Wednesday, August 31, 2011

Дуучин болох зам минь Дуурийн театрын оёдолчноос эхэлсэн.

ДБЭТ-ын гоцлол дуучин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин Д.Долгормаатай хийсэн ярилцлагыг сонирхон уншина уу.


Ардын жүжигчин С.Гэндэн гуай Багшийн дээдийн кино, драмын ангид оюутан шалгаруулж авахаар Дорнод аймагт очжээ. Цөөн хэдэн хүүхэд шалгаруулалтад тэнцсэний нэг нь Баян-Уул сумын зоотехникч бүсгүй Д.Долгормаа байв. Хүүхэд байхын дуу, хөгжимд дурлаж, сумынхаа урлаг, уран сайханд алгасалгүй явдаг байсан түүний мөрөөдөл ийнхүү биелэх нь тэр. Энэ бол 1976 он байлаа. Гэхдээ тэрээр шалгуулж тэнцсэн кино, драмын ангидаа орж чадсангүй. Намар хичээлдээ хоцорч ирснээс болж хасагдах нь тэр. Ингээд хүссэн зорьсон сургуульдаа орж чадсангүй. Яагаад хичээлээсээ хоцорсон тухайгаа Д.Долгормаа дуучин “Урлагтай ямар ч холбоогүй тэс хөндлөн хөдөө аж ахуйн мэргэжилтэй хүн байсан. Тэгээд шалгаруулалтад орж тэнцчихээд сум руугаа очиж юм хумаа бэлтгээд хот ирэхээр болов. Тэгсэн чинь ёстой нөгөө Тожоо жолооч шиг мунгинасаар нэлээд удчихсан. Сум, орон нутгийнхан ч тийм амархан тавьж явуулах дуртай биш байлаа. Тэгж хөөцөлдсөөр хоцорчихсон. Дүрэм, журам хатуу байсан цагт хоцорч ирсэн оюутныг юу гэж хичээлд нь суулгах вэ дээ, шууд хасч орхисон” хэмээн дурссан юм. Энэ л хөгжилтэй гэмээр, басхүү ирээдүйн дуучин болох замналынх нь эхэн болсон дурсамжаар бидний яриа эхэллээ.
-Хичээлээсээ хоцорч ирээд, сургуульдаа орж чадалгүй ёстой л баларсан юм болж дээ. Тэгээд нутаг буцахаас өөр ямар сонголт байв даа?
-Дорнод нутгаас төрсөн алдарт дуучин, ардын жүжигчин Д.Жаргалсайхан манай садангийн хүн болох юм. Эхнэр нь миний нагац л даа. Тэгээд Д.Жаргалсайхан ах дээрээ очсон доо. Намайг дуулуулж үзээд хоолой бол байна гэсэн. Ингээд урамшиж, дуучин болохоор зорьсон. Дуурийн театрт анх орж дуурь гээчийг нь үзлээ. Би чинь хөдөөний хүүхэд. Тиймээс дуурь үзээгүй л явлаа шүү дээ. Тэгээд сүүлдээ дуурьт шимтэн дурласан даа. Яаж дуучин болж, энэ гайхамшигтай урлагт хөл тавих вэ гээд өдрийн бодол, шөнийн зүүд. Тэгсэн дуурийн театрт түр оёдолчин авна гэхээр очоод оёдолчин болчихлоо. Дуурийн хувцаснуудыг оёж, тэр завсраа мундаг дуучдын дуулахыг харж бахархаж, тийм болох сон гэж мөрөөддөг байлаа.

-Тэгээд мөрөөдлөө яах биелүүлэв?
-Багшийн дээдийн кино, драмын ангид элссэн ч хоцорсноос болж хасагдсан хүн чинь дараа жил нь найрал дууны ангид нь шалгалт өгч элссэн. Ингээд 1981 онд сургуулиа төгсч ДБЭТ-т хуваарилагдан ирснээр найрал дуучнаас гоцлол дуучин болтол тасралтгүй 30 жил дуулж байна даа.
-30 жил гэдэг урт хугацаа шүү. Олон дуурьт дуулсан байж таарна?
-Нэг л мэдэхэд 30 жил өнгөрчээ. Цаг хугацаа тун хурдан юм. Энэ хугацаанд 40-өөд дуурийн гол болон туслах дүрийг бүтээсэн байна лээ. Эрэгтэй хүний дүр ч бүтээж л байсан. Огт үг хэлдэггүй дүрд ч тоглож л байлаа.
- Тэр дундаас ямар дүрээ онцлох вэ?
-Дуурьт дүр бүтээнэ гэдэг асар их хөдөлмөр шаарддаг. Дүр бүхэн л сайхан. Би меццо сафрон хоолойтой. Энэ бол эмэгтэй хүний эрдүү хоолой л доо. Ийм хоолойн чадлыг жинхэнэ шалгадаг дууриуд бол Ж.Вердийн “Трубадур”, “Кармен” дууриуд. Энэ хоёр том дуурьт дүр бүтээснээ онцлох байх даа. Мөн одоо манай театрт Ж.Вердийн “Аида” дуурийг тавих гэж байна. Одоогоор энэ дуурьт дүр бүтээгээгүй байгаа. Гэхдээ ирэх намар ахиж тавихад нь дуулна даа.
-Сонгодог урлагт үнэнчээр зүтгэж, зөвхөн дуурьт олон жил дуулсан цөөн дуучны нэг нь та. Дууриа орхиод нийтийн дуу дуулдаг ч юмуу, эсвэл бүр өөр салбарт хүч үзээд явъя гэсэн бодол төрж байгаагүй юу?
-Үгүй дээ. 1990-ээд оны үед амьдрал хэцүү л байсан. Зарим хүн наймаа хийгээд явж л байлаа. Би тэгээгүй ээ. Нэг найз маань 50 мянган төгрөг өгье, тэгээд хамтарч наймаа хийе гэж санал тавьж байсан удаатай. Дуурьтаа хайртай, сонгодог урлагтаа үнэнч учраас театраас холдож чадаагүй ээ. Хаяад явчихаж зүрхлээгүй. Залуудаа бол дууриас бусдыг тоохгүй явлаа. Дуурийн дуучид хүүхэд гаргах эрхгүй шахам байсан.
-Урлаг бол нэг талаар харгис зүйл гэдэг шүү дээ. Урлагийн зарим салбарынхан цэл залуугаараа тэтгэвэртээ гарах ч энүүхэнд. Дуурийн дуучдын хувьд хоолой хөгширнө гэж байх уу?
-Зөв сайн тавилттай бол мэргэжлийн хоолой хөгширнө гэж байхгүй. Харин яван чангарна. Ардын жүжигчин Г.Хайдав багш 80 хүрчихээд дуулаад л явж байна шүү дээ. Миний хувьд одоо ч нас 50 гарчихлаа. Гэхдээ өөрийгөө хөгширлөө гэж огт боддоггүй. Дуурьгүйгээр амьдарч чадахгүйгээ мэдэрдэг. Бас сурсан мэдсэн жаахан юмаа хүнд хэлж өгөх сөн гэж бодоод сүүлийн үед багшилж байгаа.
-СУИС-д уу?
-Үгүй ээ. Хөгжим бүжгийн коллежид, бас “Сити” дээд сургуульд багшилж байна. Харьцангуй шинэ багш л даа. Одоо л анхны оюутнууд маань төгсөх гэж байгаа. Тэдэнтэйгээ хичээллээд суухаараа цаг өнгөрөхийг мэдэхгүй шүү дээ.
-Багш гэснээс та өөрөө зууны манлай дуурийн дуучин, ардын жүжигчин Ц.Пүрэвдорж гуайн шавь байх аа?
-Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар, XX зууны манлай дуурийн дуучин, дэлхийн алдарт таван басс хоолойтны нэг, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын конкурсын байнгын шүүгч Ц.Пүрэвдорж гэж тэр мундаг хүний шавь болсныгоо их хувь заяа гэж боддог. Багшийнхаа хүчинд өдий зэрэгтэй дуулж явна даа. Бас багшийнхаа зааж сургасан, захиж хэлснээр сонгодог урлагт үнэнч яваа гэж боддог. Багш маань бидний дуулах үндэс суурийг их зөв тавьсан.
-Багшийнхаа тэр арга барилаар одоо шавь нартаа хандаж байна уу?
