“Улзамнай” хөөрөлдөөний удирдамж
Улаанбаатар
хотод аж төрөн суугаа Баян-Уул
сумын уугуул өндөр настан, ахмад буурлуудтай хийх цуврал
уулзалт, ярилцлага
Энэхүү хөөрөлдөөнийг 2014 онд тэмдэглэх Дорнод аймгийн
Баян-Уул сум байгуулагдсаны 90 жилийн ойг угтан Улаанбаатар хот дахь Баян-Уул
сумын нутгийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулж байгаа болно. “Улзамнай”
хөөрөлдөөнийг 2013 оны турш цувралаар зохион явуулах юм.
Зорилго: Хүн төрөлхтний түүх хувь хүний түүхээс бүрддэг. Тиймээс
нутаг орныхоо төдийгүй улс орныхоо бүхэл бүтэн нэгэн үеийн түүхийг бичилцэн,
бүтээн байгуулалтад нь гар бие оролцож, оюун сэтгэлгээгээ зориулж явсан ахмад,
дунд үеийн олон сайхан буурлууд бол Баян-Уул сумын нэрийн хуудас, амьд түүх
билээ. Тэрхүү амьд түүхийг хойч үеийнхэндээ бичиглэн үлдээх, орчин үеийн
дэвшилтэт технологийг ашиглан дүрсжүүлэн (видео бичлэг) интернэт орчинд байрлуулж, олон
нийтийн хүртээл болгох нэн шаардлагатай байна.
Энэхүү хөөрөлдөөнийг зохион байгуулснаар нутаг усныхаа
ахмад буурлуудын дурсамж, хууч яриа, халуун дотно хөөрөлдөөнийг залуучууд, хойч
үеийнхэнд хүргэх, улмаар уг ярилцлагуудыг Баян-Уул сумын 90 жилийн ойд
зориулсан баримтат кино, телевизийн нэвтрүүлэг болгон үлдээх боломж бүрдэх юм.
Агуулга,
бүтэц: “Улзамнай” хөөрөлдөөний
нэг удаагийн дугаарт 3-4 ахмад буурлыг зочноор урин оролцуулж, дурсамж хууч
дэлгэн чөлөөт ярилцлага өрнүүлэх юм. Хөөрөлдөөн нь тухайн ахмад буурлын өөрийн
хувийн намтар, ажил амьдралын замналын тухай өгүүлэх эхний хэсэг, Баян-Уул
нутгийнхаа үүх түүх, өөрийн бага нас хийгээд өвөг дээдсийн тухай өгүүлэх
хоёрдугаар хэсэг, нутаг орныхоо өнөөгийн болон ирээдүйн хөгжил цэцэглэлтийн
талаар санаа бодлоо нэмэрлэн, залуус хойч үедээ үнэтэй сургаалаа хэлэх төгсгөл
хэсэг гэсэн үндсэн гурван хэсэгтэй.
Хэлбэр:
Хөөрөлдөөнийг нүүр тулсан шууд
ярилцлага буюу ток шоу хэлбэрээр зохион байгуулна. Тиймээс уригдсан зочид
хоорондоо хууч хөөрөхөөс гадна үзэгчдийн зүгээс зочидтойгоо харилцан ярилцах,
асуулт асуух зэргээр хөөрөлдөөнийг хөгжөөн, ярилцлагыг улам амттай, өргөн
хүрээтэй болгох юм. Хөөрөлдөөнийг эрэгтэй, эмэгтэй хоёр сэтгүүлч хөтөлж,
ярилцлагыг чиглүүлнэ.
Үр дүн:
Нутгийн буурлуудаа хүндэтгэн залж,
дурсамж дэлгэн хуучлах “Улзамнай” хөөрөлдөөн Баян-Уул нутгаас төрөн гарсан, эдүгээ Улаанбаатар хотноо аж
төрж буй ахмад буурлуудыг хооронд нь уулзуулж байгаагаараа онцлогтой. Мөн
тэдгээр буурлуудын дурсамж яриаг телевиз, радиогийн бичлэгт хадгалан үлдэх,
телевиз, радиогоор нэвтрүүлж өдөр тутмын сонинд ярилцлага хэлбэрээр нийтэлснээр
нэг талаар нутаг орноо сурталчлах, нөгөө
талаар сумынхаа түүхийн цагаан толбо болж үлдсэн бүдэг бүрхэг зүйлсийг
тодруулах, өмнө хэвлэгдсэн ном бүтээлд дурдагдсан зарим баримт, мэдээлэл,
түүхэн үйл явдлын талаархи дурсамж сэлтийг нэмэн тодруулах, энэ бүхнийг залуу
үеийнхэнд таниулах ач холбогдолтой.
Хөөрөлдөөний үр дүнд Баян-Уул сумын 90 жилийн ойд зориулсан цуврал нэвтрүүлэг,
“Улзамнай” баримтат кино бүтээгдэн олны хүртээл болно. Мөн эдгээр цуврал
ярилцлагыг ном болгон хэвлэх ч боломжтой.
Улаанбаатар
хот дахь Дорнод аймгийн Баян-Уул сумын нутгийн зөвлөл
No comments:
Post a Comment