дээ” гэлээ.
Үүнээс гадна сурагчдад анализ хийх чадварыг эзэмшүүлэх их чухал ажээ. Учир нь тухайн сурагчид ном, сэтгүүл болон бусад эх сурвалжийг ашиглан хичээлийн хөтөлбөрөөс давсан мэдлэгийг олж авах нөхцөл нь болдог байна. Жаргал гуай өөрөө ч гэсэн өнөөдөр эргэн тойронд болж буй олон үйл явдалд анализ хийх зуршлаа гээгээгүй ажээ.
Иргэн Жаргал
“Амьдрал гэдэг тоос хөдөлгөн явах, амьд явахын нэр биш.
Өөрийн болон бусдын амьдралын төлөө тэмцэн зүтгэхийн нэр юм”
Л.Түдэв
Өөрийн болон бусдын амьдралын төлөө тэмцэн зүтгэхийн нэр юм”
Л.Түдэв
Жаргал багшийн тухай анх ярьж өгсөн мөнөөх хүн бол С.Галсанжамц гэдэг төрсөн дүү нь. Тэрбээр үндэсний аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн, цагтаа Монгол Улсын дөрвөн Ерөнхийлөгчийн аппаратад, мөн Батлан хамгаалахын дөрвөн сайдын туслахаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан ч зүгээр сууж чадалгүй хувийн хэвшилд өндөр алба хашиж яваа юм. Дээр нь хурандаагаас гадна Жаргал гуайн шавь гэсэн “том” цолтой.
С.Галсанжамц “Жаргал ахыг нарийн тооцоотой хүн гээд хэлчихвэл эвгүй сонсогдох байх. Энэ үгийг харамч гэдэг утгаар нь ойлговол бүр буруу. Хорвоогийн хоног өдөр бүрийг ч, мөнгийг ч дэмий үрэх хэрэггүй гэх үзэл баримталдгийг нь л илэрхийлэх гэсэн юм. Энэ үзлээрээ ч бусдад үлгэрлэсээр ирсэн хүн” гэлээ. Галсанжамц гуай сургуульд сурч байхдаа Жаргал ахындаа амьдардаг байжээ. Сургуульд сурах үед нь эсвэл хүүхдийн зуслан явах бүрт нь Жаргал гуай “Ах нь мөнгийг нь даана шүү. Яг хэдэн төгрөг хэрэг болохыгоо тооцоолоод гаргачихаарай” гэдэг байсан аж. Тэгээд тооцоонд тусгагдсан тэр дүнгээс илүү ч үгүй, дутуу ч үгүй яг тааруулаад өгдөг байсан гэнэ. “Тэгэхээр нарийн тооцоотой хүн бүрийг харамч, нарийн гэж хэлбэл алдас болно биз? Энэ бол тийм ч муу зан биш ээ. Харин ч их шударга зарчим гэж би боддог” хэмээн Галсанжамц гуай тайлбарлаж билээ. Цахилгааны инженер мэргэжилтэй Л.Санжаасүрэн хэмээх шавь нь “Нарийн тооцоотой хүн гэдэг нь үнэн. Аливаа юмыг урьдчилаад төлөвлөдөг гэвэл бүр ч их онох болов уу. Жишээ ярихад, багш маань 30 гарсан хойноо гэр бүл зохиосон. Харин үүнээс өмнө төрөө бус гэрээ зассан. Эхнэрээ гэртээ дагуулж ирэхээс өмнө айлд байх ёстой бүхнийг урьдчилаад бэлдсэн байсан гэж нутгийн буурлууд ярьдаг. Тоос сорогч, угаалгын машин гээд ахуйн хэрэглээний бараг бүх техникийг хөдөө ирсэн даруйд нь авсан хүн бол Жаргал багш байсан гэдэг. Тооцоотой зөв амьдрах ухаан гэж үүнийг л хэлнэ. Энэ чанараараа одоо ч бусдад үлгэрлэсээр байгаа хүн дээ” хэмээлээ.
Б.Жаргал гуай ээж, дүү нартайгаа
Жаргал гуай хувь заяаны эрхээр эхээсээ хол өссөн тул багадаа ижийнхээ дэргэд очих чин хүсэлдээ хөтлөгдөн зардлын хөлс цуглуулдаг байжээ. Тийм учраас багаасаа л мөнгөнд ухаалаг хандах төлөвшлийг өөртөө бий болгосон нь түүнийг ийнхүү “нарийн тооцоотой”, зорилгодоо хүрэх замыг төлөвлөдөг зуршилтай болгосон аж. Дээр нь таван настайдаа эцгээсээ өнчирч хоцорсон Жаргал хүүгийн амьдралд хэлмэгдлийн хахир хатуу он жилүүд арилашгүй толбыг үлдээж зовлон зүдгүүр туулах сэтгэлийн тэнхээ, тэсвэр хатуужилтай амьдрах үндсийг тавьжээ. Тэглээ гээд Жаргал багш тун зөөлөн сэтгэлтэй, намуухан хүн юм билээ. Шавь нар нь хүртэл “Кинонд гардаг “хатуу мөртлөө зөөлөн” гэсэн хэллэг “Түмний нэг”-ийн Чимэд, Жаргал багш хоёрт яг тохирсон үг” гэцгээж байв. Сурагчдад дуугаа өндөрсгөж үзээгүй, их л чангадаа “тише” гэж оросоор сулхан дуугарахад сурагчдад хангалттай санагддаг байж. Яагаад гэвэл, Жаргал багшийн хичээл дээр үймүүлдэг хүүхэд ер байгаагүй гэнэ. Багш хүн хичээлийг үнэн сэтгэлээсээ заавал хүүхэд бүр анхааралтай сонсдог ажээ.
“Багш хүн өөрөө үлгэр жишээч нэгэн байх ёстой” гэж Жаргал багш хэлсэн. Энэ зарчмыг өнөөг хүртэл амьдралдаа хэвшүүлчихэж. Хатуу эсүүн юм ер амсдаггүй, бүр үзэн яддаг гэж өөрөө хэлнэ лээ. Хэд хоног дагаж явахдаа тамхи татахыг нь ч хараагүй. Урт насалж буйн нууц биеийн тамиртай салшгүй холбоотой гэдгийг биечлэн харуулж байгаа хүн юм байна. Цана, дугуйн спортоор өнөөг хүртэл хичээллэж яваа аж. Өдгөө 77 настай ч Дорнодын Баян-Уулаас Хэнтийн Норовлин руу 100 гаруй км газрыг дугуйгаар туулсан байгаа юм даа.
Гавьяат багш Жаргал
“Түмэн багшийн
Буман шавь нар
Түүхт орныхоо
Булан бүрт шамдана”
Ш.Сүрэнжавын “Багш” найраглалын хэсэг
Буман шавь нар
Түүхт орныхоо
Булан бүрт шамдана”
Ш.Сүрэнжавын “Багш” найраглалын хэсэг
“Сурагч гэдэг нь элдэв зүйлээр дүүргэж болдог сав биш. Харин бадамлан асах ёстой бамбар юм” гэж агуу эрдэмтэн Плутарх хэлсэн байдаг. Гагцхүү сэтгэл зүрхээрээ “шатаж” яваа хүн л Плутархийн хэлсэн тэрхүү бамбарыг асааж чадах нигууртай гэж ярьдаг нь үнэн юм байна. Мэргэжлээрээ “өвчилсөн” хүн л эх орондоо хэрэгтэй, чадварлаг мэргэжилтнүүдийг төрүүлдэг ажээ.
Жаргал багшийн гараар дамжиж, алдар цуугаа дуурсгаж, эх орондоо ихийг бүтээж яваа шавь олон байна. Шавь нараас нь 10 орчим гавьяат болон доктор цолтой мэргэжилтэн, 100 гаруй инженер техникийн ажилтан, 40 гаруй математикийн багш, 20 гаруй нягтлан бодогч, мөн 20 гаруй эмч төрөн гарсан ажээ. Заримаас нь дурдвал, биологийн ухааны доктор Б.Дашням, геодезийн ухааны доктор М.Саандарь, эдийн засгийн ухааны доктор А.Болд-Эрдэнэ, хэл шинжлэлийн ухааны доктор Б.Ширнэн, анагаах ухааны доктор Х.Должин, соёлын гавьяат Д.Донров, С.Оюут нарыг нэрлэж болох бөгөөд төр засгийн байгууллагуудад он удаан жил ажиллаж, олон түмэнд сайн танил болсон хүмүүсийн нэр ч дуулдаж байлаа.
“Тэтгэвэрт гарсан хүнд гавьяат цол олгохгүй гэсэн шалтгаанаар олон жил дарж байгаад нутгийн зоны хүсэлтээр 2011 оны наадмаар Жаргал багшид төрийн хишиг хүртээсэн” гэж шавь нар нь ярив. Хожуу авсан ч гэлээ “Гавьяат багш” цолыг нь нутгийн ахан дүүс хүндэтгэлтэйгээр хүлээн авч, эзнээ олсон шагнал гэж ярьж сууна. Зэргэлдээх сумын иргэд хүртэл Жаргал гуайг гавьяат багш болсон тухай мэдээг сонсоод цэнхэр дэлгэцийнхээ өмнө хэдэн хором алга ташиж суусан гэх үлгэр домог шиг яриа байдаг юм билээ. “Ер нь манай буриад зон их ажилсаг гэдгийг улс даяар анддаггүй шүү дээ. Жишээ нь, зуд боллоо гэхэд, буриад малчны мал сүрэг үхэж хорогдлоо гэж сонссон хүн тэр бүр бий болов уу” гэж Жаргал багшийн шавь, инженер мэргэжилтэй Р.Балдан гуай онцолж хэлж байсныг энэ зуур санав. Жаргал гуай Пифагор шиг олон янзын теорем зохиож яваагүй ч тооны шинжлэх ухаанд Пифагор шиг бүх амьдралаа зориулж явсныг үгүйсгэх хүн нэгээхэн ч үгүйн баталгаа энэ буюу.
Өнөөдөр ч гэсэн Жаргал гуай тоогоо орхиогүй явна. Сумаас зайдуу хөдөө газар амьдарч байгаа ч гэлээ Жаргалынх гэдэг айлд тоо заалгах, элсэлтийн шалгалтанд бэлдүүлэх хүсэлтэй сурагчдын хөл тасардаггүй аж. Жаргал гуай үүнийхээ төлөө мөнгө авч үзээгүй гэнэ. “Дорнод” сонинд гарсан “Тооны Жаргал багш тоогоо бодсоор явна” хэмээх сурвалжлагад Жаргал гуай “Шавь нарын сэтгэлийн урамд баярлахын зэрэгцээ тэдний итгэл сэтгэлийг хэрхэн хариулах билээ хэмээн сэтгэн, сайхан сэтгэлийг буян болог гэж зүрх сэтгэлдээ бодон суудаг” гэж хэлсэн үгээр нь мөнгө авдаггүй шалтгааныг тайлбарлаж болно. Зориод ирсэн хэн бүхэнд мэдлэгээ зориулахад бэлэн байх үүднээс, мөн өөрийгөө “зэврээхгүй” гэсэндээ мал бэлчээх зуураа ч аанай л тоогоо бодсоор явдаг болжээ. Ийм нэг өдөр мал сүргээсээ хоцорч, хээрийн боохойд хонио ноолуулж байсныг нутгийнхан нь мартдаггүй, явган шог болгож ярих дуртай юм билээ.
Оюун ухаанаа байнга хөгжүүлж байхын тулд хүн бүр ядаж шатар байнга тоглодог байх ёстой гэдгийг Жаргал багш уламжилж өгөхийг хүссэн юм.
“Гавьяат багш зөвлөж байна”
“Ноён ноён гэмээнэ нутаг зуураа хүндтэй,
Номтой багш гэмээнэ газар бүхэн хүндтэй”
Монгол ардын зүйр үг
Номтой багш гэмээнэ газар бүхэн хүндтэй”
Монгол ардын зүйр үг
Хот, хөдөөгийн гэлтгүй залуу багш нар Жаргал гуайгаас туршлага судлахаар олонтаа ханддаг аж. Өөрөө ч тэд нарт зөвлөгөө өгөхөөсөө цааргалдаггүй гэнэ. “Залуу багш нарт зөвлөхөд хүүхдүүдийг ихэд хүндэтгэж, зөв харьцаж байх хэрэгтэй. Ялгаварлан үзэж болохгүй. Гэхдээ сурлагын нь тал дээр ялгаатай ханд. Өөрөөр хэлбэл, нийт ангид нь бус сайн сурдаг болон жаахан тааруухан сурдаг хүүхдүүдэд даалгаврыг нь ялгавартай өгдөг байх хэрэгтэй. “Ямар үр тарина, тийм л ургац хураана” гэдэг шиг багш бид хүүхдүүддээ хэрхэн хандаж буйгаас эх орны минь ирээдүй шууд хамаарна” гэж хэлж байв.
Үүнээс гадна сурагчдын бүтээлээр үзэсгэлэн тогтмол гаргаж байвал хүүхэд их урамшдаг гэсэн. Мөн гэр бүлээр нь оролцуулсан уралдаан, тэмцээнүүд эцэг эхийн хамтын ажиллагаа, хүүхдийн төлөвшилд асар их хувь нэмэр болдог гэж онцолж хэлнэ лээ. Хуучны юм ул болно гэдэг худлаа аж. Тэтгэвэрт гараад хүүхдүүдэд гэрээрээ хичээл зааж байгаа ч хичээлийн конспектоо тухайн хүүхэд бүрт тохируулж дандаа шинээр боловсруулдаг гэсэн.
Жаргал гуай сургуульд багшилж байх үедээ бусдаасаа хоцорч яваа сурагчдад хичээлийн дараа нэмэлт давтлага өгөөд хэвшчихсэн байжээ. Энэ бол хэзээ ч хуучирдаггүй арга гэнэ. “Үүнийг хэрэгжүүлэхээс халшрах хэрэггүй. Угаас хэсэг хугацааны дараа давтлага авах хүүхэдгүй болтлоо сурлага нь жигдрээд ирдэг юм билээ. Сонсоод байх нь ээ, зарим багш нар “илтгэл” тавиад гараад явчихдаг сурагтай. Гэтэл илтгэх урлагийг бус сурагчдад мэдлэг заах урлагийг эзэмшсэн хүнийг л багш гэдэг байх. Сурагчдадаа сэтгэл зүрхээ зориулж, үхэн үхтлээ мэддэг бүхнээрээ ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийхэд багш гэдэг мэргэжлийн онцлог оршино гэж би боддог” гэсэн зөвлөгөөг Жаргал багш өгч байсан юм. Тэрбээр бүр их тодорхой зөвлөгөө өгөхийг хүсдэг ажээ. Тиймээс Дорнод аймгийн Боловсрол, соёлын газрын мэргэжилтэн, Ардын боловсролын тэргүүний ажилтан Б.Бямбаханд шавь нь “Гавьяат багш Жаргал зөвлөж байна” гэсэн блогийг нээн ажиллуулж байгаад өдгөө сайт болгон өргөжүүлэхээр чармайн ажиллаж байна.
“Хүүхэд бүрийн сэтгэлд хэнд ч үл харагдах олон чавхдас бий. Гагцхүү чадварлаг багш л тэднийг сайхан эгшиглүүлж чадна” гэж Оросын алдарт зохиолч, яруу найрагч Максим Горькийн хэлсэн нь бий. Ийм нэг чадварлаг багшийн тоонд “Улз нутгийн Пифагор”-ыг багтаадаг нь зүй ёсны хэрэг биз ээ.
Дээшээ
Хэвлэх | Сэтгэгдэл бичих |
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт сэтгэгдэл(7)
- Зочин 180.235.171.XXXийм сайхан багш монголд маш олон болох болтугай жаргал багшаа та урт удаан наслаарай
[ Хариулах ] 6 0 - зочин 122.201.18.XXX\"хүний тархи бол элдэв зүйлээр дүүргэх хогийн сав биш, харин асаавал зохих бамбар мөн\" а.м. горький
[ Хариулах ] 1 2 - Зочин 138.232.231.XXXсайхан багш байна даа. ийм л багш нарыг алдаршуулан олонд таниулж байхсан.
[ Хариулах ] 1 0 - zochin 49.0.189.XXXmanai eej shavi ni bsn ym. tetgewert garsn hoinoo ch maldaa ywahdaa toogoo boddog bsn geel yridiin mundag hun gsn shuu
[ Хариулах ] 0 0 - наранбадрал 78.25.121.XXXбагшдаа монголын багш нарын баярын мэнд хүргэж эрүүл энх урт удаан наслахын ерөөл өргөн дэвшүүлэе.
[ Хариулах ] 1 0
No comments:
Post a Comment