-Багш их аажуухан, дуу цөөтэй, дөлгөөн тайван хүн байсан. Юманд нэг их яарахгүй. Суурийг нь л зөв тавьчихвал сайн барилга босно гэдэг шиг дуучдын суурийг нь зөв тавьж өгөхийг чухалчилдаг байсан. Тиймээс оюутнуудтайгаа уйгагүй ажиллана. Жижиг зүйлийг жижиг гэлгүй оролдоод л байна шүү дээ. Бид жаахан түргэдэх гээд, яарч тэмүүлдэг байсан байх л даа. Багш бол маш хянуур. Зөв суурь тавихад их анхаардаг байсан. Одоо шавь нартай болоод багшийнхаа энэ чанарыг их санадаг юм.

-Дуурийн дуучин хүний хувьд олон улсын уралдаан тэмцээнд хэр оролцож байв?
-Хойд Солонгост болдог хаврын баярт 2002 онд оролцсон. Энэ үеэр 30 гаруй орны дуучин оролцсон дуурийн дуулаачдын уралдаанд нь ари дуулж гранпри шагнал хүртэж байлаа. Мөн БНХАУ-ын Өвөрмонголын Хайлаарт болсон Монгол, Орос, Хятад гурван улсын дуурийн дуулаачдын уралдаанаас гранпри шагнал авсан. Гадаадын уралдаан тэмцээнд оролцсон нь гэвэл энэ л байна даа. Харин ОХУ-ын Красноярскийн дуурийн театрт зургаан сар ажиллаж, мэргэжил дээшлүүлсэн. Тэнд байхдаа олон дуурьт дуулсан. Монголдоо байхад хүрд эргүүлэх боломж олддоггүй ч гэмээр юм уу “Кармен”-ий гол дүрд дуулах боломж гардаггүй байсан. Гэтэл Красноярскийн театрт “Кармен” дуурийн гол дүрд дуулсан шүү.
-Зөвхөн дуурьтаа дуулаад яваад байгаа дуучдыг олон нийт төдийлөн таньдаггүй л дээ. Дуурийн дуучид ч олны танил болох сон гэсэн амбийц байдаггүй. Түүнээс хамаагүй дээгүүр үнэлэмжтэй хүмүүс шиг санагддаг?
-Сонгодог урлагт хүчин зүтгэж байгаа хүнд амьдралын аар саар асуудал, энэ тэрхэнийг анзаарах зав гардаггүй юм. Хүн төрөлхтөний үе үеийн оюуны сор бүтээлийг дуулна гэдэг нэр төрийн хэрэг шүү дээ.
-Гэхдээ энэ нь нийтийн дуу огт дуулахгүй гэсэн үг биш байх гэж боддог. Таны хувьд сүүлийн үед нийтийн дуу тэр тусмаа буриад дуу нэлээд дуулсан байх аа?
-Концертны дуу гэхээс илүү дуурьтаа цаг заваа зориул гэж багш маань хэлдэг байсан. Меццо сафрон хоолойг урлагийнхан сайн мэднэ дээ. Дуурийн гол дүрүүдэд дуулдаг. Би тухайн үед дуучны хувьд боловсроогүй байсан юм байлгүй, багш “Дуурьтаа үнэнч бай” л гэдэг байсан. Тэгээд багшийнхээ үгэнд ороод олон жил дуурьтаа үнэнч явсан. Тэгсэн чинь нэг удаа багш маань хэлж байна. “Чамд зохиолын нэг ч дуу алга. Бусад дуучдыг харж байна уу. Өөрийн гэсэн дуутай болчихсон байна” гэж байна. Тэгэхээр нь “Та өөрөө зохиолын дуу дуулахаар хоолой эвдэрдэг” гээд байдаг шүү дээ” гэж билээ. Яахав ганц нэг дуу дуулсан л байсан л даа, тэр үед. Тэгээд дандаа дуурийн хоолойгоор дуулчихдаг. Тэрийг хүн болгон сонсохгүй. Хөгжмийн зохиолчид ч тоож дуугаа ч өгөхгүй л байсан хэрэг. Хааяа “Морин хуур” наадамд л оролцож дуу дуулдаг байв. Ингээд багшийг тэгж хэлснээс хойш ганц нэг дуу дуулж эхэлсэн. Голцуу буриад дуу дуулдаг. Андреевийн дуунуудыг дуулсан. “Сүүн цагаан өргөө”, “Хайрхан уул” гэх мэт арваад дуугаа дүрсжүүлж олонд хүргэсэн.
-Ноднин жилийн “Морин хуур” наадамд таны дуулсан нэг дуу аман хүзүүдсэн байх аа?
-“Хамган буурал ижий минь” гэж дуу маань ноднин жилийн “Морин хуур” наадмын мэргэжлийн дууны төрөлд дэд байр эзэлсэн.
-Нэгэнд дууны уран бүтээлийн талаар ярьж эхэлснийх хэвлүүлсэн цомог, олонд хүргэсэн тайлан тоглолтын тань талаар асуухгүй өнгөрч болохгүй байх аа?
-Би уран бүтээлчийн хувьд их залхуу хойрго хүн. Зарим уран бүтээлч жил бүр л тайлан тоглолт хийдэг шүү дээ. Би анх 2001 онд “Сэтгэлийн дуу” гэж бие даасан тоглолт хийсэн. Дараа нь 2004 онд “Улз голын улаалзай” гэж тоглолт хийсэн. Эрдэнэт хотод бас тоглолт хийж байлаа. Орхон аймгийн Засаг дарга Г.Шархүү намайг урьж аваачин тоглолтыг маань зохион байгуулсан. Эрдэнэтийнхэн үнэхээр сайхан хүлээж авсан шүү. Төрсөн нутагт Дорнод аймгийнхаа Бөхийн өргөөнд мөн тайлан тоглолт хийж байсан. Одоо ирэх сарын 8-нд ДБЭТ уран бүтээлийн тоглолтоо хийхээр бэлтгэж байна. Энэ тоглолтоо саяхан гаргасан “Сонгодог эгшиглэхүй” хос цомог, “Буриад аялгуунууд” цомгуудынхаа нээлтэд зориулж байгаа.
-Сонгодог дуурь, буриад дуу аль аль нь эгшиглэх нь дээ?
-Тэгнэ. Дуурийн ари дуулна. “Кармен”-ий ариг дуулахад тайзан дээр тэр цоглог_ эрэмгий бүжиг нь явах жишээтэй. Ари, романс, дуу гээд юм юм сүлэлдсэн, бас жүжигчилсэн тоглолт болно. Миний шавь нар тоглолтод маань оролцоно. Хөгжим бүжгийн коллеж, “Сити” дээд сургуулийн шавь нар маань сонгодгуудыг дуулахаар бэлтгэж байгаа. Мөн “Гурван охин” хамтлагийнхан миний шавь нар байгаа юм. Тэ маань ая дууны мэндчилгээ дэвшүүлнэ.
-Дуучид тоглолт зохион байгуулах, цомог гаргах зэрэгт санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг юм билээ. Та энэ асуудлаа хэрхэн шийдэв. Дуурийн дуучныг сонсох гэж ирэх хүн ховор шүү дээ?
-Нэг үеэ бодвол сонгодог урлагт хөрөнгө оруулдаг оюунлаг бизнесмэнүүд олон болж байна. “Алтан тариа” компанийн захирал П.Цэнгүүний эхнэр Цацрал гэж сонгодог урлагт элэгтэй эмэгтэй бий. Тэрээр миний “Сонгодог эгшиглэхүй” цомгийг ивээн тэтгэж хэвлүүлсэн. “MCS”-ийн Энхцэцэг гэж эмэгтэй мөн дэмжлэг туслалцаа үзүүлсэн. “Мон нар” компанийн Сандр гэж манай нутгийн хүн бий. Тэрээр миний буриад дууны цомгийг ивээн тэтгэж хэвлүүлж байлаа. Энэ мэтээр урлагт элэгтэй олон хүн дэмжиж тусалсны хүчинд тоглолтоо хийж, цомгоо гаргаж яваа. Одоо болох тоглолтынхоо санхүүгийн асуудлыг шийдчихсэн болохоор сэтгэл өндөр байгаа.
Хөөрөлдсөн Г.Сонинбаяр

No comments: