Monday, August 1, 2011

Домгийн өлгий Дорнын хоймор-Миний Баян-Уул

Г.Сонинбаяр

Энэхүү буландаа Баян-Уул нутгийнхаа үүх түүх, газар усны домог сэлтийг нийтэлж байхаар боллоо. Их эрдэмтэн зохиолч Б.Ринчен гуай “Баян-Уул бол Монголын хамгийн үзэсгэлэнтэй байгальтай сум” хэмээн хэлсэнчлэн Баян-Уул нутаг маань байгалийн үзэсгэлэнгээрээ төдийгүй эрт эдүгээгийн домог түүх, авьяас билэгтнүүдээрээ алдартай билээ.

Олхунуудын нутаг Ульхан майхан уул
Есүхэй баатар Тэмүжинийг есөн настай байхад Өэлүн эхийн төрхөм Олхунууд иргэд, нагац нараас охин гуйхаар явах замдаа Хонгирадын Дэй сэцэнтэй уулзсан тухай “Монголын нууц товчоо”-нд өгүүлдэг. Олхунууд овгийн уугуул суугуул нутаг нь эдүгээгийн Баян-Уул сумын умард хэсэгт орших Ульхан майхан уул орчмын үзэсгэлэнт сайхан хангай мөн гэж зарим эрдэмтэд үздэг. Олхунууд гэдэг нэр сунжирсаар Ульхан болсон гэсэн таамаг ч бий. Нутгийн зон олон Ульхан майхан уулаа ихэд сүслэн дээдэлдэг нь ийм учиртай. Олхунууд бол V-VII зууны үед манай улсын дорнод хэсэгт нутаглаж байсан монголчуудтай гарал нэг Шивэй нарын хойчис. XII зууны үеийн жуулчдын тэмдэглэлд Олхунууд аймгийнхныг Буйр нуур хавиар нутаглаж тариалан эрхэлж байсан гэж дурдсан нь ч бий.
Есүхэй баатар Тэмүжин хүүдээ охин гуйхаар явсан дээрх түүхэн үйл явдалтай холбоотой өөр нэгэн газар бол Дорнод аймгийн Сэргэлэн, Гурванзагал, Чойбалсан сумдын заагт орших Ураг цөл хэмээх газар. “Монголын нууц товчоо”-нд гүүлснээр Есүхэй баатар эцгээ амьд ахуйд Бөртэтэй сүй тавьснаас хойш олон жилийн дараа Тэмүжин Хонгирадад очиж Бөртэ үжинг авч буцахад Дай сэцэн үдэж өгөөд Ураг цөл хэмээх газар хүрч Хэрлэн рүү гэдрэг буцав гэдэг. Тэрхүү Ураг цөл нь өнөөгийн Яахь нуурын өмнөд этгээдэд орших тал аж.
Энэ мэтээр эзэн Чингис хааны түүхтэй холбоотой газар нутаг Дорнод аймагт олон. Баян-Уул сумын нутагт орших Нарстын давааг Татаарын Мэгүжин сүүлтийг даран сөнөөсөн Улзын Нарату шүтээн, Хусуту шүтээн мөн гэж үздэг. Чингис хаан, Ван хан Тоорил нар Алтан улсын Вангин чинсантай хүч хавсран эцэг өвгөдийг хорлосон эртний өст Татаарыг дарах үед Нарату шүтээн буюу эдүгээгийн Нарстын даваа орчмоос гээгдэж орхигдсон хүүг цэргүүд олж Өэлүн эхэд бэлэг гэж өгсөн тухай “Монголын нууц товчоо”-нд бий. Тэр хөвгүүн бол хожмоо Их Монгол Улсын хууль цаазын их түшмэл болсон улсын заргач Шихихутуг байжээ.
Онон мөрөн
Онон их мөрөн урссаар
Он он жилүүд болсон байнам
Он он жилүүд улирсаар
Онон их мөрөн болсон байнам
Данзангийн Нямсүрэн

Монголын түүхийн гурван их мөрний хоёр нь Дорнод аймгийн нутгаар урсана. Эзэн Чингисийн угааж ундаалсан ус Онон мөрөн Баян-Уул сумын нутгаар урсан ОХУ-ын хил давж Амар мөрөнд цутгана. Онон мөрөн Хан Хэнтийн нурууны зүүн хойд хажуугаас эх авч ой мод ихтэй, сүрлэг сайхан уул хад, хясаа цохион дундуур 808 километр урсдаг. Онон мөрний тухай “Монголын нууц товчоо” болон бусад түүхэн эх сурвалжид олонтаа дурддаг. Онон мөрөнд дэлхийд ховордсон зэвэг, булуу цагаан, гутаар, Амарын сугас, хилэм зэрэг загас бий. Онон мөрний сав дагуу ан амьтан, араатан жигүүртэн, ургамал, жимс жимсгэнэ баялаг. Үүний дотор нэн ховордсон цэн тогоруу Ононгийн хөндийд нутагладаг.
Онон голын тухай олон дуу, шүлэг бий. Баян-Уул сумын унаган хүү, яруу найрагч Ц.Бадамдоржийн шүлэг
“Аралтай тохойдоо умбаhан
Алтан Ононмнай hанаам соо
Ариун hургаалаа хайралhан
Аав эжиймнэй hанаам соо…”
гэсэн үгтэй “Нютаг уhанай дуун” хэмээх дуу Онон мөрний дагуух зон олны дунд ардын дуу мэт дуулагдсаар байна.
Социализмын үед Баян-Уул суманд энэ их мөрнөөрөө овоглосон Ононгийн сангийн аж ахуй 1950 онд байгуулагдан улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байсан юм.
Сансрын нисгэгчийн нутаг

Сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн төрсөн нутаг нь Булган аймгийн Гурванбулаг сум гэдгийг мэдэхгүй Монгол хүн үгүй. Гэхдээ Дорнод аймгийн Баян-Уул сум мөн сансрын нисгэгчийн нутаг гэдэгтэй хэн ч маргахгүй. Үүнийг гэрчлэх бяцхан хөшөө Баян-Уул сумын дунд сургуулийн хашаанд бий. Цементэн суурин дээр төмрөөр гагнаж хийсэн цойлж яваа сансрын хөлгийг дүрсэлсэн тэр хөшөөг харж Баян-Уулын багачууд огторгуйн уудамд Ж.Гүррагчаа шиг дүүлэх сэн хэмээн мөрөөдөж өссөн. Мөрөөдөлд дуудсан тэр хөшөөний эзэн нь Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан С.Сайнцог. Тэрээр Баян-Уул сумын уугуул. 1977-1978 онд ЗХУ-д Монголын сансрын нисгэгчийг бэлтгэх сонгон шалгаруулалтад оролцон бэлтгэл хийж сансрын сүүлчийн багийн бүрэлдэхүүнд багтаж байсан юм. Олон сорил, шалгуурыг даван гарч тэнцсэн Ж.Гүррагчаа, М.Ганзориг болон С.Сайнцог, Д.Сүрэнхорлоо нарын дөрвөн залуугийн хэн азтай нь Монгол хүний мөрийг сансрын уудамд анх гарган “Союз-39” хөлгөөр дүүлэх байлаа. Тэднээс сүүлчийн шалгаруулалтад Ж.Гүррагчаа, М.Ганзориг нар үлдсэн юм.
Хэдийгээр сансарт нисээгүй ч сансрын сүүлчийн багийнхан сансарт ниссэнээс ялгаагүй олон сорилтыг давж, биеийн болон сэтгэлийн хат суусан гэдэг. Баян-Уул нутгийнхан сансрын анхны нислэгийн багийн гишүүн болж эх орныхоо өмнө хүндтэй үүрэг хүлээж, нутаг ус, элгэн саднаа баярлуулж явсан С.Сайнцог хурандаагаа сансрын нисгэгч хэмээн хүндэлдэг.
Хавтгай цагаан Улзын хавтай мэргэн харваачид
Эрхий мэргэн харваачдаараа Дорнодчууд улсдаа цуутай. Харин Дорнод аймагтаа Баян-Уулынхан хавтай мэргэн харваачдаараа тэргүүлнэ. Монгол Улсын гавьяат тамирчин, гарамгай мэргэн А.Цэвээн, түүний хүү улсын хошой мэргэн харваач Ц.Хүдэрчулуун, улсын даяар мэргэн Х.Даваажаргал нар Баян-Уулынх. Улсын наадмын сур харваанд Дорнодынхон, тэр тусмаа Баян-Уулын харваачид өнгөлж байгаа.
Дорнодын хавтай мэргэн харваачдын жагсаалт даян мэргэн Д.Бор-Охин, улсын мэргэн Д.Цэцэг, Т.Балдан, А.Санжмятав гэх мэтээр цааш хөвөрнө.
Даншигийн аварга Жамъян
Монгол бөхийн түүхнээ мөнхөрсөн хоёр Жамъян бий. Тэд хоёул аварга цолтой. Олны дунд “Буур” хэмээн алдаршсан Нацагийн Жамъян аварга Ардын засгийн үед төрөн гарсан хоёр дахь их аварга билээ. Харин энд өгүүлэх гэж буй Даншигийн аварга Жамъян аварга бол Дорнод нутгийнхны бахархал болсон эгнэшгүй хүчтэн билээ. Жамъян аварга эдүгээгийн Баян-Уул сумын нутаг буюу тэр үеийн Сэцэн хан аймгийн Мин засгийн харьяа Ульхан харуул орчмоор нутаглаж байжээ. Тэрээр даншигт нэг түрүүлж, хоёр үзүүрлэн дөрвөн удаа 5-9 давсан бөгөөд арьан засгийн наадамд таван удаа түрүүлсэн алдарт бөх байсан гэдэг. Цэрвүү барьцнаас бол суйлдаг дархан мэхтэй, мөрөндөө тун хажиг бөх байсан гэж нутгийн олон хуучилдаг.
Жамъян аварга хүч бяр ихтэй бөх хүний энгүй сайхан шинж цогцолсон нэгэн байв. Түүний тухай домог хууч олон.
Аваргын нэг гол усны мужаан Лувсан гэгч өвгөн мод ачсан үхэр тэргээ хоёр том ургаа модны завсарт тээглүүлж хаашаа ч гарах аргагүй болгочихоод аргаа барж суухад нь Жамъян аварга тааралдаж гэнэ. Тэрээр хоёр модыг ганхуулан үзэж байгаад юу юугүй нэгийг нь үндсээр нь булга татан унагажээ. Лувсан мужаан үүнд сандарч энэ сайхан залуу модыг үндэсгүй болголоо, эв дүйгээр гаргахгүй гэж зэмлэх, бахдахын завсарт хэлэхэд Жамъян аварга ийм амархан булгарна гэж бодсонгүй хэмээн буруугаа хүлээсэн гэдэг. Энэ хууч ярианаас түүний ямархан хүчтэй бөх байсан нь тодорхой харагддаг.
Эдүгээ Баян-Уул сумын зон олон долоон хошуу даншиг, арван засгийн наадамд хүч бяраа гайхуулж газар газрын хүчтэнүүдийг өвдөг шороодуулж явсан алдарт Жамъян аваргынхаа нэрэмжит хүчит бөхийн барилдааныг зохион байгуулдаг уламжлалтай болжээ.
Байрны хүүхэд барилдаанч
“Сумын заан” хэмээн алдаршсан яруу найрагч Ч.Мягмарсүрэнгийн нэгэн шүлэгт
Байрны хүүхэд барилдаанч
Бас дээр нь уралдаанч”
хэмээн эхэлдэг сэн. Үнэхээр л байрны хүүхдүүд барилдаанч, уралдаанч байдаг. Баян-Уулын дунд сургуулийн дотуур байр БАМ¬-ын гэгдэх угсармал ногоон байшинд байрлана. Хаврын урт шар өдрүүдэд хөдөө гэрээ санан холын зам ширтэн санааширч, сурагч бэх, нус хоёрыг хацартаа наачихаад Баян-Уулынхаа сургуулийн БАМ-ын байруудын хооронд бакиалаа чирэн гүйж явдаг асан сурагч нас аа гэж. Дүрэмт хувцасныхаа сугыг ханзартал барилдацгаана, хоолны цаг болонгуут гал тогоо руу уралдана. Шөнө дүл өнгөртөл лааны гэрэлд сууж хичээлээ хийнэ. Өглөө нь нүдээ нухалсаар хичээлдээ яаран гүйх. Байрны хүүхдүүд ийм л байдаг.

Холбоо нуураас Иван баавай, Бадам ахайтан, эсвэл энүүхэн хойд Дархинтаас Бүүвэйн Ханд өмбөө сумын төв орж ирэхдээ хэн нэгнийх нь хөдөө гэрээс мойлтой тос, зөөхий, барьсан талх авчрах юм бол хэдэн өдөртөө ходоод цатгалан явдаг сан. Байрны хүүхдүүдийн өглөөний цайн дээр өгдөг хоёр хуруу зузаан талхыг бодвол гэрийн талх цаанаа л өөр санагддаг байв. Байрны хүүхдийн амьдрал гэдэг хагас цэрэгжил, хатуужил тэвчээр дунд өнгөрдөг байж дээ.
Ерээд оны эхээр сургуулийн уурын зуух ажиллахаа байж бидний “Давхар” хэмээн нэрлэдэг хичээлийн төв байр, багын корпус, БАМ-ын ногоонууд буюу дотуур байр цөм халаалтгүй болсон. Ингээд бүх байрууд зуух тавьж галласаар өвлийг барсан даа. Ангидаа зуух тавиад цонхоороо янданг нь цухуйлгачихаад л халуу дүүгтэл гал өрдөөд хичээлээ хийж суух ч урамтай даа. Байрны хүүхдүүд барилдаанч, уралдаанч, бас ажилсаг. Хичээлээ тарж очоод хөвгүүд байрныхаа модыг хагалж, тогооч нарт тусалж ус, түлээг нь ойртуулж өгнө. Охид хоол бэлдэхэд тусална. Хоолны дараа аяга таваг угаана. Зав гаргаад айл хэсээд ч амжина. Гэрийн хоол, гарын талхаа хааяа санахаар хэн нэгэн хамаатныхаа хоолыг буудахаар гарч өгдөг сөн. Дотуур байрны хүүхэд ийм л догь байдаг сан.
Мянган жил дуулсан Заян Наваа нутаг
Буриад зоны дунд өргөн тархсан “Заян Наваа” хэмээх дуу мянга гаруй жилийн түүхтэй. Энэ дууг VIII зууны үед зохиогдсон гэж үздэг. Төв Азид Түрэгүүд хүчирхэгжин мандаж байх тэр цаг үед Монгол, Уйгур угсааны аймгууд тэдэнтэй тэмцэлдэн дайтсаар байв. Эцэстээ Монгол, Уйгур аймгууд Түрэгүүдэд дийлдэн дарагдаж ихээхэн хохирол амсчээ. Удам угсаагаа Түргүүдэд хүйс тэмтрүүлэхгүйн эрхэнд Нүкүз, Хиан хоёр аймгийн цөөн хүмүүс умард зүг зугтан Эргүнэ Хун хэмээх газар очиж суурьшсан гэдэг. Тэрхүү Эргүнэ Хун нь эргэн тойрон битүү модтой, төмрийн хүдэртэй уул байж. Тэнд очсон Монгол угсааны овог аймгийнхан үржиж олшрон багталцахгүй болсон тул Эргүнэ Хунгийн битүү хавцлын нэгээхэн хэсэгт их түлээ овоолон шатааж төмрийн хүдрийг хайлуулан онь гарган түүгээрээ гадагш гарч нүүдэллэн одсон гэх домогтой. Тэр Монгол угсаатан аймгууд дунд буриадуудын өвөг дээдэс байжээ. Тэдний уугуул нутаг Заян Наваа гэж уултай, Бада Ёго гэдэг голтой үзэсгэлэнт сайхан нутаг байсан гэнэ. Тиймээс Эргүнэ Хунд очсон буриадууд тэр сайхан нутгаа санагалзан дуулсан нь “Заян Наваа” хэмээх дуу аж.
1200 гаруй жилийн өмнө зохиогдсон энэ дууны эртний зургаан шад нь
“Заян заян заяалай
Заян Наваа миний гүү
Наян наян наваалай
Наян Наваа миний гүү
Байдан байдан байдалаа
Бада Ёго миний гүү”

гэсэн үгтэй. Он жилийн уртад эдгээр шадууд дээр олон мөр бадаг нэмж, янз бүрийн хувилбараар дуулах болжээ.
Дээрх зургаан шадын утгыг ч эрдэмтэд янз бүрээр тайлбарласан байдаг. Юутай ч Згаян Наваа, Бада Ёго нутгаа санагалзсан сэтгэлийн уярал, гуниг шингэсэн дуу гэдэг нь илт. Тиймээс “Заян Наваа” дууг тэнгэр сансрын дуудлага, маань мэгзэм шиг хүчтэй, ер бусын үг аялгуутай, гүн ухааны агуулгатай дуу гэдэг. Эргүнэ Хунд дүрвэж очсон буриадууд эмээлийнхээ бүүргийг нутаг руугаа харуулж тавьж, буцаж харихыг бэлгэддэг байсан гэнэм. Ийн эртний буриад зоны сэтгэл зүрхийг нь соронздон татсан Заян Наваа, Бада Ёго хэмээх тэр гайхамшигт сайхан нутаг хаана байв гэдгийг олон эрдэмтэн мөшгөжээ. ӨМӨЗО-ы Хөх хотын их сургуулийн багш Б.Даваадагва гэгч эрдэмтэн “Заян Наваа” дууны түүхийг мөшгөн судлаад Заян Наваа гэдэг нутаг Хөх хотоос буруун зүгт, Амдогоос 7-8 өдөрчийн зайтай буюу 400-600 километр газарт байдаг гэжээ. Мөн зарим эрдэмтэд Тигр, Евфрат хоёр мөрний хооронд Заян Наваа гэдэг газар буйг тогтоосон нь нэн сонирхолтой. Монгол угсаатан буриад зоны уугуул нутаг яагаад алс хол Месопотамид байгаа билээ гэж сонирхох хүн олон гарна.
Үүнийг Чингис хааны бага Азид хийсэн аян дайнтай холбон үзэх үндэстэй. Чингисийн цэрэгт багтаж явсан буриадууд харь холын газарт очоод уугуул нутгаа санахдаа “Заян Наваа”-гаа дуулж явсан байж таарна. Түүгээр зогсохгүй очсон газар усандаа Заян Наваа гэдэг нэр өгсөн байхыг үгүйсгэхгүй гэж үзэх хүмүүс бий.
Ийм л арвин баялаг, гайхам сонин домог түүхтэй Заян Наваа дуунд зориулсан гэрэлт хөшөөг Баяндун сумын нутаг Адуун чулуун гэдэг газарт босгожээ. Уг хөшөөг Баяндун сумын уугуул “Удмын тэнгэр” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Цэрэнханд санаачлан өөрийн хөрөнгөөр бүтээлгэжээ.

No comments: