Wednesday, August 31, 2011

Мартахгүй “Нисгэгчийн дуу”-гаа тэр тэнгэрийн оронд дуулж яваа

Г.Сонинбаяр


“Нисгэгчийн дуу”, “Мичид шүргэх Алтай”, “Дайчин нөхрийн дуу”, “Нас тогтох сайхан”, “Зөвлөлтийн дайчдын хөшөө”, “Тамсагийн цэнхэр хязгаар”, “Бөмбөг дэлбэрвэл аюултай”, “Налгар намрын уянга”… Энэхүү жагсаалт ард түмний сэтгэлд хоногшсон олон сайхан дуугаар цааш үргэлжилнэ. “Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо” киноны “Дайчдын аяны дуу”, “Хирошимагийн охины цаасан шувуу” гээд л. Үе үеийнхний сэтгэл зүрхийг эзэмдэж, өнөөдөр ч гэсэн дуулагдсаар байгаа эдгээр дууны эзэн бол Монгол Улсын гавьяат жүжигчин Дарьжавын Дашням агсан билээ.
“Суман цагаан хөлөг минь дүүлж явна аа хө
Суман цагаан хөлгөө бариад дуулж явна аа би” гэсэн мөртэй “Нисгэгчийн дуу” нь МИАТ-ынхны сүлд дуу болон Буянт-Ухаагийн дэнжид гэрэлт хөшөөнд мөнхөрсөн билээ. 1970 онд дуулсан энэ дуугаараа тэрээр олон нийтэд анх танигдаж, тэгэхдээ зүгээр нэг шинэ залуу дуучин биш хүчтэй, чадалтай хоолойтой, хосгүй авьяастай дуучин гэдгээ зарлан тунхагласан байдаг. Тухайн үед Монгол ардын армийн дуу бүжгийн чуулгад цахилгаан хөгжмийн хамтлаг дөнгөж байгуулагдаад байжээ. Д.Дашням дуучин өөрөө орган хөгжим дээр “Нисгэгчийн дуу”-ныхаа хөгжмийг тоглон, онгоц нисч буй мэт тэр их нүргэлэн өгсөх эгшгийн цувааг амилуулжээ. Уг дуу ийнхүү дуучны өөрийнх нь хөгжимдөж, дуулснаар Монголын радиогийн алтан фондод орсныг тэрээр хожим нь охиндоо ярьж байжээ. “Нисгэгчийн дуу”-гаараа ая эгшгийн тэнгэрт, ард түмний сэтгэлд авьяасын жигүүр дэлгэн ниссэн Д.Дашням дуучны уран бүтээлийн давалгаа цэрэг, эх орны сэдэвт бүтээлүүдээр үргэлжилсэн байдаг. Түүний дуулсан “Дайчин нөхрийн дуу”, “Зөвлөлтийн дайчдын хөшөө”, “Тамсагийн цэнхэр хязгаар” зэрэг дуунууд нь өнөөдөр ч гэсэн Бүх цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын “коронный номер” хэвээр байгаа юм. Дуучны охин Д.Ариунаа аавынхаа тухай ийн дурсч байна:

-Аав маань ховорхон авьяастай, дуулаачийн хувьд өөрийн гэсэн онцгой ур чадвартай хүн байсан. Их тэнүүн сайхан амьсгаатай. Дуучин хүнд байх хамгийн гол зүйл нь энэ байдаг. Амьсгаа хүрэлцээтэй, түүнийгээ зөв хуваарилна гэдэг чухал. Аав маань уртын дуучин багштай байсан болохоор амьсгааны урлагт сайн суралцсан байх.
-Уртын дуучин багштай байсан гэдэг сонирхолтой юм байна. Ямар дуучны шавь байсан юм бэ?
-Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва гуайн шавь байсан. Аав хөгжим бүжгийн сургуульд үлээвэр хөгжмийн ангид суралцаж байхдаа Ж.Дорждагва гуайн удирддаг дуулаачийн ангид давхар сурч байсан юм билээ.
