Д.Дайрийжав
Саяхан Азийн өсвөрийн хөнгөн атлетикийн Кросс гүйлтийн тэмцээн Монголд болж өнгөрсөн билээ. Эл тэмцээн нь 14-15, 16-17 насны гэсэн хоёр ангиллаар болсон бөгөөд Малайз, Сингапур, Хонконг, Иран, БНХАУ, Тайланд зэрэг 11 орны өсвөрийн тамирчид оролцсон юм. Уг тэмцээний 16-17 насны ангилалд түрүүлж, Азийн өсвөрийн аварга болсон Г.Ундармаатай цөөн хором ярилцлаа.
-Азийн өсвөрийн кросс гүйлтийн аварга болсонд баяр хүргэе. Миний дүү өөрийгөө танилцуулаач?
-Баярлалаа. Намайг Г.Ундармаа гэдэг. Би Дорнод аймгийн Баян-Уул сумын 11 жилийн дунд сургуулийн 11-р ангид сурдаг. Анх есдүгээр ангиасаа хөнгөн атлетикаар хичээллэж эхэлсэн. Анхны гарааг эхлүүлсэн Пүрэвсүрэн багшдаа баярлалаа гэж хэлье. Мөн надад тусалсан, намайг дэмжсэн бүх хүмүүстээ талархсанаа илэрхийлье. Намайг ивээн тэтгэсэн Баян-Уул сумын сургуулийн захирал Энхбарсдаа, Ганбаатар ахдаа, Дэлгэрмаа захиралтай Сүхчин компанидаа мөн хамгаас хайртай аав, ээж хоёрдоо маш их баярлалаа.
-Спортын олон төрөл байхад яагаад заавал хөнгөн атлетикаар хичээллэх болсон юм бэ. Хөнгөн атлетикаар хичээллэхийн давуу тал нь юу байдаг вэ?
-Би есдүгээр ангид ордог жилээ Пүрэвсүрэн багш дээрээ очоод хөнгөн атлетикаар хичээллэх хүсэлтэй байгаагаа хэлсэн. Багш маань үүнийг их сайхан хүлээж аваад намайг их дэмжсэн. Хүн дуртай зүйлээ хамгийн сайн хийж чаддаг шүү дээ. Би гүйх дуртай. Гүйхээр надад нэг л гоё мэдрэмж төрдөг. Эхлээд зөвхөн сонирхолдоо хөтлөгдөн гүйж эхэлж байсан бол одоо хөнгөн атлетик миний зугаа төдий зүйл биш харин зорилго, мөрөөдөл болж хувирчихаад байна. Спорт хүнийг тэсвэр тэвчээрт сургадаг гэж би боддог. Хөнгөн атлетикаар хичээллэснээр хүн зориг тэвчээртэй, хүчтэй болдог.
-Зорилго, мөрөөдлөөсөө хуваалцаж болох уу?
-Манай монголчууд их хатуу биетэй, хүчтэй учраас хүч тэнхээ шаардсан самбо, жүдо, бокс зэрэг спортод их амжилт гаргадаг юм байна л даа. Гэхдээ болохгүй зүйл гэж байдаггүй шүү дээ. Би хөнгөн атлетикаар тив дэлхийн тавцанд Монголынхоо нэрийг гаргасан мундаг тамирчин болохыг хүсдэг. Болохгүй зүйл гэж байдаггүй, харин чадахгүй зүйл гэж байдаг. Чадахгүй зүйлийг хүн сурч болдог гээд нэг мундаг үг байдаг даа. Би анх зүгээр л хичээллээд үзье гээд энэ спортод орж байсан бол одоо Азийн өсвөрийн аварга болчихоод байна шүү дээ. Тэгэхээр надад боломж байна. Би тив дэлхийн тавцанд Монголынхоо нэрийг цуурайтуулсан мундаг тамирчин, олимпийн аварга болмоор байна.
-Их сайхан мөрөөдөлтэй юм аа. Чиний мөрөөдөл хэдэн жилийн дараа биеллээ олчихсон байх бол?
-Тэрийг сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан энэ биелэх боломжтой мөрөөдөл. Би сайн хичээвэл миний мөрөөдөл удахгүй биелэх байх аа.
-Бэлтгэл сургуулилтаа яаж хийдэг вэ. Өдөр болгон бэлтгэл хийдэг үү?
-Өглөө болгон сумын сургуулийнхаа талбайг тойрч гүйдэг. Ихэнхдээ сургуулийнхантайгаа нэгдсэн журмаар бэлтгэл хийдэг. Бэлтгэлгүй өдрөө бие дааж хийдэг. Бас орой бэлтгэл хийж гүйдэг.
-Өдөрт ер нь бэлтгэл хийж хэдэн километр гүйдэг вэ?
-Сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан таван километр гүйдэг байх аа.
-Ингэхэд чи тэмцээн уралдаанд гүйхдээ ямар тактик хэрэглэдэг вэ. Зарим хүмүүс эхнээсээ л тасраад явчихдаг байхад зарим нь эхлээд хүчээ нөөж байгаад бариа ойртохоор хүчээ гаргадаг шүү дээ?
-Манай багш нар толгой хэсгээс л салж болохгүй шүү, ядрахгүйг хичээгээд нэг темпээр гүйгээрэй гэж захидаг. Тэмцээн уралдаанд оролцохдоо гүйх зайнаасаа хамаарч яаж гүйхээ боддог. Ойрын зайд хүчээ нөөнө гэж байхгүй, эхнээсээ дуустлаа хамаг хүчээ гаргаад л гүйх хэрэгтэй. Харин холын зайд бол эхэндээ хамаг хүчээ гаргачихаж болохгүй, тэгвэл ядарна. Би ер нь толгой хэсгээс салахгүй гүйдэг.
-Тэгвэл сая болж өнгөрсөн Азийн өсвөрийн аваргад ямар тактикаар гүйсэн бэ?
-Саяын уралдаанд бид нар 4000 метр гүйсэн. Би эхний хоёр километртээ хүүхдүүдтэй өрсөлдөж хамт гүйж байгаад гурав дахь километрээсээ хамаг хүчээ гаргаж, тасарч эхэлсэн.
-Азийн аваргад танай ангилалд хэдэн орны хичнээн тамирчин өрсөлдсөн бэ?
-Азийн өсвөрийн аварга шалгаруулах кросс гүйлтийн тэмцээн Тэрэлжэд болсон. Би 16-17 насны ангилалд оролцсон. Манай ангилалд 11 орны 30 гаруй хүүхэд өрсөлдсөн. Энэ насны ангилалд эмэгтэйгээс би, эрэгтэйгээс Ираны тамирчин тэргүүн байрыг эзэлсэн. Гадаад хүүхдүүд өгсүүр замд муу гүйдэг юм байна лээ.
-“Азийн өсвөрийн кросс гүйлтийн аварга” чиний хэд дэх медаль вэ?
-Би анх 2009 онд буюу хөнгөн атлетикаар хичээллэж эхэлсэн жилээ сумынхаа буухиа гүйлтийн тэмцээнд ороод алтан медаль хүртэж байсан. Дараа нь Дорнод аймгийн аварга шалгаруулах спортын тэмцээнд 1500 метрт гүйгээд алтан медаль, 400 метрт хүрэл медаль авч байсан. Өнгөрсөн онд улсын аваргын 3000 метрт алтан медаль авсан. Энэ жил Дорнод аймгийн хүүхдийн спортын 4-р их наадамд 3000 метрт алтан медал, 1500-д мөнгөн медаль хүртсэн. Сая Азийн аваргад ороод 4000 метрт алтан медаль авлаа. Манай хөнгөн атлетикийн бас нэгэн онцлог нь тэмцээн уралдаанаас хэдэн ч медаль хүртэж болдог. Боксчид 50 килограммд нэг үзээд л, 60 килограммын жинд дахиад тоглоод байдаггүй шүү дээ. Тэгвэл манай хөнгөн атлетикчид 400 метрт уралдаж болно, 4000 метрт гүйж болно, багаараа буухиа ч гүйж болно. Тэгэхээр би Монголын түүхэнд бичигдсэн хамгийн анхны олимпоос хоёр, гурван медаль хүртсэн аварга ч болж болно шүү дээ.
-Олимпийн аварга болох бүх л тамирчдын мөрөөдөл байх. Чиний хувьд яг юуны төлөө олимпын аварга болохыг хүсээд байгаа юм бэ. Олимпийн аварга байхын юу нь сайхан юм бол?
-Өнгөрсөн олимпоор Монголоос олимпийн аваргууд төрөхөд манай монголчууд яаж баярлаж байсан билээ. Олимпын аварга болно гэдэг чинь ганц тэр тамирчны баяр, амжилт биш юм л даа. Бүх монголчуудын баяр. Яагаад гэвэл дэлхийн хүмүүс марафон гүйлтэнд Г.Ундармаа гэдэг тамирчин түрүүллээ гэж ярихгүй, Монгол улс түрүүллээ, Монгол аварга боллоо гэж ярина. Би Монголынхоо нэрийг мандуулмаар байна. Нөгөө талаараа би Монголын түүхийг бичилцмээр байна.
-Ирэх жил дунд сургуулиа төгсөнө. Суралцах сургуулиа төлөвлөсөн үү. Ямар мэргэжлээр сурах гэж байна?
-Биеийн тамирын чиглэлийн сургуульд орж, тамирчин болно.
-Ярилцсанд баярлалаа. Мөрөөдөлдөө хүрч Монголынхоо нэрийг дэлхийд мандуулсан мундаг тамирчин, олимпийн аварга болохыг дүүдээ хүсэн ерөөе.
No comments:
Post a Comment