-Уртын дуу дуулдаг байсан уу?
-Үгүй. Гэхдээ өөрөө хэд хэдэн уртын дуу зохиосон байдаг юм.
-Тийм үү. Ямар дуунууд байна вэ?
-“Янжинлхамын жаргалан” гэх мэт дөрөв таван уртын дуу бий. Эдгээр дуунуудыг нь гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг дуулдаг юм.
-Д.Дашням гавьяат дуучнаас гадна хөгжмийн зохиолч хүн байсан. Хэчнээн дууны хөгжмийг бичсэн байдаг юм бол?
-Монголын радиогийн алтан фондод аавын дуулсан 60 гаруй дуу бий. Мөн өөрийнх нь зохиосон дуу гэвэл 100 гаруй байгаа байх аа. Нийт 180-аад дуу радиогийн фондод байгаа. Би 20-иод дууг нь түүвэрлэн цомог гаргасан.
-Урын санд нь цэрэг, эх орны сэдэвтээ бүтээлүүд нэлээд жин дарах байх шүү?
-Тийм. Аав 1965-1968 онд цэргийн алба хаагаад, тэндээсээ шууд Монгол ардын армийн дуу бүжгийн ансамбль буюу одоогийн Бүх цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад дуучнаар орсон. Тухайн үед “Жаран хар” хэмээн алдаршсан найрал дууны анги анх байгуулагдсан юм билээ. “Жаран хар”-аас л дуучин болох гараагаа эхэлсэн гэдэг юм. Аавын зохиосон хөгжмийн томоохон бүтээлүүдийн нэлээд нь цэргийн чуулгын найрал дууныханд зориулагдсан байдаг. Өөрөө ч цэрэг, эх орны сэдэвтэй олон дууг дуулж амьдруулсан.
-Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Хилийн цэргийн чуулгынхан одоо ч гэсэн Д.Дашням гуайн дуунуудыг дуулсаар байдаг юм билээ?
-Аавын дуулсан дууг өөр дуучин дуулахад хэзээ ч илүү гарч чаддаггүй гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг юм. Гэхдээ олон сайхан дууг нь залуучууд дуулж байгаа. “Мичид шүргэх Алтай”, “Тамсагийн цэнхэр хязгаар” гээд л.
-Уртын дуучнаар дуулах эрдэм заалгаж явсан хүн Цэргийн чуулгад дуучин болж, цэрэг, эх орны сэдэвтэй уран бүтээл туурвих болсон нь учиртай л байх даа? -
Аав маань 1945 оны зургадугаар сарын 8-нд Дорноговийн Агаруут сумын нутагт, хилийн заставт төрсөн. Өвөө маань хилийн сумангийн улс төрийн орлогч хүн байсан. Цэргийн чуулгын дуучин болсон нь үүнтэй холбоотой байх. Гэхдээ уран бүтээлээ анх эхлэхдээ буриад шүлэгт аялгуу зохиосон байдаг юм.
-Тийм үү?
-Амарсайхан гэж хүний “Заhархамни” гэдэг буриад шүлэгт ая хийсэн. Анхны дуу нь тэр. Аав маань Дорноговь аймагт төрсөн ч Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул сумын уугуул, буриад хүн. Хөгжим бүжгийн сургуульд ороод сар болоод л дуу зохиогоод, хөгжим оролдож, гурван сарын дараа хөгжмийн найруулга хийж эхэлсэн гэдэг. Авьяас нь задарч эхэлсэн хэрэг байх. Багш нар нь ч их дэмждэг байж. Харамсалтай нь сургуулиа төгсч чадалгүй Дорнод руу буцсан. Өвөөгийн бие муудаад аавыг дуудсан юм билээ. Тэгээд Дорнод аймгийн театрт ажилласан. Тэнд байхдаа “Хурим” жүжгийн Боролдойд дуулж байсан гэдэг. -Дорнодын Баян-Уул, Баяндун, Дашбалбар сумынхны дунд ардынх юм шиг түгсэн олон сайхан дууг аав тань зохиосон байдаг. “Мартаагүйб” гээд сайхан дууг нь л гэхэд хүмүүс ардын дуу л гэдэг юм билээ?
-Буриад дуунуудыг нь би хүртэл ардын дуу гэж боддог байсан. “Мартаагүйб” дууг 1975 онд зохиосон. Үгийг нь Жамбалжамц гэж хүн бичсэн байдаг. Өнгөрсөн тавдугаар сард Дорнод аймгийн Баян-Уул суманд болсон “Бага Алтаргана” наадмын үеэр энэ дуунд нь зориулж хөшөө босгосон. Аавын маань дуунууд ард түмний зүрх сэтгэлд хөшөө болон үлдсэн гэж боддог.
-Буриад дуу хэр олныг зохиосон бэ?
-Буриад дуугаар нь бүхэл бүтэн түүвэр гаргасан. СУИС-ийн багш Г.Батцэрэн доктортой хамт гаргасан буриад дууны номд ихэнх нь аавын дуунууд байгаа. Аав ямар ч дууны шүлэг байлаа гэхэд ар талд нь буриадаар хөрвүүлж бичээд дараа нь аяыг нь зохиодог байсан.
-Та аавынхаа олон уран бүтээлийн анхны сонсогч болж байсан байх даа?
-Би ноот мэддэг болоод байсан үе юм. Нэг орой аав халамцуухан амандаа дуу аялаад ороод ирсэн. Тэгээд намайг цаас аваад шууд бич, ноот тэмдэглээд ав гэлээ. Би уцаарлаад, аав маргааш биччихгүй юу гэсэн чинь “Одоо бичихгүй бол мартагдчихна” гэж байсан. Одоо санахад тэр дуу нь Д.Хадбаатар аваргад зориулсон “Заяанд шингэсэн дүр” гэж дуу байсан. Шүлгийг нь ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай бичсэн. Эзэнтэй дууны уралдаанд энэ дуу хоёрдугаар байр эзэлж байсан. Мөн нэг зун амралтаараа Баян-Уулд очоод байлаа. Тэгсэн чинь цаасан шувууны тухай дуу гарсан гээд хүмүүс дуулаад л. Би түүнийг сурах гэж үзээд. Хотод ирсэн чинь тэр аавын зохиосон дуу болж таарсан.
-“Хирошимагийн охины цаасан шувуу” дуу юу?
-Тэгэлгүй яах вэ. Явуухулангийн Энхээгийн шүлэг шүү дээ. Энэ дуугаараа аав 1978 онд болсон улс төрийн дууны уралдаанд түрүүлж байсан. Тэр уралдаанаас аав мөн өөрийн зохиосон “Тэр цагт тэд залуус байсым”, Ж.Чулуун гуайн хөгжим “Бөмбөг дэлбэрвэл аюултай” дуугаараа хоёрдугаар байр эзэлж байсан.
-Хоёулаа дуучин, хөгжмийн зохиолч Д.Дашнямын тухай зөндөө ярилаа. Харин одоо эцэг хүнийх нь хувьд, өрхийн тэргүүн Д.Дашням гэдэг хүний тухай дурсвал ямар вэ?
-Аав маань их дөлгөөхөн, дуу цөөтэй хүн байсан. Юмаа хийгээд л сууж байдаг. Биднийг загнаж зандарна гэж огт байхгүй. Нэг эвгүйхэн том харахад нь л бид айдаг, ажлаа хийхэд нь саад боллоо гэж ойлгоод гүйлдээд л алга болдог байсан. Их зөөлөн, сайхан сэтгэлтэй хүн байсан даа.
-Та аавынхаа мэргэжлийн өвлөсөн юм байна шүү дээ. Дуу, хөгжмийн талаар аавтайгаа зөвлөлддөг байв уу?
-Би хөгжим судлаач, хөгжмийн онолын багш мэргэжилтэй. Энэ мэргэжлийг эзэмшээд ирэхэд аав минь их баярлаж байсан. Миний сураагүй юмыг охин минь сурлаа гээд л. Тэр үед би өөрийгөө голж байсан. Ийм мундаг авьяастай аавынхаа эн зэрэгт хүрэх яагаа ч үгүй байна даа гэж. Одоо ч гэсэн өөрийгөө голдог.
Д.Дашням агсан сайн дуучнаас гадна хөгжмийн зохиолч, хөгжмийн онол судлаач, бас жүжигчин хүн байжээ. Дуунаас дуурь хүртэлх хөгжмийн бүхий л төрөлд тэрээр хүчээ сорьсон байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Дарамзагд агсны дуусгаагүй орхисон “Нүүдлийн замд” дуурийг тэрээр гүйцээн бичиж, өөрөө нэг бүлэг нэмж дуусган тайзнаа тавьжээ. Үүнийг нь төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж Оросын дуурийн бүхэл бүтэн төлөвийг бүрдүүлэгчийн нэг Н.А.Римский-Корсаков алдарт М.П.Мусоргскийн дуурийн бүтээлүүд дээр ажилласантай зүйрлэсэн байдаг юм билээ. Д.Дашням гавьяат мөн соёлын гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргалын цомнолоор “Наалдан пад” үлгэрийн сэдэвтэй хүүхдийн дуурь, ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын цомнолоор “Тэнгэрийн зүүдний хүн” дуурь бичсэн байна. “Хамтаар дархалсан ялалт” магтуу, “Хар цас” оратори, “Есөн эрдэнийн эх орон”, “Тэнгэрийн зураг” “Гуравдугаар сарын 18” а-капелла зэрэг олон арван найрал дууны бүтээл, 300 гаруй дуу, дан хөгжмийн гоцлол болон үндэсний цөөхүүл симфони найрал хөгжимд зориулсан уран сэтгэмж, удиртгал зэрэг бүтээлүүдийг туурвижээ. Дуурийн театрт хэсэгхэн хугацаанд ажиллахдаа хэд хэдэн туслах дүр бүтээснээс төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн “Илдэн уулсын цуурай” ораторид бөөгийн дүрд дуулсан нь мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авчээ. Дорнодын театрт байхдаа Г.Цэндоржийн “Хурим” хөгжимт жүжгийн Боролдой, Э.Чойдогийн “Алтан зул” дуурийн Банзар ноён, “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийн худалдаачин зэрэг дүрд дуулж байсан гэдэг.
Энэ бүхний зэрэгцээ хөгжмийн онолын сурах бичиг зохиож, хөгжмийн тухай хэд хэдэн өгүүлэл бичиж, олон арван буриад дууг ноотлон, төгөлдөр хууртай дуулах найруулгыг нь бичин түүвэр болгон хэвлүүлжээ. Дуучны ур чадварын хувьд түүнийг мэргэжлийн хөгжмийн зохиолчид, урлаг судлаачид дахин төрөхгүй дуучин хэмээн магтсан байдаг. “Амьсгаа хуваарилалтын тал дээр түүний дуулсан дуунуудаас сонсоход үнэхээр гайхамшигтай, дууны үгийг маш тод бөгөөд аялгууны тухайлбар бүрийг тодорхой уран хийцтэй сийлбэр шиг торгон мэдрэмжтэй дуулдаг. Тухайлбарын төгсгөл, нюанс, темпийг нарийн тохируулж, маш нямбай дуулдаг нь гайхалтай” гэх мэтээр үнэлсэн нь олон. Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа “Д.Дашнямын дуулах урлаг гэвэл тусгай бие даасан эрдэм шинжилгээний сэдэв болмоор зүйл юм. Д.Дашням гэдэг дуучин Монголын гоцлон дуулаачийн урлагт эргэлт хийсэн гэж боддог. Өөрийн гэсэн дэг сургуулийг бий болгож чадсан дуучин гэж би ойлгодог” хэмээн бичсэн байдаг. Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Л.Мөрдорж гуай түүнийг ихэд үнэлж бичиж байжээ.
Д.Дашням дуучин 1978 онд “Баянмонгол” чуулгын уран бүтээлчидтай хамт тэр үеийн ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд болон Европын орнуудаар аялан тоглож, гадаадын үзэгчдийг байлдан дагуулж байжээ. Энэ тухай соёлын гавъяат зүтгэлтэн Д.Ухнаа, “Тэр үед Д.Дашням унгар, румын хэл дээр дуулж, үзэгчид маш сайхан хүлээж авч байсан. Тэнд явж байсан эстрадын дуучид дундаас өөрийнхөө өвөрмөц дүр төрхөөр онцгойрч байсан л даа. Үзэгчдэд бол маш сонирхолтой байсан. Д.Дашням маань микрофонд маш таатай, их аятайхан сонсогддог. Яагаад гэвэл өөрөө маш зөөлөн, хүчлэггүй, сайхан эвээр сэтгэлээсээ дуулдаг. Д.Дашням дуулах сайхан онцлогтой. Үгний дикц сайтай, үг болгон дээрээ ажиллаж чаддаг, үгээ маш сайн үзэгч, сонсогчдод хүргэж чаддаг. Бүр ахиулаад сонсмоор байдаг. Д.Дашнямын дуулсан дуу болгон хүний чихэнд цоортол орж байдаг онцлогтой. Өөрөө тухайн дуугаа судлаж, дуулж байгаа дуундаа зүрх сэтгэлээрээ орж дуулдаг. Д.Дашням бол дуулах урлагийг маш гайхалтай эзэмшсэн. Мөн хөгжмийн мундаг мэдрэмжтэй хөгжмийн зохиолч хүн. Авьяасаараа цойлон гарч ирсэн уран бүтээлч. Өөрийн гэсэн амьсгаатай, өөрийн гэсэн үнэртэй, өөрийн гэсэн дуулах арга барилтай, хэнийг ч дуурайгаагүй, байгалиас заяасан сайхан авьяастай дуучин. Хүний хувьд сайхан гүндүүгүй нэгэн монгол эр, олон таван үг ч байхгүй. Хүнийг магтлаа, хүнийг мууллаа гэж сонсогдож байгаагүй, байгаагаараа байдаг тийм л сайхан эр хүн” хэмээн дурссан байдаг. Д.Дашням гавьяат Европын орнуудаар аялан тоглолт хийж явах үеэр орос, румын, унгар, чех хэл дээр тухайн орныхоо ардын болон зохиолын алдартай дуунуудаас дуулж явсан гэдэг. Ялангуяа Ян Ференкелийн “Журавли” буюу “Тогоруун цуваа” хэмээх алдарт дууг орос хүмүүсийг уяртал дуулж байжээ. Энэ дууг тэрээр 1976 онд Монголын соёлын өдрүүдийн үеэр Москвагийн Их театрын тайзнаа дуулж байсан аж. Мөн тэрээр “С чего начинается родина”, “Русское поле” зэрэг орос дуунуудыг гайхамшигтай сайхан дуулдаг байв. Энэ тухай дуучны өөрийнх нь өдрийн тэмдэглэл, “Бүх тоглолтод 2-3 дахиулан алга ташиж байлаа. Чайковскийн зааланд дуугаа дуулсны минь дараа нэгэн эмгэн зориуд хүрч ирж гар барин уйлж байсан явдал хэзээ ч мартагдашгүй” гэсэн байна. Ю.Цэдэнбал дарга түүний дуулсан “Журавли” дууг нь сонсох маш дуртай байсан гэдэг.
Д.Дашням гавьяатыг алдаршуулан “Нисгэгчийн дуу”-тай холбоотой нэг бяцхан түүх өгүүлэхэд тэрээр тэнгэрт халихынхаа өмнөхөн МИАТ-ын шинэ жилийн цэнгүүнд уригдан дуулжээ. Энэ үеэр “Нисгэгчийн дуу”-гаа дуулахад нь танхим тэр аяараа даган түрж байсан гэдэг. Тэрээр “Би энэ дуундаа хамгийн их хайртай. Гавьяат авахын урьдал соёлын тэргүүний ажилтан байдаг бол миний хувьд МИАТ-ийн тэргүүний ажилтан болж байсан. “Нисгэгчийн дуу”-гаа 30 жил дуулж байна” хэмээн хэлж байжээ. Үнэхээр л 1982 онд тэрээр соёлын тэргүүний ажилтан цол аваагүй байхдаа шууд гавьяат жүжигчин цол хүртэж байж. Монголын дуу, хөгжмийн урлагт тэрээр авьяас хэмээх хөлгөөрөө дүүлж явсан энэ гайхамшигт дуучин эдүгээ тэнгэрийн орноо “Нисгэгчийн дуу”-гаа дуулж яваа буй заа.

Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Дашнямын уран бүтээлийн тухай урлаг, соёлын зүтгэлтнүүд ийн өгүүлжээ.

Төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн:
Дашням гэдэг нэр өлзий наран гэсэн түвд үг. Хүн доторхи “хүн” явсан миний сайн нөхрийн нэр. Энэ хүнийг мартваас бид бурхны өмнө нүгэлтнүүд болох авай... Энэ хүнээр бид битгий хэл Монгол дутдаг юм. Монголд Дашням шиг дуучин төртлөө нэлээн удах байх даа. Хөгжмийн зохиолчийн хувьд ямар ч дээд сургууль төгссөн хүнтэй зүйрлэшгүй, оранжировк, оркестрт сайн бичдэг, бүтээсэн дуунууд нь давтагдашгүй өөр өөр байдаг.

Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров:
Дууг хоолойгоор дуулахаас сэтгэлээр дуулах нь зүрхэнд илүү ирдэг гэдгийг хамгийн хүчтэй мэдэрч байсан дуучин бидний үеийнхэн дотроос Д.Дашням маань байх. Миний “Цагаан сарын шинийн нэгний тухай дуу”-г намдуухан сайхан дуулж радиод бичүүлж билээ. Дуучин хүн дуу зохиох нь дуундаа ойрхон байдагтай холбоотойгоор сайн дуу төрөх нь элбэг байдаг. Дашнямын дуунууд сайн гэдэгт багтаж орох ёстой дуунууд.


Төрийн шагналт, ардын уран зохиолч Ш.Сүрэнжав:
Д.Дашням бол урлагийн төлөө хамаг л байдгаа зориулсан хүн байсан даа. Ер нь бол дууг амьдруулж дуулах онцгой авьяас увидасыг ухааран эзэмшсэн хүн байсан юм. Жишээ болгоход “Тамсагийн цэнхэр хязгаар”, “Нисгэгчийн дуу” хоёрыг амьдруулахад энэ авьяас, увидас нь онцгой илэрсэн юм. Үгийн нугалаа, ая эгшиг, дууны үгийн яруу утга, дотоод сэтгэлийг өөрийнхөөрөө илэрхийлж, хүнд хүргэх шидийг эзэмшсэн хүн байлаа. Монголын дуулаачид, хөгжмийн зохиолчдын урын санд Д.Дашнямын оруулсан хувь нэмэр их бөгөөд түүнийг хэн ч үгүйсгэх аргагүй бизээ.


No comments: